"Хуурамч бараанаас татгалзъя"

Монголын хувцас загварын томоохон сэтгүүл болох “Гялбаа” сэтгүүлийн санаачилгаар “Хуурамч бараа, бүтээгдэхүүнээс татгалзъя” уриатай үзэсгэлэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус арга хэмжээгээр Монголд ажиллаж буй дэлхийн нэр хүндтэй брэндийн албан ёсны эрх бүхий салбар дэлгүүрүүд, Монгол брэнд бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн болон хуурамч бүтээгдэхүүн сонгохгүй байхын ач холбогдол, жинхэнийг дуураймлаас хэрхэн ялгах талаар иргэдэд зөвлөгөө өгч байлаа.

Энэ үеэр “Гялбаа” сэтгүүлийн эрхлэгч М.Дариймаа “Энэ үзэсгэлэн манай сэтгүүлийн чиг хандлагатай уялдан, хувцас загвар болон амьдралын хэв маягийг хослуулж буйгаараа онцлог юм. Дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг дууриалган хийсэн, оюуны өмчийг хулгайлсан бараа бүтээгдэхүүн манайд их болсон. Амьдралын өртгөөс шалтгаалан Монголчууд аль үнэ багатайг нь сонгож байгаа нь нууц биш. Хэрэглэгчид брэнд бүтээгдэхүүн хэрэглэснээр эдийн засгийн болоод эрүүл мэндийн хувьд хохиролгүй байх юм. Гэхдээ сүүлийн үед иргэд чанартайг нь илүүд үзэх хандлага гарч ирж байна. Тиймээс хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж, чанартай, нэр хүндтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авч хэвшихэд энэ арга хэмжээ ихээхэн нөлөөлөх байх. Бид энэ арга хэмжээг жил бүр зохион байгуулах болно.” гэлээ.
Уг арга хэмжээнд “Наран косметикс”, “Наран фүүдс”, "Delsey”, “Samsonite”, “Esprit”, “Adidas” “Seiko” брэндийн төлөөлөгчид, үндэсний үйлдвэрлэгчид, жижиг арьсан эдлэлийн үйлдвэрлэлийн брэнд “Delmax”, үслэг эдлэлийн “Master-Dodo” зэрэг дэлхийд алдартай брэндийн нэрийн бараа, бүтээгдэхүүн дэлгэгджээ. Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ.