Хувьцаагаар санхүүжсэн бизнес маш хурдан хөгжинө

Сэтгүүлч Orkhon Gankhuyag

Фотог: Б.Бямба-Очир

Ангар. 39 жилийн тэртээ Эрхүү хотод мэндэлсэн нэгэн монгол хөвүүнд ижий аав нь их мөрний нэрийг хайрлажээ. Тухайн үед анхны үрээ өлгийдөн авсан Даваасүрэн гуай хүүгээ өдгөө бонд зарж, дампуурлын ирмэгт тулсан компаниудыг авраад явж байна гэж яахан төсөөлөх билээ. Сэтгүүлч бидний дунд Хөрөнгийн биржийн, бизнесийнхний дунд Новел инвестмэнтээр овоглосон түүнтэй ярилцаж түр амраад авсан үзгээ хурцлав. Бид санхүүгийнхнийг тооны машин, нүдний шилтэйгээр төсөөлдөг. Харин миний ярилцсан санхүүч өглөө бүр хүйтнийг үл ажиран туул голд сэлж эд эсээ сэргээж, ажилдаа явах замдаа “Никитон” сонсдог. Олон нийтийн сүлжээнд идэвхтэй Д.Ангарыг уншигчид андахгүй. Тэрбээр “Бусдад миний санхүүгийн бизнес л хэрэгтэй. Хувийн юм хувийн л байх ёстой” гэх үзэлтэй. Эзэмшсэн мэргэжилдээ дуртай.Тиймээс ажлаа ярихыг илүүд үзэж хэвлэлд хувь хүн талаасаа тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй нэгэн. Монголд санхүүгийн зах зээлийг зөв замаар хөгжүүлэхийг зорьж яваа түүний гол зэвсэг нь шинэ санаа, санаачилга. Алсын хараа ийн тодорхой тул санхүүгээс өөр ном унших зав үгүй аж. Гагцхүү дэлхий дээр санхүүгийн ямар шинэ бүтээгдэхүүн бий болж байгааг тэр эрж эрэлхийлж явна. Тэрбээр 2011-2014 онд Лондон дахь Элчин сайдын яаманд Худалдаа эдийн засгийн зөвлөх, 2014-2015 онд Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан. Харин санхүүгийн салбарт хувийн бизнесээ эхлүүлээд хоёрхон жил болж байгаа ч чамгүй ажилтаар хөтлөгдөн явна.

-Та бизнест орох болсон шалт­гаанаа бидэнтэй хуваалцана уу?

-Монголын санхүүгийн зах зээлд ямар ч хөгжил алга. Хөгжлийнхээ үе шатаар явсаар банк давамгайлсан, хөгжүүлдэг биш хүүлдэг систем болчихсон. Эндээс санхүүгийн зах зээлийн зөв хөгжилд бизнесийн маш том орон зай байгааг олж харсан.Тиймээс л хөл тавьсан.

-Ганц ширээ сандалтайгаар энэ бизнесээ эхлүүлж байсан тухай та цахим хуудсандаа дурссан байсан. Өнгөрсөн хугацаанд таны бизнест хэр ахиц гарав?

-Миний мэргэжил санхүүч. Санхүүгийн бизнес эрхлэхэд том дэд бүтэц, их хөрөнгө шаардлагагүй. Ерөөсөө л мэдээлэл хэрэгтэй. Сүүлийн үед мэдээлэл улам хямдхан болчихлоо. Нэг үгээр, энэ салбарт шууд орж болж байгаа юм. Бусад төрлийн бизнес шиг заавал эхлэлийн хөрөнгө шаардахгүй. Санхүүгийн бизнест ширээ, сандал, компьютер гурав л байхад хангалттай.

