Хятадын "утсан хүүхэлдэй" Өвөр Монголыг юу хүлээж байна вэ

БНХАУ-ын зүгээс Өвөр Монголын угсаатны цөөнх бүлгийн амьдралыг сайжруулж байгаа гэдэгт битгий хууртаарай.

CCTV-ийн хөтлөгч Изобел Юүнг-ийн “Чөлөөт дуу хоолой” нийтлэлд Хятад улс угсаатны цөөнх бүлэг (хүн амын найман хувийг эзэлдэг)-тэй хэрхэн харьцдаг талаар сонирхуулсан юм. Тэрбээр Хятадын Засгийн газар сүүлийн арван жилд Төвд болон Шинжанд “дарангуйлах бодлого” баримталж байгаа нь үнэн болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин Өвөр Монголын угсаатны цөөнхийн нөхцөл тэс өөр болохыг учирлажээ. Угсаатны цөөнх бүлэг мал аж ахуйгаа орхиод хот, суурин газар руу нүүх шаардлагатай болсон шалтгааныг Засгийн газар тэдний амьдрах нөхцлийг сайжруулахыг зорьж буйтай холбоотой гэж тэрбээр тайлбарласан. Хэвлэл, мэдээллээс харахад Хан овгийнхон (Хятадын угсаатны олонхын бүлэг) нүүдэлчдийн уламжлалт соёл, зан заншлыг санаатайгаар устгах зорилгоор нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулах болсон нь “Өвөр Монголын өнөөгийн эдийн засаг, соёл болоод байгаль орчны асуудлыг хэт хялбарчилсан” буруу үйлдэл аж.

Хятадын Засгийн газар ялангуяа хоцрогдмол буй бүс нутгийг хөгжүүлж, орчин үеийн болгохыг зорьж буй нэрийдлээр Төвд болон Шинжань дахь өөрийн бодлогоо тайлбарлахын тулд дээрх маргаантай асуудлыг урдаа барьдаг. Эдгээр бүс нутагт ихээхэн хөрөнгө оруулалт хийж, олон хүний амьдралын түвшин сайжирч байгаа нь эргэлзээгүй. Баялгийн хуваарилалтыг хийж буй тогтолцоо нь оновчгүй, эрх тэгш бус байдалд суурилж иржээ. Шинжаньд гэхэд Хятадын төрийн өмчит фермер, үйлдвэрийн маш том сүлжээ байдаг боловч үндсэндээ уйгур хүнийг ажилд авдаггүй байна. Тиймээс тус бүс нутагт ажилгүйдлийн түвшин маш өндөр байдаг. Төвдийг чиглэсэн хөрөнгө оруулалтын их урсгал болон Засгийн газрын хот суурин газар руу шилжин суурьшихыг хөхиүлэн дэмжсэн бодлогыг даган хөгжил, хөрөнгө арвижиж буй ч хөдөөгийн иргэдэд энэ нь төдийлэн хүртээмжтэй бус байгаа.

Гэхдээ Өвөр Монголын угсаатны цөөнх бүлэгт дээрхтэй адил зүйл тохиолдож байна гэж автоматаар дүгнэх нь учир дутагдалтай. Мэдээж нүүрсний баялгийнхаа ачаар тус бүс нутгийн эдийн засаг хөгжих болсон нь эргэлзээгүй. Харин энэхүү хөгжил цэцэглэлт нүүдэлчдэд хэрхэн ашиг тусаа өгч байгаа юм бол? Хятадын Засгийн газар 500 гаруй мянган нүүдэлчдийг өөр газар руу нүүхийг шаардаж, дахин суурьшуулсан бөгөөд энэ үйлдлээ тэднийг “орчин үе рүү” алхуулж буй мэтээр танилцуулдаг. Асуудлын гол нь энэ тал дээр нутгийн нүүдэлчин ард юу ч хэлээгүй. Мал сүргээ идээшлүүлдэг бэлчээрийн газар нутгийг нь сүйтгэх болсон нь тэдэнд ямар ч сонголт үлдээгээгүй бөгөөд хот, суурин газарт Засгийн газраас хангасан орон сууц руу нүүхээс өөр аргагүйд хүрсэн. Нүүдэлчид бэлчээрийн газраа алдсан нь өөрсдийнх нь буруу мэтээр ойлгуулж байгаа боловч үнэн хэрэгтээ уул уурхай гол шалтгаан юм. Нүүрс олборлоход ус ихээр шаардагдах тул Өвөр Монголын газрын доорх усыг ихээр авч, ашиглаж байна. Үүний уршгаар усны түвшин буурч, хөдөө аж ахуй, мал аж ахуйн зориулалтаар ашиглах усны нөөц багасах болжээ. Бэлчээрийн даац хэтрэх аюулд хүрсэн нь малчид гэхээс илүүтэй томоохон сүүний үйлдвэрүүдтэй холбоотой.

