Буудайг зөвхөн цас дарав уу?

Сэтгүүлч Г. Даваадорж

Цаг агаарын нөхцөл бол энэ салбарын олон том сорилтын зөвхөн нэг нь.

Нар жаргахын хэрд “Хүдэр-104 км” гэсэн самбарын дэргэд ирлээ. Дөрвөн цаг гаруй овгор товгортой, нүхтэй хагархайтай Улаанбаатар-Дарханы замаар PRIUS машинаар явсны эцэст шинэхэн барьсан толигор зам дээр гарахад агсам мориноос буусан адил болов. Ууландаа цас түлхүү унасан учир цонх онгойлгоход хүйтэн салхи өмнөөс үлээж бие жихүүцүүлнэ. Улсын хилээс ердөө 30 км зайд оршдог, газрын дээр ч, доор ч арвин баялагтай Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ургац хураалт ямар байгаа талаар сурвалжилж мэдэхээр яваа маань энэ юм. Хүдэр сум нь цас эрт унадаг ч гэсэн хөрс нь үржил шимтэй өгөөж баян хангай юм. Улаанбаатарт намар, харин Хүдэрт хэдийнэ өвөл болсон юм шиг санагдаж байв.

Бид шөнө болсон хойно Хүдэр суман дахь “Хүдэр ургац” компанийн үтрэм дээр ирэв. Оройн есөн цаг болж байсан ажил дуусах болоогүй байлаа. Буудай ачсан машинууд үтрэмийн том хашаагаар орж гаран, нүргэлсэн дуутай будаа цэвэрлэгч машины дэргэд ажилчид буудай хүрздэн зогсоно. Тэнгэрийн сиймхийд будааныхаа бүтээлгийг хуулан хатааж, ганц тэвш ч болтугай буудай цэвэрлэхийн төлөө тэд ажиллаж байна. Сүүлийн хэд хоногт цаг агаар таагүй байгаа учраас комбаниуд ойрын 2-3 хоногтоо талбайд гарахгүй.

Байгаль эх Засгийн газрын төлөвлөгөөг хайхардаггүй учраас энэ онд цас эрт унаж тариалангийн ихэнх талбайн буудай орсон цасыг дааж чадалгүй нэг нэгнээ даран сөхөрчээ.Аравдугаар сард цаг агаар тийм ч тааламжтай бус, сарын сүүлээр бүр дордоно гэсэн урьдчилсан мэдээтэй байлаа.

Хэдийгээр цаг агаарын нөхцөл ийнхүү хавчиж байгаа ч “Ургац хүдэр” компанийн захирал Л.Цандэлэгийн царайнаас сандарч мэгдсэн шинж ажиглагдахгүй байв. Тэрбээр анх Хүдэрт ирж тариа тарьснаас хойш 25 жил тасралтгүй газар тариалан эрхэлж байна. Тиймээс тэнгэрийн муухайд сандардаг хүн биш аж. Ажилчид түр амсхийж цай уух зуур шөнийн тэнгэрээс цас будагнаж эхлэхэд хучлагыг нь авсан будаа норох нь хэмээн бүгд гүйлдэн гарав. Л.Цандэлэг захирал гарч ирэн тэнгэр өөд хараад “Хөөе, жаахан хүлээж байя л даа” гэж хэлэв. Удалгүй цас будагнахаа болиход “Би ч бас хоосонгүй шүү” хэмээн хошигнов.

Буудай норвол аюултай. Нойтон будаа дотроосоо халсаар яг л өтөг адил шатаж орхидог. Бид хараахан хатааж амжаагүй нуруу руу гараа хийж үзэхэд халуун үнстэй зуух шиг бүлээхэн байв.