Хоёр жилийн өмнө ингэж эхэлж байсан бол өнөөдөр 10 гаруй хүн цалинжуулдаг боллоо. Хөрөнгө оруулсан жил нэг компани маань арилжааныхаа дүнгээр Монголын хамгийн том үнэт цаасны компани болсон. Мөн Монголын томоохон хэд хэдэн компанид бонд босгож өгдөг талбар бий болголоо. Сая л гэхэд “Орчлон констракшн”-ы захирал ирээд санхүүжилтын талаар ярилцаад явав. Ямар ч байсан санхүүгийн зах зээл дээр хоёр жилийн дотор тодорхой хэмжээнд хөлөө олчихсон гэж дүгнэж байна.


“Орчлон констракшн”, “Модерн номадс”, “Лхамур” зэрэг компанийн захирлууд шууд хөрөнгө оруулагчтайгаа холбогдож нөхцөлөө тохиролцон санхүүжилтээ босгосон.

-Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тэргүүний алхам нь юу байвал зохилтой вэ?

-Санаачилга. Хөрөнгийн зах зээлд хууль, дүрэм журам, дарга цэрэг гэсэн ойлголт байдаггүй. Хүний санаачилга, инноваци байдаг. Бусад улс оронд ч ийм замаар хөгждөг. “Хэн бусдаас түрүүлж, өөрөөр сэтгэж чадсан нь” гэдэг тогтолцоон дээр хөрөнгийн зах зээл хөгждөг. Гэтэл манайд энэ зах зээл анхнаасаа буруу хөгжсөн. Ягаан, цэнхэр тасалбар гээд үнэгүй хувьчлал дээр тогтчихсон. Миний харснаар хөрөнгийн зах зээл бол иргэдийн чөлөөт харилцаа.

Бид хүн мөнгөө хаашаа хөрөнгө оруулахаа Санхүүгийн зохицуулах хорооноос асуудаг гэсэн ойлголттой байсан. Гэтэл СЗХ нь торгоно, цуцална гэдэг үг л мэддэг учир энэ зах зээл хөгжсөнгүй. Миний харснаар энэ зах зээл хуулийн болон иргэдийн санаачилгын хүрээнд л зөв хөгжих ёстой. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой хэмжээнд батлагдаад явж байна. Монголд хөрөнгийн зах зээл хөгжих бүх боломж, нөхцөл байна.

Манайхан энэ зах зээлийг зөвхөн хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо гэж ойлгодог. Биш ээ. Хөрөнгийн зах зээл гэдэг нь мөнгөтэй хүн мөнгө шаардлагатай хүн хоорондоо хэрхэн холбогдож байгаа л асуудал. Биржээр дамжиж холбогдож болно. Бирж, Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм журам нь ойлгомжгүй бол хоорондоо шууд утсаар холбогдож санхүүгийн арилжаа хийж болно шүү дээ. Үүнийг л би гаргаж ирсэн.

“Орчлон констракшн”, “Модерн номадс”, “Лхамур” зэрэг компанийн захирлууд шууд хөрөнгө оруулагчтайгаа холбогдож нөхцөлөө тохиролцон санхүүжилтээ босгосон. Заавал Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваад Хөрөнгийн бирж дээр цаг алдах шаардлагагүй. “Лхамур” л гэхэд нэг цагийн дотор мөнгөө босгосон жишээтэй.

Гэхдээ нэг ч хуулийн заалт зөрчиж болохгүй. Учир нь миний хийж байгаа бизнес цэвэр нэр хүндийн, итгэлцлийн бизнес. Намайг алдаасай, түүн дээр нь дөрөөлж зогсооё гэсэн хүн олон байна.

-Ямар хүмүүс эсэргүүцэж байна вэ?

-Яг ингээд ажил хийгээд ирэхээр хөрөнгийн зах зээл гэж ярьдаг хүмүүс нь өөрсдөө их дайрдаг юм байна. Намайг шинэ бүтээгдэхүүн санаачлахад хамгийн их дургүйцэж худал мэдээлэл түгээж явж байгаа нь хөрөнгийн зах зээлийнхэн өөрсдөө. Бүр тодорхой хэлэхэд, Арилжаа эрхлэгчдийн холбоо гэдэг байгууллага хоёр жилийн турш худал мэдээлэл тараалаа гэж Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан.

