Хятад, Япон доллараас татгалзаж байна

Өчигдөр Бээжин хотноо болсон Японы ерөнхий сайд Яошихико Нода болон Вень Зябао нарын уулзалтын дараа Японы Засгийн газраас “Хятад, Япон хоёр гадаад худалдаандаа доллар ашиглахаа зогсоож, иен болон юанийг ашиглаж эхлэх, уг худалдаанд хувийн өмчийн компаниудын оролцоог нэмэгдүүлж, зах зээлийн цаашдын хөгжлийг дэмжих бодлого баримтлах” тухай Японы Засгийн газраас мэдэгдлээ.

Мөн ирэх жилээс эхлэн Япон улс Хятадын бондыг худалдан авах тухайгаа уг мэдэгдэлдээ дурдлаа. Иймэрхүү байдлаар иен-юаний тогтолцоог бий болгосноор гадаад худалдаанд гардаг аливаа эрсдэлийг бууруулах талтай хэмээн хэлэв.

Хятад улсын хувьд Японы хамгийн том худалдааны хамтрагч улс бөгөөд 10 жилийн өмнөх 9.2 триллион иентэй харьцуулахад хоёр орны худалдаа өргөжин өнгөрсөн онд гэхэд л энэхүү тоо нийт 26.5 их наяд иен буюу 340 тэрбум ам.долларт хүрчээ. “Зөвхөн Азид ч биш, дэлхийн хэмжээний хоёр том зах зээл, эдийн засагтай орны хооронд хийгдэж байгаа учраас энэхүү гэрээ нь Хятад орны хувьд өөр бусад оронтой байгуулсан ямар ч гэрээнээс илүү чухал ач холбогдолтой” хэмээн Бээжинд төвтэй (IHS Global Insight Ltd.)-ийн эдийн засагч Рен Шианфан мэдэгдлээ.

Хятад улсын хувьд өнгөрөгч 10 сард Засгийн газраас нь гаргасан АСЕИН-ы бүсэд юаний хэрэглээг нэмэгдүүлж, чөлөөт худалдааны бүс байгуулах төлөвлөгөөний дагуу өнгөрсөн долоо хоногт Тайландтай 70 тэрбум юань буюу 11 тэрбум ам.долларын валютын солилцоо хийхээр гэрээнд гарын үсэг зурсан. Үүний үр дүнд Тайландаас эхлээд Нигер хүртэлх улсуудын төв банкнууд юанийг худалдан авч эхлээд байна.