Хятадын банкны төлөөлөгчийн газар нээлтээ хийлээ

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ноён У Бангуо манай оронд айлчилж буйтай зэрэгцэн Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар албан ёсоор нээлтээ хийлээ. Тус нээлтийн үйл ажиллагаанд ноён У Бангуо, Хятадын банкны ерөнхийлөгч Ли Ли Хуй болон УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Г.Золжаргал, болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хятадын төрийн дөрвөн банкны нэг “Bank of China” нь дэлхийн шилдэг банкуудын нэгд мөн зүй ёсоор тооцогддог байна. Тус банк нь салбараа нээх хүсэлтээ жилийн өмнө Монголбанкинд гаргаснаар албан ёсны эрхээ авч өнөөдөр нээлтээ хийж байна гэж Хятадын банкны ерөнхийлөгч Ли Ли Хуй нээлтийн үеэр мэдэгдсэн. Манай улсад хятадын хөрөнгө оруулалттай зургаан мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тиймээс хөрш хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд өсч байгаа энэ үед Хятадын банкны төлөөлөгчийн газар нээгдэж байгаа нь цаашид хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол дахь компаниудын зардлыг бууруулах зэрэгт онцгой ач холбогдолтой гэж ноён Ли Ли Хуй мөн онцлов. Харин Монголбанкны ерөнхийлөгч Г.Золжаргал “Манай улсын гадаад худалдааны хамгийн том түнш улс бол хятад. Монголд албан ёсны төлөөлөгчийн газраа нээж байгаа гадаадын гурав дахь банк нь “Bank of China” болж байна. Хятад-монголын худалдаа эдийн засгийн салбарын үйл ажиллагаанд энэхүү банкны төлөөлөгчийн газар бас нэг ахиц авчирах болтугай” гэлээ.