Худалдагч нарт ёс зүй, худалдаанд хууль хэрэгтэй

Улсын хөгжил хурдсахын хэрээр эдийн засагт гүйцэтгэх худалдааны салбарын үүрэг нэмэгдэж байна. Өнгөрсөн 20 жилд манай худалдааны салбар танигдахын аргагүй өөрчлөгджээ. Энэхүү өөрчлөлтөд сайн үр дүн ч бий бас анхаарахаас аргагүй болсон саар зүйл ч цөөнгүй аж. Тиймээс энэ оны төгсгөлөөр тохиож буй худалдааны салбарын 90 жилийн ойг угтаж ХХААХҮЯ худалдааны салбарын Хууль эрх зүйн зохицуулалт, бодлогын хүрээнд, Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын хүрээнд гэсэн хоёр чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний урт жагсаалт гаргажээ. Түүний нэг нь ирэх зургадугаар сарын 10-нд болох “Монголын худалдаа: Бодлого-шинэтгэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал юм. Худалдааны салбарын асуудлыг хамаардаггүй салбар гэж бараг үгүй. Тэгээд ч тус салбарын хөгжил 90 жилийн түүхтэй ч өнөөдрийг хүртэл Худалдааны тухай бие даасан хууль ч байхгүй явж ирсэн нь хурдацтай хөгжил ярьж буй өнөө үед учир дутагдалтай юм. Гадаад худалдааны бодлогыг Гадаад харилцааны яам зангиддаг байх гэж боддог ч салбар болгон тус тусдаа гаргаж, хэрэгжүүлж байх жишээтэй. Худалдааны тухай хууль Монгол Улсын 50 гаруй хуулинд маш бага багаар бүр заримд нь нэг хоёр өгүүлбэрээр туссан байдаг гээд бод доо. Үүнд нэгдсэн хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байгаа учраас ХХААХҮЯ, ГХЯ хамтран Худалдааны тухай тусгайлсан хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан байна. “Маш олон хуулинд туссан худалдаатай холбоотой бүх зүйл заалтыг Худалдааны тухай хуулинд авч оруулна гэж бол байхгүй. Ерөнхий бөгөөд бусад хуультай уялдсан байх юм” гэж ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Энх-Амгалан хэллээ.

“Худалдаа гэдэг бол эдийн засгийн гол хөдөлгөгч хүч юм” гэж Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал С.Жавхланбаатарын хэлсэн нь бий. Тэгвэл хөдөлгүүр хэр хүчтэй байхаас эдийн засгийн хөгжлийн хурд хамаарах учиртай. Өнөөдрийн байдлаар манай гадаад, дотоод худалдааны байдал ямар дүр зурагтай байгааг зарим тоо баримтаар өгүүлье. Эхлээд гадаад худалдааны хувьд яривал 1990-ээд он хүртэл манай худалдаа цөөхөн улсаар хязгаарлагдаж байж. Харин өдгөө Монгол Улс дэлхийн 130 гаруй оронтой худалдааны хамтын ажиллагаатай. Түүнчлэн Монголын худалдааны салбар маш эрчимтэй хөгжиж байгааг харуулах том тоо баримт ч байна. Тухайлбал, 2010 онд гэхэд л манай гадаад худалдааны нийт эргэлт 6.2 тэрбум ам.долларт хүрчээ. Нэг үгээр хэлбэл, ДНБ-тэйгээ дүйцэхүйц хэмжээний худалдаа хийсэн гэсэн үг. Гэтэл 1990-ээд оны эхэнд энэ үзүүлэлт ердөө 200 гаруйхан ам.доллараар хэмжигдэж байсан аж. Ойрын жилүүдэд манайд уул уурхайтай холбоотой их бүтээн байгуулалт өрнөж байгаа тул худалдаа бүр ч их нэмэгдэх нь дамжиггүй.

