Хууль санаачилна гэдэг хүүхдийн тоглоом биш

Манай хууль тогтоогчдын сүүлийн үед “үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд” амьдралд буухдаа сөрөг үр дагавар үүсгэж, нийгэм, олон нийтийн дунд бухимдал төрүүлэх нь элбэг боллоо. Аливаа хууль богино настайгаар эргэн засварлагдаж байгаа нь үр өгөөж гэхээсээ илүү цаг зав барсан, хөрөнгө мөнгө үрсэн ажил болж байна.

Миний бие хуульч мэргэжилтэй, бизнес эрхэлж байгаа хүний хувьд хууль эрх зүйн орчныг хэрхэн бодит амьдралтай нийцүүлэх талаар саналаа хэлэхэд буруудахгүй болов уу. Эдийн засгийн 80 хувийг хувийн хэвшлийнхэн бүтээж байгаа бөгөөд бизнес өргөжин цэцэглэх нь улсын хөгжлийн хөшүүрэг билээ. Тэгвэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хувьд хууль эрх зүйн тогтвортой орчин хамгийн чухал байдаг. Тийм ч болохоор хууль тогтоох ажил ил тод байх, аливаа хууль журмыг бий болгохдоо ард иргэд, бизнес эрхлэгчдээсээ санал авах тухай асуудал байнга сөхөгддөг биз ээ. Монгол Улс шиг нэг өглөө босоод ирэхэд л хууль өөрчлөгдсөн байдаг оронд бизнес эрхлэх нь ямар хэцүү болохыг идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй мянган аж ахуйн нэгжийн эзэд мэдэх буй за.

Аливаа хууль бий болохдоо тухайн улсын нийгэм, эдийн засгийн байдалд тулгуурлан амьдралын бодит хэрэгцээнд нөхцөлдөн ирж байгаа шинэтгэлийг зөв тусгах ёстой. Олон улсын туршлагыг өөрийн амьдралтай харьцуулан түүхэн судалгаанд үндэслэн ард түмний нийтлэг хүсэл зорилгоос урган гарч ирж байгаа харилцаа бол хууль юм. Үүнийг УИХ баталгаажуулан хэлбэрт оруулдаг. Гэтэл УИХ-ын дурын гишүүн мэргэжлийн бус атлаа хууль санаачлах эрхтэй байгааг юу гэж ойлгох вэ? Уг нь УИХ хууль санаачлах бус, батлах ёстой баймаар.

Яагаад Монголд амьгүй хууль төрөөд байна вэ? УИХ-ын дурын гишүүн өөрийн үзэмжээр хууль санаачлах эрхээ эдэлж, түүнийхээ төлөө шагнал авч байна. Тухайн хуульд холбогдох судалгаа дутуу, санаачлагчийн хууль эрх зүйн талаар онолын болон мэргэжлийн түвшин доогуур байгаатай холбоотой гэж үзэж байна. Хууль санаачлагч өөрийн хувийн бизнесийг бодох, ивээн тэтгэгчийнхээ даалгаврыг биелүүлэх, авлигаа нуун бүрхэгдүүлэх зэрэг олон шалтгаанаар эрхээ эдэлж, лообийдох нөхцөл нь бүрдсэн байна. Энэ хаврын чуулганаар эхний ээлжинд 22 хуулийн төсөл хэлэлцэх дарааллыг тогтоосон бөгөөд үүнтэй холбогдуулан хууль санаачлагчид нийт 194 орчим хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр саналаа ирүүлсэн гэжээ. Үүнээс үзэхэд хууль санаачлах эрх бүхий дурын хүн энэхүү ажилд хүүхдийн тоглоом мэт хандах болсон байна. Товчхондоо, УИХ-ын хэлэлцэх хуулийн төслийн тоо тоймоо алдав.

