Хятадын хөрөнгө оруулалт огцом уруудсны учир

Хятад улсад энэ жилийн эхний хоёр сарын хугацаанд 19.3 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин хоёрдугаар сард тус улсад орж ирсэн хөрөнгө оруулалтын хэмжээг дангаар нь авч үзвэл огцом сааралт гарсан нь Хятадын Цагаан сарын баяртай холбоотой хэмээн Худалдааны яамнаас мэдэгдлээ. Яамны хэвлэлийн төлөөлөгч Шин Даняан баяраар дэлгүүр, албан газрууд болон үйлдвэрүүд удаан хугацаагаар ажилладаггүй учир хоёрдугаар сарын үзүүлэлт огцом сааралттай гарсан хэмээн тайлбар өгсөн байна.
Олон нийтэд ил болсон тоон үзүүлэлтээс үзвэл, хоёрдугаар сарын хөрөнгө оруулалт 8.6 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 4.1 хувийн өсөлттэй байгаа юм. Харин нэгдүгээр сард гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийн өдийтэй нь харьцуулахад 16.1 хувийн өндөр өсөлттэй байжээ.

Азийн ТОП 10 эдийн засагтай орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалт он гарсаар эхний хоёр сард 11.6 хувиар өсч 16.9 тэрбум ам.долларт хүрчээ. Тус тиврүү чиглэсэн АНУ-ын хөрөнгө оруулалт 43.3 хувиар өссөн бол Европын холбооных 13.8 хувиар буурсан байна.