Хятадын брэнд дэлхийнх болдоггүйн учир

Сүүлийн жилүүдэд Хятадын үндэсний компаниуд хүрээгээ эрчимтэй тэлж, дэлхийн өнцөг булан бүрт гараа сунгах болжээ. Гаднын технологи, олон улсын брэнд тэр ч бүү хэл мэдлэг чадварыг хүртэл худалдан авч байна.

Хятадын компаниуд яагаад өөрийн гэсэн брэндийг гадаадад амжилттай гаргаж чадахгүй байна вэ? Хятадын Худалдааны яамны энэ оны нэгдүгээр сард гаргасан мэдээгээр Хятадын гадаад руу урсгаж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 4.4 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Гэсэн ч хамгийн гайхалтай нь Хятадын нэг ч компани жил болгон шалгаруулдаг дотоодын шилдэг 100 брэндийн жагсаалтад багтаж чадаагүй юм. Энэ нь тэдний бусдын үйлдвэрлэж, дэлхийн брэнд болгосон бүтээгдэхүүнийг хуулбарлаж, үйлдвэрлэл явуулдагтай холбоотой юм. Хуулбарлахыг оролдсон ч бүтэлгүйтсэн цөөн баримт дурдъя.

Спорт, ундаа үйлдвэрлэгч Хятадын Jianlibao компани нь 1990 оны эхээр өөрийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж Кока Кола, Пепси гэх мэт брэндүүдийн зэрэгт хүргэхийг оролдсон байдаг. Нэгэн цагт Хятадын номер нэг ундаа байсан тус бүтээгдэхүүн амт чанарын хувьд Хятад болон гадаад хэрэглэгчдийн сэтгэлд бүрнээ нийцэх хэмжээнд байжээ. Гэвч тус брэндийн сул тал нь гадаад зах зээл дээрх туршлагагүй байдал, олон улсын зах зээл дээр маркетинг явуулах хангалттай хөрөнгийн эх үүсвэр болоод брэндийн нэр сайн байгаагүйн улмаас тэд бүтэлгүйтжээ. Тэднийг гадаад зах зээл дээр Кока Колатай өрсөлдөж байх хойгуур Хятад улсын буюу тэдний өөрийн үндсэн зах зээлийг Кока Кола нэгэнт булаачихсан байжээ.

Олон түмэнд “Хятадын Найк” нэрээрээ танигдсан “Li Ning” брэнд нь мөн л адил гадаад зах зээл рүү үйл ажиллагаагаа тэлэхийг оролдсон авч бүтэлгүйтсэн билээ. Гэвч тэдний хувьд үүний дараагаар бизнесийн шинэ чиглэлд хүчээ үзэх сэдэл нь болж өгсөн байдаг. Хятадын хамгийн алдартай хөнгөн Атлетикийн тамирчдын нэг үүсгэн байгуулсан “Li Ning” брэндийн спорт өмсгөл 2008 оны Бээжингийн Олимпийн нээлтийн үеэр Олимпийн бамбар барьсан тамирчны гоёо болж байсан байна. Олимпийн дараагаар тэрбээр анхны гадаад дахь салбараа нээсэн авч тун удалгүй хаалгаа барьсан байдаг. Учир нь хөнгөн атлетикийн бизнест байр сууриа бат тогтоосон томоохон тоглогчид аль хэдийнэ хүмүүсийн итгэлийг хэнд ч алдахааргүй хүчтэй байв. Хүмүүс дадаж заншсан брэндийн бараагаа худалдан авах сонирхол нь хүчтэй байдаг. “Li Ning” тэдний нэг биш байсан нь уналтад орох сул тал нь болов. Гэсэн ч тус улсын дэлхийд танигдсан цөөн хэдэн компани байдгийн нэг нь Хятадын компьютер, электрон технологи үйлдвэрлэгч “Lenovo” юм. “Хэдийгээр эзэмшил бүртгэл нь Хятадад байдаг ч бид олон орноос хамааралтай” хэмээн “Lenovo”-ийн Маркетенгийн хэлтсийн дарга Дэвид Роман хэлжээ. Тэдний хувьд амжилтын нууцаа гурван хүчин зүйлээр тодорхойлдог байна. Байгууллагын бүтэц зохион байгуулалт чухал үүрэг гүйцэтгэнэ. Бээжин, Парис, Ралей, Хойд Каролинад төв оффистойгоор үйл ажиллагаа явуулдаг тус компаний зорилтот хэрэглэгч нь 18-34 насны залуус ажээ. Мөн тэднийг амжилтад хүргэсэн бас нэгэн хүчин зүйл нь дэлхийн зургаан оронд манлайллаа харуулж чадсан засвар үйлчилгээний шилдэг баг юм.

Өнөөдөр Хятадын олон компани “Lenovo”-ын дэлхийд брэнд болж чадсан амжилтыг дуурайхыг хичээж байна. Гэвч нөгөө талаар дээрх Jianlibao болон Li Ning компаниудын маркетингийн тал дээр гаргасан алдаа гашуун туршлага болох биз ээ.