Хувьцаа буурсан нь түгшүүр даллаж байна

Wall Street-ийн хувьцаа 0,8 хувиар, ХБНГУ-ын хувьцаа 3,4 хувиар, Франц 2,8 хувиар мөн Их Британийн хувьцаа 1,9 хувиар тус тус буурчээ. Иймээс хөрөнгийн биржид “цаг агаар” тааруу байгаа талаар BBC агентлаг мэдээлж байна. Учир нь, Франц болон Нидерланд улсад үүсээд буй улс төрийн тогтворгүй байдал мөн аж үйлдвэрлэл буурсан нь хөрөнгө оруулагчдыг итгэл алдархад хүргэжээ.
Өнгөрсөн ням гарагт Францын Ерөнхийлөгч Н. Саркози сонгуулийн эхний тойрогт өрсөлдөгч Франсуа Олландад ялагдал хүлээсэн. Харин Нидерландын вант улсад улсын төсвийн талаарх хэлэлцээр амжилтгүй болсон зэрэг нь дэлхийн зах зээлд үүссэн ээдрээтэй байдлыг улам хурцатгаж байгаа юм. Захиалгын индекс (PMI)-ийн судалгаагаар Герман улсын үйлдвэрлэлийн хэмжээ энэ сард 46,3 хувь болон буурсан нь сүүлийн гурван жилд гарсан хамгийн доод үзүүлэлт аж. Уг индекс 50 хувиас доош үзүүлэлттэй байх нь өрийн хэмжээнд очсон гэсэн үг гэнэ. Герман, Франц төдийгүй Европын ихэнх орон дундажаас доош үзүүлэлттэй байгаа нь тус бүсийн хөрөнгийн зах зээл өрийн зах зээл болон хувирсаныг илтгэж байна. Зах зээлийн судалгаа явуулдаг Markit компанийн ерөнхий эдийн засагч Крис Уилъямсон хэлэхдээ “Энэ сарын захиалгын индексийн үзүүлэлт евро бүсийн эдийн засаг асар хурдтайгаар унаж байгааг харуулж байна. Гурван улирлын турш үргэлжилж буй энэ үзүүлэлт цаашлаад хоёр дахин буурах хандлага ажиглагдаж байгаа” хэмээн мэдэгдсэн. Харин Хятад улс өнгөрөгч хоёрдугаар сарын 48,3 хувьтай харьцуулахад энэ сарын эхээр 49,1 хувь болон өссөн талаар HSBC-ээс гаргасан PMI харуулжээ.
“Дэлхийн зах зээлийн таагүй төлөв дээр хачир нэмсэн хөрөнгө оруулагчдын дүнсгэр байдлаас улбаалан жилийн эхний улиралд Испани улсын эдийн засаг 0,4 хувиар буурсан” хэмээн тус улсын Төвбанк мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийн дөрөв дэх улиралд 0,3 хувиар унасан Испани улсын өрийн хэмжээг улам нэмэх нөхцөл болсон байна.
Франц улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний тойрогт Олланд 28,6 хувийн, одоогийн Ерөнхийлөгч Саркози 27,1 хувийн санал тус тус авлаа. Сонгуулийн хоёр дахь тойргийн товыг ирэх сарын 6-нд болгожээ. Ерөнхийлөгч Саркози евро бүсийн их өрийг барагдуулахын тулд эдийн засгийн хатуу бодлого баримтлах шаардлагатай гэж үзэж байгаа бол түүний өрсөлдөгч Олланд өсөлтийг идэвхжүүлэх нь үр дүнтэй сонголт гэж хэлжээ. Харин хөрөнгө оруулагчдын хувьд социалист намаас нэр дэвшигч Саркозиг орлох болвол Франц улс өрийн хэмжээгээ хянахад бэрхшээл үүснэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Голландын Засгийн газар эдийн засгийн бодлогын асуудалд зөвшилцөлд хүрэхгүй байгаа нь тус улсад шинэ Засгийн газрын сонгууль явуулж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд байна.
“Нидерланд улсын тогтворгүй байдал дэлхийн эдийн засагт хүнд тусаж болох юм. Учир нь, өнөөдрийг хүртэл тус улс нь евро бүсийн найдвартай түнш байсан” хэмээн UniCredit Global Research-ийн ажилтан Кристиан Стокер онцоллоо.