2013 онд гадаад худалдааны эргэлт 12 тэрбум ам. долларт хүрч , одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх ч таамаглал бий. Тэр үед экспорт эрчимжиж, гадаад худалдааны тэнцэл ашигтай болох хандлагатайг холбогдох албаныхан онцлон тэмдэглэж буй юм.
Импортын хувьд аваад үзвэл хоёр хөрш маань тус бүр 30 орчим хувийг эзэлж байгаа аж. Үүнийг мэргэжилтнүүд баланс барьж байгаа гэж үзэж байна. Хоёр том зах зээлийн дунд хавчуулагдсан далайд гарцгүй улс учраас энэ нь хэвийн үзэгдэл гэнэ. Харин экспортын хувьд ихээхэн учир дутагдалтай тал ажиглагдах. Манай улсын экспортын 80 гаруй хувь нь БНХАУ-руу гарч байна. Мэдээж манай уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч урд хөрш. Экспортын 70 гаруй хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байгаа болохоор арга ч үгүй. Тэр дундаа зөвхөн нүүрсний экспорт гэхэд л 30 хувьд хүрч байх жишээтэй. Тиймээс төр, засгийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, төрөлжүүлэхийн тулд эрдэс баялгаа дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээх бодлогыг чухалчилж буй. Энэ нэг хэрэг. Бусад салбарын экспортоо хэрхэн дэмжих вэ? Ганцхан урд хөршдөө хамаг бүтээгдэхүүнээ гаргаад суух уу? Экспортын шинэ зах зээл нээх тал дээр хэрхэн анхаарах вэ гэдэг бодлогоо тодорхойлж, шийдвэр гаргагчдын ойрын хугацаанд анхаарч, толгойгоо гашилгах асуудал болоод байна.

Гадаад худалдаанд дээр дурдсан ахиц дэвшил гарсан ч экспортын барааны нэр төрөл өнгөрсөн 20 жилд бага багаар буурсаар өнөөдөр тун бага хэмжээнд очжээ. Ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт бараг байхгүйтэй адил болсон нь харамсалтай. Жишээлбэл, 1980-аад оны дундуур хойд хөрш манай гадаад худалдааны эргэлтэд 83 хувийг эзэлж байжээ. Дангаараа шүү. Тус улсын манай экспортод эзлэх хувийн жин л гэхэд тухайн үед 80-аад хувьтай байсан байх жишээтэй. Гэтэл 2010 оны байдлаар ОХУ-ын манай гадаад худалдааны эргэлтэд эзлэх жин 20 хувьд ч хүрэхгүй болсон байна гээд бод доо. Экспорт, импортын үзүүлэлтээр нь аваад үзвэл хойд хөршийн экспорт 28, импорт 32.7 хувьтай байна. Энэ бол Монголын гадаад худалдаа алдагдалтай гарч байгаагийн дотор уламжлалт харилцаатай хойд хөршдөө бүр ч их алдагдалтай байгаа гэсэн үг. Монголын импортын хэмжээ буурч болно, экспорт эдийн засгийн хурд нэмэгдэхийн хэрээр өсөж байх учиртайсан. Энд 1980-аад онд хойд хөршид юу юу гаргаж байсан болоод экспорт өндөр байсныг сонирхоод үзье.

Хонины ноос 10.8 мянган тонн, тэмээний ноос гурван мянган тонн, адууны шир, ямаа, хонины арьс 65-315.1 мянган ширхэг, шевро, савхин эдлэл 54.7-175 мянган ширхэг, за тэгээд нэхий эдлэл, хивс, ноосон даавуу, ноолууран сүлжмэл, ноосон хөнжил, тарваганы арьс, улаан буудай, архи, мах, мал гээд хөдөө аж ахуйн гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байжээ. Цемент л гэхэд 6.8 мянган тонн байх жишээтэй. Таван жилийн дараагаас буюу 1985 оноос дээрх бүтээгдэхүүнүүд дээр зэсийн баяжмал, молибдений баяжмал зэрэг уул уурхайн баялгийн экспорт нэмэгджээ. Нүүрс 1988 онд ОХУ-д 1,040.8 мянган тонныг нийлүүлж байв. Эдгээр бүтээгдэхүүний экспортын хэмжээ нь өссөн уруудсан ч 1990 оныг хүртэл тодорхой хэмжээгээр тасалдалгүй гаргасаар байж. Гэтэл 2010 оны байдлаар манай улсын хойд хөршдөө экспортолж буй барааны жагсаалт гарын арван хуруунд багтахаар цөөхөн болжээ. Тухайлбал, жоншны баяжмал 510 мянган тонн, нүүрс 5.3 мянган тонн гарчээ. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт тун бага. Хонь тэмээний ноос 0.1-0.5 мянган тонн, ноолууран сүлжмэл, ноосон хөнжил, мах гээд дуусчихаж байна. Хамгийн их хэмжээтэй гардаг байсан махны экспорт өнгөрсөн оны байдлаар 13.8 мянган тонн болж буурчээ.