Компаниуд иргэд, олон нийтээс мөнгө босгож байж бага хүүтэй санхүүжилттай болно гэдгийг дэмжсэн хамгийн анхны үйлчлүүлэгч маань "Говь" ХК. Гэтэл эл компани бонд босгоход нөгөө хэдэн брокерын компаниуд нь "Говь" компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр зохион байгуулалттайгаар очиж хэрүүл үүсгэж байх жишээтэй. Орчин ийм л байна. Гэхдээ би үүнд огт санаа зовохгүй. Энэ бол зах зээлээс шахагдаж байгаа хэдэн нөхдийн үйлдэл.

Бүх улс хөгжлийнхөө шатанд хүүлэлтийн эсрэг хууль гаргаад үүнийг үгүй болгосон. Ийм хуульгүй ганц улс нь Монгол.

-Та олон аж ахуйн нэгжийн жинхэнэ төрхийг харсан байх. Өнөөдөр Монголын бизнесийн орчин ямар байна вэ?

-Улс орны хөгжлийн гол хүч нь аж ахуйн нэгж байдаг. Америкийг “Кока кола”, “Макдоналдс”, “Амазон” зэрэг компаниуд л хөгжүүлж байна. Хятадыг ажиллах хүч, өдөр шөнөгүй ажиллаж байгаа үйлдвэрүүд нь хөгжүүлж байгаа. Улсын хөгжил, үндэсний аюулгүй байдлын цаана аж ахуйн нэгж байх ёстой. Аж ахуйн нэгжгүй бол улс үгүй. Төрийн санхүүжиж байгаа татварыг аж ахуйн нэгж л төлдөг биз дээ. Тиймээс аль ч улсын төрийн бодлого аж ахуйн нэгжүүдээ дэмждэг. Хятадын төрийн тэргүүн зээлийн хүүг яаж бууруулж аж ахуйн нэгжүүдээ дэмжих вэ гэж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сард дор хаяж нэг удаа хөрөнгийн зах зээл, компаниудынхаа талаар жиргэж байна. Бусад орны Сангийн сайд, Төвбанкных нь Ерөнхийлөгчид нь яаж зээлийн хүүг бууруулах, аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих, экспортод гарах боломжийг нь нээж өгөх талаар ярьдаг. Энэ л төр. Аж ахуйн нэгж нь сайн татвар төлж байж төр байна.

Манай эдийн засаг “Хүүлэгч эдийн засаг” болчихоод байна. Насаараа төрийн албанд ажилласан, орлогын эх үүсвэр нь тодорхойгүй хэрнээ хөрөнгө нь хэдэн тэрбумаар хэмжигддэг. Эдний орлогын эх үүсвэр нь хүүлэлт эсвэл авлига. Ийм хүмүүс нь аж ахуйн нэгжээ боддоггүй учраас Монголын төр зээлийн хүүг бууруулах бодлогыг 27 жилийн турш явуулсангүй. Харин ч өсгөдөг. Энэ бодлогынх нь уршгаар аж ахуйн нэгжүүд сөхөрч уналаа. Сүүлийн таван жилийн хугацаанд санхүүгийн хүндрэлд орж хаалгаа барьсан компаниудтай уулзвал маш эмгэнэлтэй дүр зураг харагдана.

Би сонирхлынхоо хүрээнд нэг жижиг бизнес эхлүүлсэн. Үндсэн бизнес биш л дээ. 9911-тэй дугаар барьцаалж зээл олгож байгаа. Монголын ТОП 100, 150 аж ахуйн нэгжид багтаж байсан шилдэг компаниудын захирлууд өнөөдөр гар утасныхаа дугаарыг барьцаалж, 10 сая төгрөгийн зээл авч байна шүү дээ. Манай томоохон компаниуд цалингаа тавьж, өрөө дарахын тулд тавхан мянган долларын зээл авах болтлоо сөхөрчихөөд байна. Гэтэл үүнийг төр огт тоохгүй байна. Аж ахуйн нэгжээ боддог төр, улс төрийн хүчин гэж алга.Энэ ужиглавал Монгол Улс өөрөө үгүй болно.

-Тэгвэл эдийн засгаа аврах гарц нь компаниудаа дэмжих гэж харж байна уу?

-Зөвхөн эдийн засаг биш улсаа хөгжүүлэх гарц нь компаниудаа дэмжих, хүүлэлтээс нь салгах юм. Миний үндсэн бизнес сүүлийн хоёр жилд Засгийн газрын бонд зарж байна.Энэ бизнесийн гол харилцагчид нь Монголын чинээлэг иргэд. 100, 200 саяын хөрөнгөөрөө Засгийн газарт хөрөнгө оруулж байгаа хүмүүс. Гэтэл үүнийхээ хажуугаар зээл олгодог бизнес эрхлээд ирсэн бодит дүр зургийг бүр сайнаар олж харсан. Монгол хүүлэлтэд живчихсэн байна. Хэн ч үүнийг засч залруулъя гэж ярихгүй байгаа нь хамгийн эмгэнэлтэй.

Өнөөдөр ББСБ-ын зээл сарын 5-10 хувьтай. Бүхэл бүтэн төрөөс тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн байгууллага шүү дээ. Үүгээр зогсохгүй тэр компаниуд нь дандаа хууль зөрчдөг. 10 хувийн хүүтэй зээл олгочихоод хүүгээ хувь хүний дансаар авдаг. Санхүүгийн зохицуулах хороонд тэр мэдээ нь очдоггүй. Санхүүгийн зохицуулах хороо манай ББСБ-ын зээлийн дундаж хүү 3.6 байдаг гээд төөрөөд явж байна. СЗХ зохицуулж байгаа байгууллагынхаа хэдэн хувийн зээл гаргаж байгааг нь ч мэдэхгүй байна.


Банк мөн л төрөөс зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл банкны зээл 30-40 хувь. Юу гэсэн үг вэ. Гэтэл ломбард жилийн 200-300 хувь. Тэр байтугай өдрийн хүү буюу лангуу барьцаалсан зээл гэж бүх захуудад байна. Жилийн хүү нь 700 хувь. Энэ бүгдийн цаана төрийн дарга нар л байгаа учир хүүлэлтийг зогсоох, хүүг буулгах гэсэн бодлого барьдаггүй. Бүх улс хөгжлийнхөө шатанд хүүлэлтийн эсрэг хууль гаргаад үүнийг үгүй болгосон. Ийм хуульгүй ганц улс нь Монгол.

Одоо цаг нь болсон. Миний тооцоолсноор банк жилийн 10 хувьтай зээл гаргах боломжтой. Үүнийг төрөөс шаардах ёстой. Судалж үзэхэд, ихэнх ломбардын цаана төрийнхөн байна. Түүнчлэн компанийн захирлууд өөрсдөө хүүлэгч болчихсон байгаа нь эмгэнэлтэй.

-Хямралаар далимдуулж илүү их ашиг харж энэ зам руу ороод байгаа юм биш үү?

-Би үүнд үнэндээ итгээгүй. Монголын томоохон компанийн захирал ломбардны дарга болчихсон сарын 5-10 хувиар мөнгө хүүлээд сууж байна. Ингэж болохгүй. Үүнийг ганцхан төр л хүүлэлтийн эсрэг хуулиар дийлнэ. Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрчихсэн.Энэ хэвээр явбал 20 жилийн дараа Монгол Улс үгүй болно. Яагаад гэвэл татвараа төлж дийлэх аж ахуйн нэгж байхгүй болно. Ингэхээр нөгөө олон бондынхоо төлбөрийг төр төлж дийлэхгүй.