Хүдэр сумын хэмжээнд 10 гаруй мянган га талбай бий. Үүний зургаан мянга га-д “Ургац хүдэр” ХХК тариалалт хийдэг. “Ургац хүдэр” компани энэ онд нийтдээ 4000 га талбайд улаан буудай тариалсан бөгөөд одоо зөвхөн талдаа орж яваа бөгөөд гүйцэд хураахын тулд ойролцоогоор хоёр долоо хоног хэрэгтэй. Бороо оройтож орсноос буудай нялхарч болцыг нь гүйцээх гэж хүлээж байгаад цасанд даруулчихсан гэж ярилаа.

Уг нь энэ жил Хүдэр суманд буудай сайн ургаж нэг га-гаас 20 хүртэл центнер будаа авах төлөвтэй байсан ч цаснаас болж гарц 2-3 дахин буурчээ.

Буудай налсан учраас комбаниуд хурдан явж хураах боломжгүй. Уг нь комбаниуд өдөрт 300-400 га-г хураах хүчин чадалтай ч одоо ердөө 100 га-г л хурааж байна. Удаан явахад түлш ахиу зарцуулна. Мөн нойтон будаа үтрэм дээр ирсний дараа халж муудчих гээд байгаа нь илүү ажиллагаа шаардаж байна. “Энэ жил би атрынхаа 60 жилийн ойг арвин ургацтай угтаж тэмдэглэе гэж бодсон ч бүтэхгүй нь бололтой” гэж Л.Цандэлэг ярилаа.

Тарган мал ба туранхай тариачин


“Ургац Хүдэр” ХХК нь оргил ачааллынхаа үед 100 гаруй хүн ажиллуулдаг, энэ хавьдаа хамгийн том газар тариалангийн компани. Гэхдээ том талбайтай тариаланчийн зовлон нь бас том. Монголын малын тоо өссөн, газар тариалангийн салбар сэргэсэн хоёр давхцаж малчид, тариаланчдын сонирхол мөргөлджээ. Л.Цандэлэг бол малчидтай олон жил “дайтаж” яваа хүний нэг.

Сүүлийн жилүүдэд газар тариалангийн бүс дэх малын тоо эрс ихэссэн. Сэлэнгэ аймгийн хувьд голдуу Увс аймгийн малчид нүүдэллэн ирж нутагшжээ.

Жил бүр 10 дугаар сар гарангуут тариа хурааж дуусаагүй байхад малчид өвөлжөөндөө бууж мал тариан талбайг хэдэн талаас нь шахна.

Гэтэл орчин үед тариалалт хийх технологийн горимоор бол тариан талбайд мал оруулах ёсгүй. Учир нь газрыг хагалж биш хавж тариалдаг болсон технологийн дагуу тариан талбайг дараагийн хавар болтол сүрлээр нь хучиж чийгийг нь хадгалах ёстой. Гэвч өвөл мал ороод сүрлийг нь идчихээр хавар дулаарахад чийг нь алга болдог. Ялангуяа адуу ороход тариан талбайд тун хортой бөгөөд тариачид адууг “таван амтай” гэж хэлдэг. Яагаад гэвэл адуу амаараа идэхээс гадна дөрвөн хөлөөрөө хөрс эвддэг, тарианы иш, үндсийг хугалж сүйдэлдэг. Эндхийн малчид адуугаа өглөө эрт талбай оруулдаг. Энэ бүгдийн учрыг малчдад тайлбарлаад огт ойлгодоггүй гэж Л.Цандэлэг ярилаа. Сумын удирдлага сонгуулиар санал авч чадахгүй гэж айгаад энэ талаар шийдэмгий ажил хийдэггүй аж.

Ургац Хүдэр компани олон хүнийг талбайн сахиул болгон хөлслөхөөс өөр аргагүй болж байна. Тэдний ажил бол морь, мотоцикл унан талбайд орж ирсэн малтай хөөцөлдөх. Гэвч харамсалтай нь талбайгаа хамгаалах гэсэн тариачны зүтгэл, малаа таргалуулах гэсэн малчны хүсэл хоорондоо зөрчилдөж, заримдаа хурцадмал хэлбэрт шилжин талбайн сахиулууд зодуулсан ч удаа байна. Тэр байтугай Булган аймагт тарианд орсон адууг буудсан тохиолдол хүртэл гарсныг тариачид бидэнд ярьсан юм.

