Хоёр сая гаруй ам.долларын тусламж олгоно

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Т.Шимизү нар өнөөдөр Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн ноот бичигт гарын үсэг зурлаа. Япон улсын Засгийн газрын 2012 оны санхүүгийн жилийн хүрээнд 200 сая иен буюу 2 сая гаруй ам.долларын төслийн бус буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн аж. Манай улсын зүгээс тус тусламжаар эмнэлгийн тоног төхөөрөмж, сургалтын тоног төхөөрөмж авахаар Японы талтай тохиролцоод буй.

Энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд “Манай улс тус тусламжийг 1991 оноос хойш нийт 10 гаруй удаа авч байна. Төслийн бус буцалтгүй тусламж нь Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжихэд учирсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн бүтцийг сайжруулах, гадаад худалдааны алдагдлыг бууруулахад чухал дэмжлэг болж ирсэн” хэмээн онцлов.

Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламж нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг дэмжих, гадаад төлбөрийн балансын алдагдлыг багасгах, нэн яаралтай импортлох шаардлагатай бараа материалыг худалдан авахад зориулж олгодог буцалтгүй тусламжийн хэлбэр аж. Энэхүү тусламж нь гадаад төлбөрийн балансыг түргэн хугацаанд сайжруулах үр дүнтэй арга хэмжээ болдог хэмээн Японы тал үздэг байна.