Хямрал Азид илүү тусах магадлалтайг АХБ-наас анхааруулав

АНУ, Европын санхүүгийн уналт, капиталын урсгалын тогтворгүй байдал зэргээс шалтгаалан Азийн орнуудын эдийн засаг томоохон бэрхшээлтэй учирч магадгүй тухай Азийн хөгжлийн банкнаас мэдэгдсэнийг “ Блүүмберг” дамжууллаа. Манилад төвтэй Зээлийн хорооноос өнөөдөр АХБ-ны Азийн эдийн засгийн хяналтын багт өгсөн тайланд “Зүүн Азийн хөгжиж буй орнуудын тэргүүнүүдийн хувьд дараагийн дэлхийн санхүүгийн хямралаас өөрийн орны эдийн засгийг хамгаалж үлдэх чухал асуудал тулгараад байна. Дэлхийн эдийн засгийн энэ тааварлашгүй байдал нь тухайн бүс нутагт эдийн засгийн уян хатан бодлоготой байхыг сануулж буй юм” хэмээн дурдав.

“Хэрвээ евро бүс болоод АНУ уналтад өртвөл дэлхийн эдийн засаг сэргэхэд төвөгтэй болоод зогсохгүй дараагийн дэлхийн санхүүгийн хямралыг үүсгэх болно. Капиталын тогтворгүй урсгал нь бүс нутгийн макро эдийн засгийн бодлогод нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг эрсдэлд оруулах магадлалтай” гэж АХБ-наас анхааруулжээ. Европын өрийн хямрал, АНУ-ын эдийн засгийн тогтворгүй байдал зэргээс үүдэн Азийн орнуудын шийдвэр гаргагчид эдийн засгаа хамгаалах тал дээр анхаарлаа төвлөрүүлээд байна.

Дээрх зээлийн хорооны мэдэгдлийн дагуу Зүүн Азийн орнуудын эдийн засаг энэ онд 7.5 хувийн өсөлттэй байгаа бөгөөд ирэх онд 7.2 хувиар өсөх хандлагатай буй. Энэ нь тус хорооноос есдүгээр сард гаргаж байсан таамгаас дунджаар 0.3 хувиар бага юм. “Хэдийгээр гадаад орчин таагүй байгаа ч ирэх онд тус бүсийн орнуудын эдийн засаг аажмаар өсөх ёстой” хэмээн АХБ-наас мэдэгдэж байна. Европ өрийн хямралаа хазаарлаж чадахгүй, дэлхийн хэмжээнд эрэлтийн хэмжээ буурах аваас бүс нутгийн экспортоос хамааралтай эдийн засаг хүнд байдалтай учирна. Тухайлбал, өнгөрсөн улиралд MSCI- Ази, Номхон далайн индекс (MXAP) л гэхэд 2008 оноос хойш хамгийн дээд хэмжээнд буюу 16 хувиар унасан байна.
“Евро бүсийн өрийн хямрал даамжирвал хөрөнгө оруулагчдын дургуйцлыг төрүүлж, капиталын урсгалыг тогтворгүй байдалд оруулна. Үүний үр дүнд валютын ханшийн тогтворгүй байдал үүсэх болно” гэж АХБ-наас сануулав.