Хувьцааны талаарх мэдлэгтэй болгох хөдөлгөөн эхэлжээ

Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Монгол орны зүүн бүсэд ажиллаж байна. Иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцаа эзэмшигч болсонтой холбоотой орон нутгийн иргэдэд санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг түгээхээр хувьцааны сургалт зохион байгуулж байна. Түүнчлэн холбогдох албаныхан брокер дилерийн компанийн үйл ажиллагаа хөдөөд хүрч байгаа эсэхэд дүгнэлт өгч, орон нутагт дахь санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажлыг давхар амжуулах аж.

Ажлын хэсэг өнөөдөр Говьсүмбэр аймагт ажиллах бөгөөд энэ долоо хоногт Улаанбаатар ирэх гэнэ. Ирэх сараас хойд бүсийн Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт ажиллахаар төлөвлөжээ. Харин говийн бүсийн аймгуудад 2013 онд ажиллах юм байна. Орон нутагт брокер дилерийн компанийн салбар байгуулах, иргэдэд санхүүгийн зах зээлийн мэдээллийг хүргэхэд тулгамдаж буй асуудлыг ч давхар шийдэх юм байна. Улаанбаатар хотод 70 гаруй брокер диллерийн компани үйл ажиллагаа явуулж байгаа бол хөдөө, орон нутагт хөрөнгийн захын үйлчилгээг зуучлах байгууллага хомс байгаа нь тулгамдсан асуудлуудын нэг болохыг СЗХ-ны Ажлын албаны дарга Х.Бум-Эрдэнэ онцоллоо.


Дээрх үйл явдалтай холбоотойгоор эдийн засаг, санхүүгийн зарим мэргэжилтнээс ирэгдэд санхүүгийн боловсролыг хэрхэн богино хугацаанд хялбар хүргэх боломжтой талаар сонирхлоо.

Б.Болд/Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга/:
- “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хуваарилсанаар иргэнийг тодорхой хэмжээний хариуцлагатай хувьцаа эзэмшигч болгож байна. Хүн болгон хувьцааг сонирхоод эхэлчихлээ. 1930,1940-өөд онд ард иргэдийг соён гэгээрүүлэх “улаан гэр” шиг хувьцааны талаар хөдөлгөөн өрнөж байна.
СЗХ болон Монголын хөрөнгийн биржийн зүгээс тавьж байгаа шаардлага бол манай томоохон брокер диллерийн компаниуд нэгдүгээрт, өндөр мэдлэг, боловсролтой, мэргэжлийн төвшинд чадварлаг ажиллах ёстой. Хувьцаа авна гэдэг чинь хадгаламж биш шүү дээ. Хадгаламж бүрдүүлэх гэж хүн хувьцаа авдаггүй. Хувьцаа унаж ч болно. Өсөж ч болно.

Хувьцааны зах зээлийн хөгжлийн нэгдүгээрт, тавих асуудал нь хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигчийн боловсрол. СЗХ-ны вэб сайтад “Санхүүгийн хөтөч” гэсэн 177 хуудас маш энгийн хүнд ойлгомжтой байдлаар хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээлийн бүх тоглогч нарын талаар мэдлэг өгөхүйц гарын авлага бэлдсэн байна билээ. Энэ нь өөрөө олон хүний хөдөлмөр орсон, оюуны хөрөнгө оруулалт учраас танай mongolianeconomy.mn сайтаар дамжуулж ард түмэнд хүргэмээр байна. Санхүүгийн зохицуулах хорооны вэб сайт нь www.frc.mn гэж бий. Үүнийг үзэх хэрэгтэй.

Л.Оюун /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор/:

-Монгол Улс хэдий цөөхөн хүн амтай ч гэсэн өрсөлдөх чадварын орон зайг нөхөж болох хүчин зүйл нь боловсрол. Ялангуяа, иргэдэд санхүүгийн боловсролын асуудал чухал байна. Зөвхөн манай улс ч гэлтгүй, Европын холбооны орнууд ч ард иргэдийнхээ санхүүгийн боловсролд ихээхэн анхаарч байна. Бага, дунд, ахлах анги, оюутан, ажил эрхлэгчдэд чиглэсэн гээд тусгай хөтөлбөрөөр иргэддээ санхүүгийн боловсролыг олгож байна. Гэтэл манайд ядуурлыг бууруулах чиглэлээр өчнөөн төсөл хэрэгжиж, хэдэн зуун тэрбум төгрөг зарцууллаа шүү дээ. Үүний үр дүнд нь ядуурал буурсангүй. Боломж, бололцоог ашиглах санхүүгийн боловсрол, мөнгөний үнэ цэнэ, бусад хөрөнгө мөнгөний зарцуулалтаа манайхан хийж чадахгүй байна . Тиймээс санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг бүрэн төгс өгөхийн тулд алсдаа Европын туршлагыг баримтлах нь үр дүнтэй.