Хэдийгээр саяхнаас газар тариалангийн бүсийг төрөөс тогтоож өгсөн ч байдал өөрчлөгдөөгүй гэж Л.Цандэлэг хэлэв. Үнэхээр биднийг Хүдэр сумаас гарч явахад замын хажуугийн тариан талбайд идээшилжбуй бог, бод малын сүрэг цөөнгүй байв.

Мал ихэссэний зэрэгцээ Хүдэрийн баялаг хангай хүнээр дутаж буй нь илт байлаа. “Ургац Хүдэр” компанид ажиллаж буй хүмүүсийн олонхи нь 50-60 настай.

Сүүлийн жилүүдэд газар тариалангийн техник илүү боловсронгуй болсон бөгөөд голдуу АНУ-д үйлдвэрлэсэн компьютержсан техник ашигладаг. Гэвч үүн дээр ажиллах хүн ховорджээ. Хуучных шиг техникчдийг бэлдэж өгдөг сургалтын тогтолцоо байхгүй учраас мэдлэгтэй, чадвартай хүн олно гэдэг тариа тарихаас ч илүү хүнд ажил. “Саяхан нэг комбанид асуудал гарахад мэдэх хүн байхгүй, Америкийн Jon Deere гэдэг компани руу нь холбогдоход зөвхөн оношлоход 3.5 сая төгрөг болно гэж байна” гэж Л.Цандэлэг ярив. Үтрэмийн даргаар ажиллаж буй н.Буянбадрах “Би трактор, комбани барьдаг ч компүүтэр мэдэхгүй” гэлээ. Түүнээс гадна газар тариалан нь улирлын чанартай ажил учраас ажиллах хүсэлтэй хүмүүс цөөхөн.

Залуучууд хот руу дүрвэсэн давалгаанд Хүдэрийнхэн ч бас өртжээ. Л.Цандэлэг захирал хүртэл Америкт их сургууль төгссөн том хүүгээ газар тариалангийн ажилд зүгшрүүлэхийн тулд энд хүчээр шахуу байлгаж арай ядан тогтоож байгаа аж.

Хүч тэнцвэргүй тулаан


Хүдэрт хийсэн сурвалжлагаас бид буудайг зөвхөн цас дараагүй гэдгийг ойлгосон юм. Буудайг зах зээл, тодруулбал мөнгө цаснаас ч хүнд жингээр дарж бие даан өндийх боломж олгохгүй байна. Учир байдлыг Л.Цандэлэгийн өөрийн үгээр хүргэж байна. Гэхдээ энэ бол зөвхөн түүнийх биш, бусад олон тариаланчдын хэлдэг үг юм.

“Жил бүр тариаланчид болон гурилын үйлдвэрүүдийн хооронд буудайны үнэтэй холбоотой маргаан дэгддэг. Тариаланчид зах зээлд яагаад ч нөлөөлж чадахгүй байна. Гурилын үйлдвэр биднээс нэг тонн буудайг 500 мянгаар авлаа гэж бодъё. Үүнээс тээврийн зардал, чийгийн хорогдол, хольцын хорогдол хасагдаад ойролцоогоор 400 мянга болно. Гурилын үйлдвэр түүгээр гурил хийж 1200-1300 төгрөгөөр зарна. Будааны хальсаар хивэг хийж зарахад үйлдвэрлэлийн зардлын багагүй хэсгийг нөхнө. Монголд монополь эрхтэй хэдхэн үйлдвэр бий. Дөрвөн том гурилын үйлдвэрийн нэг нь Хаан банкных, нэг нь Таван Богд компанийнх, нэг нь Ерөнхийлөгчийнх гэх мэт. Тэд манай улсын гурилын зах зээлийг атгасан гэж болно. Тариаланчдаас ялгаатай нь тэд цаг агаарын нөхцлөөс болж эрсдэл хүлээдэггүй.

