Хоёр Солонгосын хэлэлцээр амжилттай болов

Хоёр Солонгосын албаны хүмүүс Каэсон үйлдвэрлэлийн бүсийг дахин нээх хэлэлцээрт зарчмын хувьд харилцан зөвшилцөлд хүрээд байгаа аж. Уг бүсийн үйл ажиллагааг бүс нутгийн зөрчилдөөний улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сард зогсоогоод байсан юм.

Хоёр Солонгосын харилцааны гол зангилаа, бэлгэ тэмдэг болсон Каэсон үйлдвэрлэлийн бүсийг хаасан нь хоёр орны улс төрийн сөргөлдөөн энэ онд хэр зэрэг хурцадмал байсныг харуулж буй хэмээн сэтгүүлчид хэлж байна. Хойд Солонгосын хувьд уг бүс орлогын гол эх үүсвэр юм. Өнгөрсөн сард энэ асуудлаар дээд хэмжээний уулзалт хийсэн боловч талууд харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй аж.

Албаны хүмүүс Каэсон үйлдвэрлэлийн бүсийг дахин нээж, цаашид үйл ажиллагаа нь тасалдахаас урьдчилан сэргийлэх, мөн уг бүсийн үйл ажиллагааг хэвийн байдалд нь оруулах зорилгоор энэ лхагва гарагт уулзалт төлөвлөсөн гэж Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Сү Хо сэтгүүлчдэд хэлсэн байна.

Хэлэлцээрийн хүрээнд Өмнөд Солонгосын компаниудын менежерүүд өөрсдийн үйлдвэртээ шалгалт явуулж, уг бүсэд эзэнгүй орхисон эцсийн бүтээгдэхүүн, түүхий эдээ хуучин байдалд нь оруулах зөвшөөрлийг олгохоор болжээ. Каэсон үйлдвэрлэлийн бүсийн үйл ажиллагааг зогсоохоос өмнө Өмнөд Солонгосын 120 орчим компани үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гурван сарын туршид өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг хараа, хяналтгүй орхиход хүрчээ.

Зарим компани үйлдвэрлэлийн бүсийг бүрмөсөн орхиж, өөрсдийн тоног төхөөрөмжөө татна гэж сүрдүүлж байсан боловч хэлэлцээр амжилттай болсноор бараа, бүтээгдэхүүндээ тооллого, шалгалт явуулж, тоног төхөөрөмжөө засвар, үйлчилгээнд хамруулах боломжтой болсон аж.

Каэсон үйлдвэрлэлийн бүсийг хааснаас болж Пхеньян 53 мянга ажилчнаа татахад хүрсэн бөгөөд тэр үеэс Өмнөд Солонгосын ажилчдыг худалдаа, үйлдвэрлэлийн бүсэд орохыг хориглох болсон юм. Харин Өмнөд Солонгосын ажилчдын хамгийн сүүлчийн хэсэг өнгөрсөн тавдугаар сарын 3-нд бүсээс гарсан байна.