Хятадад санхүүгийн хямрал нүүрлэх үү

Олон улсын хөрөнгө оруулагчид ирэх таван жилд Хятад улсад банкны хямрал нүүрлэнэ хэмээн үзэж байгааг Блүүмберг мэдээллийн агентлаг санал асуулгаараа харуулжээ. Хятадын манлайлал удаан үргэлжилнэ гэдэгт тэдний итгэл алдарч байгаа аж. Хөрөнгө оруулагчид, худалдаачид болон шинжээч нарын дунд улирал тутамд явуулдаг дээрх санал асуулга энэ сарын 5-6 -нд 1097 хүний дунд явагджээ. Тэдний 61 хувь нь 2016 оны сүүлчээр Хятадын санхүүгийн салбарт хүндхэн байдал бий болно хэмээн үзэж байгаа бол дөнгөж арван хувь нь л тус улс санхүүгийн хямралаас дайжиж чадна гэдэгт итгэж байгаа аж.

Аж үйлдвэрлэлийн өгөөж нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байгаагүйгээр огцом буурч, орон сууцны худалдан авалт уруудан, экспортын өсөлт саарч эхэлсэн зэрэг нь урд хөршийн эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатайг илтгэх. Зээлийн эргэн төлөлтийн таагүй байдал нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай оронд чөдөр тушаа болж болзошгүй байна. Судалгаанд оролцогсдын 35 хувь нь Хятадын эдийн засгийн өсөлт жил ирэх тусам суларч одоогийн 9,1 хувиас таван хувь болтлоо буурна гэж үзэж байгаа бол 31 хувь нь улс төр, эдийн засгийн тогтворгүй хурцадмал байдал тус улсын эдийн засгийн эрчийг зогсоож мэднэ гэж үзэж байна. Америкийн хөрөнгө оруулагчдын 40 хувь нь Хятадад санхүүгийн хямрал үүснэ гэж үзэж байгаа нь тэднийг хамгийн гутранги байр сууринаас тус асуудалд хандаж байгаа орон болгоод байна