Хятадын хотууд утаан мананд бүрхэгджээ

Хятадын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан аюулгүйн түвшнээс давжээ. Агаарын бохирдол ийнхүү ихэссэн нь цаг агаарын байдалтай холбоотой аж. Ойрын өдрүүдэд Хятадад цаг агаар эрс хүйтэрснээс үүдэн нүүрсний хэрэглээ өсөж, улмаар шаталтаас ялгарах хорт утаа нэмэгджээ. Тус утаан хөшиг зузаарахад нөлөөлж буй бусад хүчин зүйлд салхигүй тогтонги цаг агаар, машины утаа орж байна.

Агаарын бохирдол ихтэй байгаа хотуудын захиргаанаас ард иргэдээ маск зүүх мөн дасгал хийхгүй байхыг анхааруулж байна. Учир нь дасгал хөдөлгөөн хийх үед амьсгал дээрдэж, уушиг руу орох агаарын хэмжээ нэмэгддэг. Ингэснээр уушиг үрэвсэх, улмаар уушигны үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсэх магадлалтай.

Өчигдөр буюу агаарын бохирдлын гурав дахь өдөр Бээжинд нэг куб метерт агуулагдах хорт утааны хэмжээ 886 микрограммд хүрсэн байна. Уг хэмжээ нь нэг куб метерт 25 микрограммаас ихгүй байвал хэвийн, 100-аас давсан тохиолдолд эрүүл мэндэд хортой нөлөөтэй, 300-д хүрвэл бага насны хүүхэд, өндөр настай гэрээс гарахгүй байх ёстой бөгөөд 500-д хүрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд нэн аюултай буюу аюулын түвшин гэгддэг аж.

Агаарын бохирдол ихэссэн эдгээр өдрүүдэд бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдснээс эмнэлэгүүд ачааллаа даахгүйд хүрчээ. Нэг эмнэлэгт өдөрт дунджаар 7000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэх тооцоо ч гарчээ. Түүнчлэн иргэдийн дунд уушиг, зүрх судасны өвчлөл нэмэгдсэн үзүүлэлт байна.

Одоогийн байдлаар Хятадын 33 хотын 100 сая гаруй иргэд агаарын бохирдлын аюултай бүсэд амьдарч байгаа бөгөөд эдгээр газруудад агаарын бохирдлыг бууруулах зорилгоор төлөвлөгөө хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд: их хэмжээний тоосжилт үүсгэдэг барилгын ажлуудыг зогсоох, хорт хийн ялгаралыг багасгахаар үйлдвэрийн үйл ажиллагааг хорих зэрэг арга хэмжээнээс гадна сургуулиудын хичээлийг хязгаарлах, эсвэл бүр зогсоох ажил уг төлөвлөгөөнд багтжээ.