Хятадын Засгийн газрын бодлогын эдийн засгийн үйл явцыг зөв шударга бүрдүүлж буй хэм хэмжээг тодорхой болгох нь зүйтэй. Тус улсын эдийн засгийн өсөлт зөвхөн Өвөр Монгол төдийгүй улсын хэмжээнд маш сайн үзүүлэлттэй байгаа билээ. Гэвч энэ их өсөлт асар их үнэ цэнээр олдсон. Өөрөөр хэлбэл байгаль орчноо золиослон, нүдээ аниад өнгөрснийхөө хариуд тэд өнөөдөр экологи төдийгүй эдийн засгийн талаас нь авч үзвэл нутгийн иргэдийн амьдралд хэдэн үеэр нь сөргөөр нөлөөлөх аюулд ороод байгаа билээ.

Засгийн газар Өвөр Монголын нүүдэлчдийг амьдрах орон сууцаар хангаж, нийгмийн хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа ч тэдний ихэнх нь гэр бүлийн орлогын гол эх үүсвэрээ алдсан нь гашуун үнэн. Олон хүн өөр ажил олох гэж чадлаараа зүтгэж байгаа ч уурхайд ажилд оръё гэхээр өөр мужуудаас ажиллах хүчээ татдаг аж. Тэдэнд тулгардаг бас нэг асуудал нь хот, суурин газарт ажилд орох хэмжээнд шаардлага хангахуйц Хятадын Мандари хэлний мэдлэггүй байдаг байна. Тэдний амьдралын түвшинг сайжруулах нэрийдлээр хот, суурин газарт суурьшуулсан нь дээрдэх бус дордох нөхцөл болжээ.

Тэдний хувьд мал аж ахуй амьдралаа залгуулах эх үүсвэр, соёлынх нь гол зангилаа байсан учраас бэлчээрийн газраа алдсан нь соёлын “шок”-нд оруулжээ. Нүүдэлчдийг “орчин үе”-ийн амьдралаар амьдрах хэрэгтэй гэж шаардах нь тэдний соёл, уламжлал юу ч биш гэж хэлэхтэй бараг адилхан. Өвөр Монголын нүүдэлчин соёлыг үл хүндэтгэж байгаа нь Хятадад ноёрхсон Хан аймгаас бусад соёл, зан заншил нэгэн адил хөөрхийлэлтэй хувь тавилантай гэдгийн тод жишээ ажээ. Энэ нь ялангуяа өнгөлөг “угсаатны" хувцас, чимэглэлээр гоёж, дуулж хуурдан, бүжиглэдэг тэдний хувьд соёл нь үнэ цэнэтэй байх ёстой атал жуулчдын нүд хужирлах төдийхэн шог зураг, үзмэр мэт харагдах болжээ. Эдгээр соёлын үндсийг таслахын хажуугаар шог зураг шиг болгож байгаа нь эмгэнэлтэй.

Огт өөрчлөгддөггүй соёл гэж байхгүй ч аливаа нөхцөл байдлыг хүлээн авах, зохицох уламжлалт арга замууд гэж бий. Тухайлбал, хөрш зэргэлдээ Монгол Улсад нүүдэлчин малчид малаа маллаж, үр шимийг нь хүртсээр ирсэн сайхан туршлага бэлэн байна. Хэрвээ Өвөр Монголын угсаатны цөөнхийн амьдралын нөхцөлийг сайжруулах нь Хятадын Засгийн газрын бодлого мөн л юм бол үүнийг тэдний амьдралын суурийг үндсээр нь таслалгүйгээр хийж болох л байсан. Үндсэндээ Өвөр Монгол дахь Хятадын бодлого байгаль орчин, соёлын гэх хоёр талаас сүйрлийг дагууллаа. Үүнийг “орчин үе” гэж үзэж болох уу?

Эх сурвалж: www.independent.co.uk