Хятад эдийн засгийн өсөлтөө дэмжих аргаа танилцууллаа

Сүүлийн үед Хятад улсын эдийн засаг удааширч байгаа талаарх мэдээ баримт ар, араасаа цуварч байгаа. Харин Хятадын Засгийн газар энэ жилийн хувьд анх удаа эдийн засгийн өсөлтөө дэмжих арга хэмжээнүүдээ танилцууллаа.

Засгийн газрын зүгээс жижиг аж ахуйн нэгжүүдэд ногдуулдаг татвараа бууруулах мөн төмөр замын барилгын ажлаа түргэвчлэхээр зэхэж байгаа аж.
Дээрх арга хэмжээнүүд нь Хятадын засгийн газрын 2014 оны эдийн засгийн мөрийн хөтөлбөрт орсон байгаа билээ.
Гэсэн ч өмнө нь эдгээр арга хэмжээнүүдийг багцалж эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэл болгоогүй байсан юм.
“Бид цаашид төсөв сангийн болон санхүүгийн арга хэрэгслүүдээр дамжуулан шинэлэг аргаар тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангаж ажиллана” гэж Хятадын Засгийн газрын вэб сайтад мэдээлжээ.
Дээрх мэдээлэл гарсны дараа Азийн хөрөнгийн биржүүд дээрх хувьцаа өссөн байна.
Шинэ төмөр замын барилгын ажилд зарцуулах төсвөө өмнөх жилтэй харьцуулахад 18 хувиар нэмэхээр болсон байна. Үүнийг санхүүжүүлэхэд Засгийн газраас 24.6 тэрбум ам.доллартай тэнцэх юанийн бонд гаргахаар болжээ.
Цаашлаад Хятадын Засгийн газар жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд 2016 он дуустал тэдгээр компаниудын татвар төлөлтийн хугацааг сунгахаар болжээ.
Засгийн газрын зүгээс бизнесийг дэмжих замаар эрэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг олшруулахад анхаарна гэдгээ хэлж байгаа юм.