Хоёр тахиа хогны эрэлд

Франц улсын хойд хэсэгт байрлах Пинс хотын захиргаа хотын өрх тус бүрт хоёр тахиа өгөхөөр болжээ. Энэхүү хачирхалтай “бэлэг”-ийн гол зорилго нь айл бүрээс гардаг органик хог хаядлыг багасгах аж.

Хотын захиргааны холбогдох хүмүүсийн хэлж буйгаар тахиа тус бүр жилд 150 килограмм хог боловсруулах гэнэ. Мөн тэд “цэвэрлэгч” тахианууд айл бүрт үнэгүй өндөг авах боломжийг бүрдүүлж байгаа нь өрхийн хүнсний зарцуулалтад тодорхой хэмнэлт үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм. Энэ төсөлд оролцох хүсэлтэй иргэдэд ирэх есдүгээр сараас эхлэн тахиануудыг олгож эхлэх юм байна.

Хотын захирагч Лиди Пасто хэлэхдээ “Эхлээд энэ санааг хошигнол л гэж бодож байлаа. Харин сайн тунгааж үзвэл тийм ч муу санаа биш болохыг нь ойлголсон” гэж орон нутгийн “France 3” телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр “Үүний бас нэг чухал зорилго нь хотын иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулах юм” гэсэн байна. Одоогийн байдлаар 20 гаруй өрх хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн байгаа аж.

Цаг хугацаа өнгөрөх тусам органик хог, хягдал ихсэх болсонтой холбогдуулан төслийн тахианууд үүргээ гүйцэтгэн хаягдал бууруулахад нэмэр болно гэдэгт төслийн багийнхан болон хотын захирагч найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Тэгвэл жижигхэн хотоос эхэлсэн энэ төсөл нь хил дамнан хэрэгжих болов. Франц улсын зэргэлдээ орших Бельгийн Вант улс “цэвэрлэгч” тахианы санааг дэмжиж хөдөөгийн оршин суугчдыг хамрах аян зохион байгуулжээ. Эхний ээлжинд Мүскрон хотыг сонгон тахиануудыг байршуулах боломжтой гэсэн өрхүүдэд нийт 50 тахиа тараасан байна. Төсөлд оролцогч гэр бүлд тухайн өрх хоёр жилийн хугацаанд тахиаг идэхгүй, өөр айлд өгөхгүй байх гэсэн шаардагыг тавьж байгаа юм. Мүскрон хотын байгаль, орчин хариуцсан хэсгийн дарга хэлэхдээ “Эхний ээлжний тараалт амжилттай болсон. Хэдийгээр энэ төсөлд иргэн бүрийг хамруулах боломжгүй ч хог, хаягдалтай тэмцэх нэг хэлбэр гэдэг утгаараа олон нийтэд таалагдаж байгаа. Үүнийг хог, хаягдлыг бууруулах менежментийн нэг хэлбэр гэж болно” гэжээ.