Хятад улс хэрэглээ, хөрөнгө оруулалтаар эдийн засгаа сэргээнэ

Mongolian Economy
2020-09-04 12:47:05
Ангилал: Олон улс

БНХАУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд долдугаар сард дахин өсөлттэй гарсан бөгөөд дотоодын эрэлтийг дэмжсэнээр энэ оны эцэс гэхэд улам тэлэх төлөвтэй байна. 

Жижиглэн худалдаа буюу хэрэглээний өсөлтийн түвшин долдугаар сард 436.9 тэрбум ам.долларт хүрснээр өмнөх сараас 0.85 хувь өсжээ. Энэ нь нэгдүгээр сард 10.9 хувиар агшсанаас хойш зургаан сар дараалан өссөн үзүүлэлт болохыг тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Тус хорооны дарга Фу Линвэйн хэлснээр бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаа долдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.2 хувиар өсөж, энэ жил анх удаа өсөлттэй гарсанаас гадна онлайн худалдаа эрчимжиж байна. Эдийн засгийн бусад гол үзүүлэлт мөн сэргэж эхэлснийг тэрбээр цар тахалтай тэмцэж буй нийгэм, эдийн засгийн бодлоготой холбоотой хэмээжээ.

Хятадын юанийн шинэ зээлийн хэмжээ энэ оны долдугаар сард 992.7 тэрбумд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63.1 тэрбум юаниар буурчээ. Өрх болон аж ахуйд олгосон зээл долдугаар сард 757.8 тэрбум ба 264.5 тэрбумаар тус тус өссөн бөгөөд дунд болон урт хугацааны зээл дийлэнх хувийг эзэлсэн байна.

Цар тахалтай амжилттай тэмцсэнээр үйлдвэрлэл эрчимжиж, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны долдугаар сартай харьцуулахад 4.8 хувь өсжээ. Харин үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн онтой харьцуулахад эхний хагас жилд 3.1 хувиар буураад байсан бол долдугаар сард нэмж 1.6 хувь буурсан аж. Дэлхий даяар тархсан коронавирусийн халдварын улмаас Хятадын эдийн засагт гаднаас ирэх дарамт их байгаа тул дотоод эрэлтээ нэмэгдүүлэх хэрэгтэйг Фу Линвэй онцлов. Тус улс талон олгох, орон нутаг дахь цахим худалдааг тэлэх, нуугдмал эрэлтийг ил гаргах шинэ бизнес модель хөгжүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. 

“Хэрэглэгчдийн итгэл, хүлээлт нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдийн зах зээл оны хоёрдугаар хагаст сэргэх эрчээ хадгална” хэмээн тус улсын Худалдааны яамны судлаач Чен Лифен хэллээ. Цар тахлын улмаас доройтсон эдийн засгаа үргэлжлүүлэн сэргээж, ажил эрхлэлтийг дэмжих үүднээс тус улс төсвийн зарлагаа нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх, банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээ авч байна.

Эдийн засгийн сэргэлтийн хурд дотоодын эрэлтийг тэлэх бодлогын үр нөлөөнөөс ихээхэн хамаарах бөгөөд хөрөнгө оруулалтыг дэмжих нь голлох үүрэг гүйцэтгэхийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн судлаач Жан Лицюнь хэллээ. Дотоодын эрэлтийг тэлэх стратегийг дэмжих бусад бодлого оны хоёрдугаар хагаст Хятадын эдийн засгийн тулгуур байх болно хэмээн судлаачид үзэж буй. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) өнгөрсөн оны долдугаар сартай харьцуулахад 15.8 хувиар нэмэгдэж 63.47 тэрбум юаньд хүрэв. Ингэснээр ГШХО дөрвөн сар дараалан өсжээ.

Хэрэглээ болоод хөрөнгө оруулалтын ач холбогдол,  үүргийг бүрэн ашиглах хэрэгтэйг тус улсын Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны академийн судлаач Гуан Лисинь онцлов. Мөн тэрбээр дотоод, гадаад зах зээл бие биенээ дэмжихийн зэрэгцээ дотоод зах зээлд түшиглэсэн хос эргэлтэт хөгжлийн загварыг бий болгоход илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай хэмээжээ.

Тавдугаар сараас хойш тус улсын удирдлага хос эргэлтэт хөгжлийн загварыг удаа дараа баталсан бөгөөд экспортод тулгуурласан бодлогоос дотоод эрэлтэд түшиглэсэн өсөлт рүү шилжих нь стратегийн  тэргүүлэх чиглэл болохыг онцолж буй.

 

Эх сурвалж: Beijing Review

Mongolian Economy