Хэрэгжүүлж ч болдоггүй, хаяж ч болдоггүй “Урт нэртэй” хууль

Миний, таны аав ээж, үр хүүхэд, хамаатан садан ер нь Монголд данстай хэний ч өдөр тутмын амьдралд УИХ, Засгийн газраас гарч буй хууль, тогтоол шийдвэр, дүрэм журмууд шууд болон дамаар нөлөөлж байдаг. Тэгвэл зарим хууль, тогтоомж тэр бүр амьдралд нийцдэггүйг олон хүн хэлдэг. “Бодит амьдралд ойрхон, алдаа мадаггүй шийдвэр гаргамаар юм даа. Тэр хүүхдүүд шилэн цонхныхоо цаанаас амьдралыг сайхнаар харж суудаг юм болов уу” хэмээн бухимдах настан буурлууд ч бий. Ёстой л цаасан дээр гарснаас биш, амьдралд хэрэгжих боломжгүй хууль цөөнгүй. Үүний нэг нь хоёр жилийн өмнө буюу 2009 оны долдугаар сард УИХ-аас баталсан “Урт нэртэй” хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль юм. “Урт нэртэй” хуулийг санаачлагчид болон холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд уг хуулийг хэрэгжиж байгаа гэж үзэж байгаа бол УИХ-ын зарим гишүүн, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн эсрэг байр сууртай байгаагаа илэрхийлэх болсон. УИХ-ын гишүүн О.Чулуунбат тэргүүтэй улс төрчид “Хууль гарснаас хойших нэг жилийн хугацаанд хэрэгжилт нь тун хангалтгүй байна. Ер нь хэрэгжих боломжгүй” гэж үзэж байгаа билээ.

“Аж ахуйн нэгж хайгуул хийгээд огт юм олоогүй бол эрдслээ өөрөө даах ёстой байдаг. Гэтэл энэ хуулийн дагуу хайгуул хийсэн бүх компанийн зардлыг улсаас өгөх гэж байна. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж үргүй зарцуулж болохгүй” хэмээн УИХ-ын гишүүн Я.Батсуурь ч тэмдэглэсэн удаатай. Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оны эхээр Засгийн газарт өргөн барьсан. Харин манай энэ жилийн төсөв, ирэх жилийнхтэй нийлээд ч нөхөн олговрын мөнгийг төлж дийлэхгүй гэдгийг О.Чулуунбат гишүүн онцолсон. ЭБЭХЯ, Ашигт малтмалын газраас гаргасан тооцоогоор 1782 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн олговорыг олгоход улсын төсвөөс таван их наяд төгрөг шаардлагатай гэнэ. Зөвхөн 242 ашиглалтын шороон ордод л гэхэд 510 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. “Үүнийг энгийн үгээр хэлбэл аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр газрын доорх баялгийг олборлон, илрүүлсэн тул тэднээс энэ мэдээллийг худалдаж авах ёстой” хэмээн ЭБЭХЯ-ны Геологийн бодлогын газрын мэргэжилтэн Г. Цолмон тайлбарлалаа. Уг нь газрын хэвлийн баялаг улсын өмч гэсэн байдаг. Гэтэл улс өөрийн баялгаа эргээд мөнгөөрөө худалдаж авах гэж байгаа нь ойлгомжгүй асуудал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Үүн дээр нэмээд уул, уурхайн компаниуд лицензээ барьцаалаад арилжааны банкуудаас асар их хэмжээний зээл авсан учраас “Урт нэртэй” хууль санхүүгийн салбарт ч хүнд цохилт учруулахыг Монгол банкныхан сануулсан.

Мөн тусгай зөвшөөрлөө хураалгаж, үйл ажиллагаагаа зогсоох олон тооны алтны уурхайд ажиллаж байсан хүмүүс хоногийн хоолгүй болж, эцэстээ “нинжа” нарын тоог ч нэмж мэднэ гэсэн таамаглал байна. Энэ мэт эдийн засаг, санхүүгийн салбарт цаашлаад ард иргэдийн амьдралд халгаатай хуулийг батлахдаа төрийн түшээд гарах үр дагавар, хэрэгжилтийг нь бодож нухацтай хандаагүй бололтой. Энэ нь хуулийг хэрэгжүүлэхэд ч хэцүү, хэрэгжүүлэхгүй байхад ч зовлонтой байдалд оруулаад байна.