Хүүлэлтийн уршиг бидэнд мэдрэгдээд эхэлсэн. “Евро” бондыг зуун хувь дахин шинэ зээл авч төлсөн. Энэ нь татварын орлого бүрдэхээ байсныг илтгэж байгаа юм. Татвар төлөх хүнгүй болчихоод байна. Учир нь босож өндийж байсан компаниудыг хүүлэлт гэдэг юм дээрээс нь дарчихсан. Тухайлбал, “Сүү” ХК-ийн шилдэг бэлтгэн нийлүүлэгчээр шалгарсан компани өнөөдөр банкны хүүгээ төлж дийлэхгүй дампуурчихсан байна. Бүх ажилчдаа тараагаад, үнээгээ махлаад зарчихсан. Өнөөдөр төр зуун хувь өрөөр санхүүжиж байна. Гадаад бондоор төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж, дотоодын бондоор цалингаа тавьж байна.

-Та энэ дохиог төрд хүргэх талаар ажил хийв үү?

-Нэг сайн тал нь хоёр хүчнээс гишүүд холбогдож эхэлж байна. Энэ хүүлэлтийн эсрэг хууль дээр хамтарч ажиллая гэж байна. Үүнийг зөв эхлэл гэж харж байгаа. Уг нь үүнд улс төржих хэрэггүй. Энэ бол аль ч намын асуудал биш. Хэн нэг нь уначих гээд байх асуудал биш. Хүүлэлтийн эсрэг хуулийг хоёр том нам хамтраад гаргаачээ гэж уриалмаар байна. Миний тооцоолж буйгаар банкны зээлийн хүүг 10, банк бусыг 24 болгох хэрэгтэй. Төрд эрхэлсэн хэдэн банк бус санхүүгийн байгууллага бий. Одоо аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалтай байна. Хүүлдэг хэд нь л арай гайгүй байх.

-Сүүлийн үед та хүнсний салбарт хөрөнгө оруулж байгаа гэсэн.

-Хүндэрсэн, хүнд байдалд орсон хүнсний компаниудад санхүүжилтын зөв эх үүсвэрийг нь олж өгч байна. Өнөөдөр хүлэмжийн компаниуд бүгд маш хүнд байдалтай байна. Учир нь Засгийн газар хүлэмжийн аж ахуй эрхэлсэн нэгжид Чингис бондоос 3.8 хувийн хүүтэй зээл олгоно гээд банктай нийлээд хулхидчихсан. Үүнд итгээд ортол банкны 30 хувийн хүүтэй зээл хүчээр авахаар болчихсон.

Судлаад үзтэл манайд маш том системийн асуудал байна. Банкууд бүх бизнес рүү ороод эхэлчихэж. Тэд бизнесийг худалдаж авдаг болчихсон. Хүнсний салбарт тэр дундаа, хүлэмжийн бизнест бүх банк орчихож. Тэр банкны, тэр захирлын хүлэмж, газар гэж ярьдаг болж.Бүх ашигтай бизнесийг банкууд булааж байна. Ингэж чадахгүйгээ өндөр хүүтэй зээл өгч байгаад сөхрүүлээд хураадаг. Яг ийм байдалтай болсон нэг компанийг хувьцаагаа гарга, тодорхой хувиа зар гэсэн санхүүгийн зөвлөгөө өгсөн. Одоо сэргээд явж байна.

Банкууд бизнес рүү орохоор компаниуд өрсөлдөх чадваргүй болоод унаж байна. Зээл авсан нь дампуураад, банкных нь томроод байна. АНУ 1920 он хүртэл яг ийм жишгээр явсан. 1929 оны АНУ-н хямрал банкнаас үүдэлтэй. Банкууд ингэж орохоор зах зээлийн гажуудал үүсч өрсөлдөөнийг боомилдог. Тиймээс АНУ банкыг бизнес рүү орохыг хуулиар хориглосон. Одоо Монголд үүнийг хийхгүй бол банкууд ногоо тарьж, гахай үржүүлж, ресторан ажиллуулж байна. Хүлэмжээс эхлээд уул уурхай руу хүртэл банк орох юм бол энэ эдийн засаг явахгүй.