Хөдөө аж ахуйн гаралтай эдгээр уламжлалт экспортын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломж бий, манай улсад.
Нэгэнт худалдааны салбарын асуудлыг хөндөж буй учраас дотоодын зах зээлийн хөгжлийн тухай ярихгүй өнгөрч боломгүй. Өнгөрсөн онд худалдааны салбарын ДНБ-ий өсөлт 23.4 хувь, эзлэх хувийн жин 7.2 хувь байна. 2009 оны байдлаар улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 39.8 хувь худалдааны салбарт байдаг гэсэн тооцоо бий.

Ер нь бол худалдаа хүн амыг хамгийн өргөн хүрээтэй хамардаг салбар юм. Тэр ч үүднээсээ хууль эрх зүйн зохицуулалт, бодлогын хэрэгжилтийг илүүтэй үгүйлж буй хэрэг. Худалдааны 90 жилийн ойг угтаж ХХААХҮЯ-наас
Хууль эрх зүйн зохицуулалт, бодлогын хүрээнд хийх ажлын жагсаалтад “Худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага, стандарт”-ыг шинэчлэн боловсруулах, “Худалдагчийн ёс зүйн дүрэм” боловсруулах төлөвлөгөө гаргасан нь сайшаалтай.

“Жуулчдад хөтөч хийдэг дүү маань миний найзууд ч удахгүй ирэх нь дээ. Гэхдээ жуулчдад үйлчлэхэд хамгийн нүүр улаймаар асуудал нь дэлгүүр хоршоогоор дагуулж явах. Манай худалдагч нарын үйлчилгээний соёлгүй, муухай зантай, бараа бүтээгдэхүүнээ хүнд танилцуулж мэдэхгүй. Англиар А үсэг ч байхгүй байдал нь үнэхээр ичмээр байдаг гэж ярьсан” хэмээн нэгэн танил маань сонирхууллаа. Инээмсэглэсэн эелдэг үйлчилгээ манай худалдааны салбарт үнэхээр үгүйлэгдэж байгаа зүйл. Тэгвэл Худалдагчийн ёс зүйн дүрмийг баталснаар худалдааны салбарын өнөөгийн таагүй үйлчилгээг халах болно гэж ХХААХҮЯ-ны газрын дарга Ч.Энх-Амгалан ярьсан.

Гадаад худалдааны тэнцлийг эерэг байлгахад анхаарах нэг зүйл нь дотоодын үйлдвэрлэлээ байгаа нөөц бололцоондоо түшиглэн хөгжүүлэх. Мэдээж мал аж ахуй, газар тариалангийн салбар хамгийн түрүүнд үүнд хамаатай. Тухайлбал, манай ноолуур дэлхийн босгыг алхахад ойрхон байна. “Атрын III аян”-тай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд том ахиц гарсныг хэн хүнгүй мэднэ. Өнөөдөр бид төмс, улаан буудайн хэрэгцээгээ дотооддоо зуун хувь хангадаг болсон. Төмс, хүнсний ногоо, улаан буудайн экспорт сүүлийн жилүүдэд хэрхэн буурсныг графикаас хараарай. Түүнчлэн импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд нөөшилсөн ногоо хүч түрэн орж ирж байгааг энд тэмдэглэхэд таатай байна. Ч.Энх-Амгалан даргын хэлснээр энэ чиглэлийн 4-5 өндөр хүчин чадалтай үйлдвэр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж буй аж. Мөн ойг угтаж Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудаас дуулгахад хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр “Эрүүл зах-2011” аянг орон даяар зарлажээ. Энэ нь эрүүл өрсөлдөөнийг бий болгох, салбарын өсөлтийг дэмжих, худалдааны орчин нөхцөлийг сайжруулах зорилготой гэнэ. Тавдугаар сарын 1-нээс эхэлсэн аяныг дүгнэх үеэр шилдэг худалдааны байгууллага тав, шилдэг худалдааны төв болон зах гурав, аяныг хамгийн үр дүнтэй зохион байгуулсан аймаг, дүүрэг нэгийг тус тус шалгаруулах юм. Үүнээс гадна удтал тасарсан худалдаа эрхлэгчдийн зөвлөлгөөнийг хийхээс гадна ДХБ-тай хамтарсан уулзалт зохион байгуулах аж.
Эцэст нь хэлэхэд, худалдааны салбарт тэр дундаа дотоодын худалдаанд шинэчлэлийн салхи үлээх нь.