Уг нь байгаль орчинд ээлтэй сайн хууль гарлаа хэмээн олон хүн баярлан хүлээн авсан. Гэтэл “Урт нэртэй” хууль араасаа олон асуудал дагуулж “Барилдахаасаа таахалзах” гэгчээр мэргэжлийн яам, байгууллагуудын холбогдох албаныхан энэ чиглэлээр дорвитой ажил хийхгүй байгааг УМХЕГ-ын дарга Р. Содхүү шударга хэлсэн. Хуулийн хүрээнд гарсан тогтоолуудын хэрэгжилт юу болж байгааг товч дурдья. “Урт нэртэй” хуулийг 2009 оны зургаадугаар сард баталснаас хойш нэг жилийн хугацаанд дорвитой ажил хийгээгүй гэж хэлэхэд болно. Жилийн дараа буюу 2010 оны арваннэгдүгээр сард Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох тухай 299 дүгээр тогтоол гарч, шаардлагатай мөнгийг тогтоож, тухайн жилийнхээ төсөвт оруулж байхыг ЭБЭХЯ, БОАЖЯ, Сангийн яаманд үүрэгдсэн байна. Энэ тогтоолын нөхөн олговортой холбогдох хэрэгжилт нь “үлгэр” болоод эхлэнгүүт хууль санаачлагчид мэрээд ч болов зүтгэхээр шийдсэн.

Энэ нь юу вэ гэхээр өнгөрсөн зургадугаар сард Засгийн газар 176 дугаар тогтоолыг гарган, аж ахуйн нэгжийг ерөөсөө л тусгай зөвшөөрлөөр нь ангилж, асуудлыг шийдэхээр болсон. Эхлээд алтны шороон ордод анхаарлаа хандуулахаар сэтгэл шулууджээ. Энэ хүрээнд БОАЖЯ 242 алтны шороон ордны хил хязгаарыг тогтоож, ЭБЭХЯ нөхөн олговорт өгөх мөнгийг тооцон гаргаж, нөхөн олговор авах ордуудын хүсэлтийг авч байгаа бол МХЕГ эдгээр ордын үйл ажиллагаанд хяналт тавьж шалгалт явуулжээ. Тэгвэл хууль яагаад удаашралтай, хэрэгжихгүй байгаа талаар УМХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Баатарцогтоос тодруулахад “Хамгийн сүүлд 176 дугаар тогтоолын хүрээнд дээр дурдсан алтны шороон ордод хяналт шалгалт хийсэн. Харин нөхөн олговор асуудалтай байгаа тул хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм” гэлээ.

ЭБЭХЯ-ны Геологийн бодлогын мэргэжилтэн Г.Цолмонгоос нөхөн олговрын талаар асуухад “Бид нөхөн олговрын хэмжээг тооцож гаргах ёстой. Одоогийн байдлаар манай яам Ашигт малтмалын газартай хамтран эхний ээлжинд 242 алтны шороон ордод өгөх олговрыг тооцоолоход 510 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Санхүүжилтийн асуудал манайд хамаагүй, Сангийн яам мэднэ ” гэлээ. Мөн Г.Цолмон нөхөн олговрын тооцоолол удаашралтай байгаа нь БОАЖЯ дээрх алтны шороон ордуудын хил заагийг оройтож гаргасантай холбоотой гэж үзэж байна. “Нөхөн олговорыг авах аж ахуйн нэгжүүд Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу материалаа бүрдүүлэн 90 хоногийн дотор буюу ирэх оны нэгдүгээр сарын 9-ний дотор манайд өгөх ёстой. Хэрэв материалаа бүрдүүлж өгөөгүй тохиолдолд нөхөн олговрыг олгохгүй” хэмээн Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэсгийн ахлах мэргэжилтэн Ц.Цэгц онцоллоо.

Түүнчлэн хүсэлтээ өгсөн аж ахуйн нэгжид хоёр жилийн дотор нөхөн олговрыг өгнө гэж журамдаа заажээ. Одоо хүртэл нөхөн олговрын санхүүжилтийг Засгийн газраас гаргах , УИХ-аар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа учраас нөхөн олговорын асуудал тун бүрхэг зүйл юм. Түүнчлэн манай улсын төсөв 1872 тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн олговорт өгөх таван их наяд төгрөг хаа явааг бүү мэд. Эхний ээлжинд тооцоог нь гаргаад буй алтны 242 шороон ордод өгөх 510 тэрбум төгрөгийг ч шууд гаргахад хэцүү л баймаар. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэгчээр аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговрын мөнгийг нь өгөх эсэх нь ч тодохойгүй нөхцөлд холбогдох газруудын нэлээд зардал гаргасан, хөдөлмөр талаар болох вий гэсэн болгоомжлол ч мэргэжилтнүүдэд байна. Хаяъяа хаяж болохгүй, хэрэгжүүлье хэрэгжүүлж болохгүй “Урт нэртэй” удаан жаргалтай энэ хуулийг яалтай билээ.