Хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоолоо. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072 хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлэн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тооцохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Монгол Улсын иргэнд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг баталгаажуулж “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт бичилт хийх юм байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийхдээ “Манай Засгийн газар баялгийн шударга хуваарилалтын зарчмыг тодорхойлж, суурийг нь тавилаа” гэж онцолж байлаа. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийт 363 мянган иргэндээ нэг сая төгрөгийг бэлнээр олгох шийдвэр гаргаад “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн. Нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт энэ ажил жигдэрч эхэлжээ. Энэ сард багтаан бэлэн мөнгөө олгож дуусах юм байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийт иргэддээ 1.5 сая төгрөгтэй тэнцэх хишиг, хувь олгохоор тогтжээ.