-Та хөрөнгийн биржийг 15 сар удирдсан. Тухайн үед хийсэн хамгийн том ажил юу байв? Бирж цалингаа тавьж чадахгүй байдалтай байсан хүнд үед очсон шүү дээ.

-Захирал болоод миний гаргасан эхний шийдвэр ажилчдын цалинг 30 хувь бууруулсан. Өөрийнхөө цалинг ч хассан. Яагаад гэвэл цалин тавих мөнгөгүй болтол нь дампууруулаад орхичихсон байсан. Тухайн үед ашиг олох ганц боломж нь Засгийн газрын бонд. Зөвхөн арилжааны банкууд Монголбанк дээр хувааж авдаг зүйлийг нь Хөрөнгийн бирж рүү оруулж ирсэн. Энэ миний 15 сарын хугацаанд хийсэн гол ажил. Уг нь Засгийн газрын бондыг залгуулаад компанийн бонд гэдэг зүйлийг оруулж ирэхээр төлөвлөж байсан ч харамсалтай нь шинэ Сангийн сайд ажлаа өг гэсэн хүсэлтийнх нь дагуу өгсөн. Харин одоо компанийн бондыг Хөрөнгийн биржээр биш иргэдийн шууд талбар дээр хийгээд явж байна.

Хөрөнгийн биржийг зөв удирдвал маш ирээдүйтэй байгууллага. Өмнө нь Хөрөнгийн биржийг хувьчилбал бид хувьчлалд оролцоно гэдгээ илэрхийлсэн. Яг авъя гэхээр манай төр хувьчлахаа больчихдог юм байна. Тавхан тэрбум төгрөгөөр хувьчлах гэж байсан нь нэг хүнд зориулсан хувьчлал байсан. Биднийг орно гэхээр хувьчлахаа больсон. Одоог хүртэл хэзээ хувьчлах нь тодорхойгүй. Гэхдээ бид хөрөнгийн биржийг хувьчилж авах нь тодорхой. Бид гэдэг нь олон нийт. Хөрөнгийн биржийг аваад харин жинхэнэ Хөрөнгийн бирж шиг хөгжүүлнэ. Компаниуд нь хөрөнгийн биржээс бонд босгодог энэ чиглэлээр хөгжүүлэх учиртай.

-Гар утасны дугаар барьцаалсан зээлийг хүмүүс их авч байгаа харагдсан?

-Маш их авч байна. Учир нь би хүүг нь буулгасан. Сарын 5-6 хувь байсан хүүг 1.99 хувь болгосон. Тэгэхээр хүмүүс авалгүй яах вэ.

-Хугацаа нь?

-Тухайн хүний санхүүгийн хэрэгцээгээр. Зүйрлэбэл, 1.99-ээс бага үнэтэй талхыг өнөөдөр 500-600 зарим нь 1000 төгрөгөөр зарж байна. Машин барьцаалсан зээл олгож эхэлсэн. Бидний харж байгаагаар манай зээлийн багц таван жилийн дотор 100 тэрбум хүрэх байх.

-Одоо хэдий хэр болоод байна?

-Гурван тэрбум гаруй байна.

-Танайд аж ахуйн нэгжүүд их хандаж байна уу?

-Тийм ээ. Тэдний дундаас маш сайн судалсны үндсэн дээр найдвартай, ирээдүйтэй компаниудыг зах зээлд гаргаж байна. Олон компани хандаж байгаа ч зарим нь эрсдэлийн судалгаагаар тэнцэхгүй байна. Ер нь таван жилийн хугацаанд Монголын ихэнх компани хөрөнгийн зах зээлд орж ирнэ.


Mongolian Economy сэтгүүл 2017 оны аравдугаар сар /133/ дугаараас