Хэт тарган тул манай улсаас гарна уу


Алберт Бойтонхаус нь тогооч мэргэжилтэй жирийн нэгэн залуу. Тэрбээр Шинэ Зеланд улсад зургаан жилийн турш ажиллаж, амьдарч байгаа ч удахгүй эх орон болох Өмнөд Африк руу “ачигдах” болжээ. Учир нь Шинэ Зеландын Гадаадын харьяатын албаныхан Алберт Бойтонхаусыг тус улсад оршин суухад “хэт тарган тул Шинэ Зеландын эрүүл мэндийн стандартын шаардлагыг хангахгүй” хэмээн ийн албадан гаргаж байгаа аж.
2007 онд Шинэ Зеланд улсад суурьшихаар ирсэн Бойтонхаус тухайн үед 160 кг жинтэй байсан ч зургаан жилийн хугацаанд 30 кг хаяж чадсан байна. Түүний гэргий “Визээ сунгуулахад бидэнд асуудал тулгарч байгаагүй. Гадаадын харьяатын албаныхан ч Албертын жингийн тухай үг цухуйлгаж байсангүй. Гэтэл өмнөх жилүүдэд түүний биеийн жин одооныхоос ч их байсан. Харин өнгөрсөн тавдугаар сард бидний визийг сунгахгүй, учир нь Албертыг хэт тарган байна гэсэн” хэмээн учирлажээ. Шинэ Зеланд улсад хөл тавьснаас хойш багагүй жин хассан байтал ийм шийдвэр гарсанд Бойтонхаусынхан гайхширан сууна.
Тэд тус улсын Гадаадын харьяатын албанд өргөдөл гаргасан аж. Харин тус албаныхан тэдний өргөдөлд “Жингийн илүүдэл нь чихрийн шижин, цусны даралт ихсэх болон зүрх, судасны өвчин дагуулах аюултай тул ийн шийдвэрлэв” гэсэн хариу өгчээ. Тус албаны хэвлэлийн төлөөлөгч “Манай улсад шилжин суурьшиж буй гадаадын иргэд эрүүл мэндийн стандартыг хангасан байх ёстой. Ингэснээр Шинэ Зеландын эрүүл мэндийн үйлчилгээний болон бусад зардлыг хэмнэх боломжтой юм” гэжээ.
Хэт таргалалтын түвшин өндөртэй орны тоонд ордог Шинэ Зеландын иргэдийн 30 орчим хувь нь илүүдэл жинтэй байдаг аж.