Өнгөрсөн намар парламентын 20 жилийн ой болоход энэ хугацаанд 500 гаруй хуулийн төсөл хэлэлцэж баталснаараа сайрхаж байсан нь гайхалтай. Уг нь хэчнээн хууль баталснаараа биш, тэдгээр хууль нь амьдралд хэр зэрэг хэрэгжиж байгаагаар л ажлаа дүгнэмээр юм. Ер нь хууль аль болох цөөхөн, чадалтай байж гэмээнэ амьдралд хэрэгжих баталгаа бий болно. Эдүгээ Монгол Улсад 450 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ тоо цаашид хэрхэн нэмэгдэхийг хэлэхэд бэрх болжээ. Олон хуультай болсноор хоорондоо зөрчилдөж, эмх замбараагүй байдал үүсгэх болов. Мөн аливаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь энгийн үзэгдэл болсон бөгөөд “будаг нь үнэртсэн” хуулиудыг хүмүүс хүлээж авахад ойлголтын зөрүү даанч их гарч байна.
Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль Үндсэн хуультайгаа зөрчилдөж байгааг МАХН-ыг бүртгэж болно, болохгүй гэсэн маргаан харуулна. Засгийн газрыг бүрдүүлэхдээ УИХ-д суудалтай, суудалгүй хүн байна гэж талцаж байна. “Урт нэртэй хууль” буруу, зөв, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Үндсэн хуульд нийцсэн, нийцээгүй, Лиценз тэмдэгтийн хураамж зөв буруу, их бага зэрэг олон маргаан ар араасаа хөвөрнө. Гэтэл одоо бүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бололтой.

Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулснаас одоо үүсээд буй сөрөг үр дагаврын талаар ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич) С.Нарангэрэл багш хэлж л байсан. Мөн Үндсэн хуулийн “эх баригч”, гавьяат хуульч Б.Чимэд энэхүү бичиг баримтад гар хүрэх нь улс төрийн намуудын онцгой эрх ч биш гэдгийг тэмдэглэсэн удаатай. Үүний тулд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх нам зөвшилцөх хэрэгтэйг сануулснаараа тэрбээр цаанаа ард түмний хүсэл зорилгыг төлөөлсөн олон намыг хэлсэн болов уу.
Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхийг л хязгаарламаар байгаа юм. Харин хуулийг иргэдийн төлөөлөгчдийн хурал санаачилж байж л илүү амьдралд ойр болох буюу. Яагаад гэвэл хууль өөрөө хэрэгжих хөрснөөсөө ургах ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн нэгдүгээр заалтад “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ” гэсэн байдаг.

Эртний Ромд өндөр ур чадвартай мэргэжлийн цөөн хүн л хууль санаачлах, өөрчлөх, тайлбарлах эрхтэй байсан. Үүний адилаар хуулийг мэргэжлийн байгууллага нь нийгэм, ард олныхоо хэрэгцээнд үндэслээд судлан, санаачлах эрхтэй байвал амьдралд ойрхон хууль гарна гэж бодож байна. Түүнчлэн ядахдаа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд нь зөвхөн мэргэжлийн хуульчид байх хэрэгтэй болов уу. Гэтэл өнөөдөр тус хорооны дарга Х.Жекей гэхэд л цэргийн команд, удирдлагын мэргэжилтэй хүн байх жишээтэй. Хууль зүйн байнгын хороо нийт 20 хүнээс бүрдэж байгаагийн бараг тал хувь нь мэргэжлийн бус хүн байгааг сануулах юун.

Эцэст нь, хууль амьдралаас ургаж гардаг байх ёстой. Нөхөн засдаг олон хууль үйлдвэрлэхгүй байх нь зөв агаад хууль тогтоогчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад анхаарах цаг болжээ. СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал төрийн нууцаас бусад бүх асуудлыг ил тод хэлэлцэх хэрэгтэйг Монголын эдийн засгийн форумын үеэр тэмдэглэж байсан. Ялангуяа хуулийн хэлэлцүүлэг ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэл сонирхлыг тусгасан судалгаан дээр үндэслэн ил тод явагдаж байж бодит амьдралын хөрсөн дээр бууж хэрэгжих хууль төрөх биз ээ.

Ц.Цэцэг
(“Мон цахилгаан утас” компанийн ерөнхий захирал)