Хятадын эдийн засгийн энхэл донхол эхлэл

Хятадын эдийн засгийн төлөв төдийлэн төвшин харагдахгүй байгааг Дэлхийн банк баталлаа. Тус банкнаас Зүүн Азийн улсуудын эдийн засгийн төлвийг харуулсан тайлангаа өчигдөр танилцуулсан.

Тэгвэл Хятад улсын эдийн засаг энэ жил 7.7 хувиар өснө хэмээн таамаглаж байсан Дэлхийн банк уг төлвөө ялимгүй бууруулж, 7.6 хувь болголоо. Энэ нь дэлхийн томоохон эдийн засгуудын сэргэлт тийм ч дардан байхгүйг харуулж байна.

Дэлхийн банкны энэ дөрөвдүгээр сарын тайлан Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгааг баталлаа гэж эдийн засагчид хэлж байна.

АНУ-ын ДНБ-ний тал хувьтай тэнцдэг Хятадын 9 их наяд ам.долларын эдийн засаг сүүлийн 12 сард ихээхэн хүчин чармайлтыг гаргаж одоогийн нөхцөл байдлын эсрэг зогсох гэж хичээж буй. Учир нь, тус улсын Засгийн газар экспортод хэт найдсан эдийн засгаа дотоодын хэрэглээгээрээ дэмжигддэг болгохын тулд бодлогын шилжилт хийж эхэлсэн. БНХАУ-ын Ардын хурлаас энэ жил 7.5 хувийн эдийн засгийн өсөлтийн зорилтыг энэ жил тавьсан.

Хятадын эдийн засгийн удаашрал нь дэлхийн бусад улсад ч нөлөөлнө. Учир нь, тус улс нь дэлхийн хамгийн том бөгөөд цогц худалдааны зангилаа төв юм.