Худам монгол бичгээрээ овоглоно

Аливаа улс оршин тогтнохын баталгааны нэг нь яах аргагүй үндэсний хэл,соёл ёс заншил байдаг. Дэлхийд ганцхан босоо бичиг гэгдэх монгол бичгээрээ монгол хүн бүр бахархаж дээдлэх учиртай. Гэхдээ соёл түүх өгүүлэх уг бичгийн хэрэглээ цаг үеийн шаардлагаар сүүлийн үед харьцангуй багасч буй тул монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2010 оны долдугаар сард Ерөнхийлөгч монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг гаргасан билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гадаад орнуудад илгээж буй албан захидлыг монгол бичгээр үйлдэж байна.

Мөн үүнтэй холбоотой нэгэн шинэхэн мэдээлэл дуулгахад өнөөдрөөс эхлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын мэргэжлийн үнэмлэх, их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын дипломыг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэй олгож байхаар болсон тухай БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг онцоллоо.Түүнчлэн төрсөний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааг ч крилл, монгол бичгээр давхар хэвлэж байх аж. Монгол бичгийг дээрх албан бичигт ашигласнаар ямар ач холбогдолтой талаар Албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсгийн ахлагч доктор, профессор Ш.Чоймаагаас лавлахад “Ямар ч хүн насан туршдаа өөрийн төрсний гэрчилгээ, мэргэжил боловсролын гэрчилгээ, гэрлэлтийн батлахаа биедээ авч явж, нандигнаж байдаг. Тиймээс энэ нь ард иргэдэд үндэсний хэл соёлоо хайрлан хүндлэх, уг бичгийг сурах хүсэл эрмэлзлэлийг нь нэмэгдүүлэхээрээ ихээхэн ач холбогдолтой”гэв. Үүнтэй холбоотойгоор хүний нэрийг монгол бичгээр буулгахдаа уг гарлыг нь нарийн судалж, ялгаж салгаж бичих шаардлагатай байдаг тул монгол бичиг дээр хүний нэрийн тайлбар толийг эмхлэн бэлдсэний дагуу удахгүй хэвлэлтэд өгөх юм байна. Олон зуун жилийн түүхтэй, эх түүх, хэл соёл, ёс заншил, уламжлалыг бидний үед тээж ирсэн худам монгол бичгээ түгээн дэлгэрүүлж, эрхэмлэж, хэрэглээндээ ашиглах нь хамгаас чухал гэдгийг онцлох хүн цөөнгүй. Ингээд үндэсний хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлс бүтэмжтэй байхыг бэлгэдэж МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн Эх бичиг судлалын доктор, профессор Ш.Чоймаан “Монгол бичиг” шүлгийг уншигч таны сонорт хүргэхэд илүүдэхгүй биз ээ.

Өвөг дээдсийн минь түүхийг бичсэн
Өндөр төрийн хойморт заларсан
Дэлхийд ганцхан босоо заяатай
Дээд тэнгэрийн бичиг мину
Гал мэт бадамласан
Газраас тэнгэр лүү тэмүүлсэн
Гэрийн хойморт заларсан
Ганцхан бидний бичиг минь
Ядарсан ч бөхдөггүй
Ялагдсан ч мөлхдөггүй
Хараа дээгүүр ард түмний минь
Худам монгол бичиг мину