Хятад арлын асуудлаарх Японы мэдэгдлийг няцаав

Ази-Европын ес дэх дээд хэмжээний уулзалт өнгөрсөн мягмар гаригт хуралдсан. ASEM-ын IV хуралдааны үеэрХятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи Дайоюу арлын асуудлаар Японы талаас хийсэн ташаа мэдэгдлийг няцаав.

Хуралдаан дээр Япон улс уулзалтын үндсэн сэдэв болох хамтын ажиллагааны асуудлыг эс хайхран Хятад улсад харъяалагддаг Зүүн Хятадын тэнгист орших Дайоюу аралтай холбоотой баримт мэдээллийг санаатайгаар гажуудуулсан гэв. Тиймээс ноён Ян Дайоюу арлын түүх, холбогдох баримт сэлтийг тайлбарлаад, оролцогч улсуудын төлөөлөгчдөд Хятадын Засгийн газрын албан ёсны байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Дайоюу, түүний хөрш зэргэлдээх жижиг арлууд нь эрт дээр үеэс Хятадын ариун дагшин газар нутаг байснаас гадна одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу ихээхэн урт хугацаанд тус улсад харъяалагдсаар ирсэн. 1895 онд Хятад-Японы I дайнд Хятад ялагдсанаар тухайн үед төр барьж байсан Qing хаанаар дээрх арлууд болон бусад газар нутгийг Японы талд шилжүүлэх тэгш бус хэлэлцээрт албан шахалтаар гарын үсэг зуруулсан байдаг. Харин Дэлхийн II дайны дараа Кайрын тунхаг болон Потсдамын тунхагын дагуу Японд эзлэн түрэмгийлүүлээд байсан Дайоюу ба бусад жижиг арлыг Хятадын харъяалалд буцааж өгсөн. Японы Засгийн газраас илэрхийлж буй нэг талыг хэт барьсан, арлыг эзэмших санаархал болоод бусад хэлбэрийн өдөөн хатгалга нь Хятадын газар нутгийн бие даасан байдалд ноцтойгоор халдаж буй хэрэг юм. Түүнчлэн Японы дээрх байр суурь нь фашизмыг эсэргүүцсэн дэлхийн дайны ялалтыг үгүйсгэсэн үйлдэл болохын зэрэгцээ дайны дараах олон улсын дэг журам, НҮБ-ын дүрмийн зарчим, зорилготой зөрчилдөж байна гэв.

Мөн Хятадын Засгийн газар улсынхаа газар нутгийн бие даасан байдлыг хангах тал дээр хатуу байр суурь баримталж байгаа ба Японы талаас тус улсын газар нутагт санаархсан аливаа үйлдлээ даруй зогсоож, гаргасан алдаагаа бодит үйл ажиллагаагаар залруулан, үүсээд байгаа нөхцөл байдлыг зохистой шийдвэрлэхийг зогсолтгүй шаардах болно” гэжээ.

Түүнчлэн ноён Янг ASEM-ын дээд хэмжээний уулзалт нь Ази, Европын улс орнууд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий нийтийн хөгжлийн төлөө хүчин чармайлт гаргах индэр байх ёстойг төгсгөлд нь онцлон тэмдэглэсэн.