Үүнээс гадна шатахууны үнэ дарамт болдог. Шатахуун зардлын 60 хувийг эзэлдэг.Бид буудайгаа 550 мянгаар худалдаж байхад дизель түлшний үнэ 1500-1600 төгрөг байсан бол одоо 2000 давсан. Өнөөдөр буудайг тонн тутамд нь 600 мянган төгрөгөөр худалдаж авна гэж байгаа ч энэ бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлэндээ авч буудайны үнэ юм.

Үрийн буудайны үнэ өссөөр байна. Одоогийн байдлаар ОХУ-аас нэг тонн үрийн буудайг 800 мянгаар авч байна. Техникийн сэлбэг хэрэгсэл зардлын 30 хувийг эзэлдэг бөгөөд энэ болгоныг бид бас л валютаар авдаг.

Энэ мэт шалтгаанаас бид үнийн хувьд өрсөлдөх чадвараа алддаг. Тариаланчдад шударга үнэ хэрэгтэй. Нэг литр цэвэр ус нэг кг гурилын үнэтэй бараг адилхан байна. Өөрөөр хэлбэл гурилын үнэ цэнэ доогуур байна. Миний хувьд гурилын үнийг 200 төгрөгөөр нэмчихэд зах зээлд сүртэй нөлөөлөхгүй гэж бодож байна.

Газар тариалангийн салбарт хүчтэй нэгдсэн бодлого дутагдаад байна. Хэдийгээр “Атрын III аян”-ны хүрээнд төр засгаас дэмжиж байгаа ч тариаланчид улсын юмыг зүгээр аваагүй. Техник, шатахуунаа зээлээр авч дараа нь буудайгаар төлдөг. Би яагаад ингэж яриад байна гэхээр гурил бол стратегийн бүтээгдэхүүний нэг, монгол хүн гурилгүй амьдарч чадахгүй учраас хүчтэй, тогтвортой бодлого шаардлагатай байна. Ядаж цаг хэцүүдэхэд хэрэглэх буудайгаа хадгалчихдаг баймаар байна. Нөөцгүй учраас ган болох бүрт гаднаас валютаар буудай авдаг. Энэ валютыг чинь тэгж ихээр нь гаргамааргүй байна ш дээ.

Энэ нь цаашлаад манай улсын хүн амын хүнсний аюулгүй байдалтай холбогдоно. Импортын гурилан бүтээгдэхүүн монгол хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ гэдэгт өнөөдөр тодорхой хариулт алга. ОХУ бидэнд хамгийн сайн буудайгаа худалддаг гэдэгт би эргэлзэж байна. Тиймээс газар тариалангийн хөгжил бол үндэсний аюулгүй байдлын нэг бүрдэл хэсэг юм. Улс оршин тогтнохын нэг үндэс нь хоол хүнс шүү дээ.

Тариаланчид өөрсдөө ашигласан хөрсөндөө шаардлагатай эрдсийг нь бордоо хэлбэрээр буцааж өгч байх ёстой. Үүнийг хийхийн тулд тариаланчдад хөрөнгө мөнгө хэрэгтэй. Харин мөнгийг бий болгох арга зам нь улаан буудайны үнийг өсгөх. Нэг тонн нийлмэл бордооны дундаж үнэ 1.5 сая төгрөг. Нэг га талбайд дор хаяж 100 кг бордоо хийж байж хөрс үржил шимтэй болно. Өөрөөр хэлбэл бид нэг га-д 150 мянган төгрөгний бордоо хийж санасан хэмжээний ургац авна. Бордоо, бодисыг бас л гаднаас валютаар авна. Тариаланчдын Монголоос авч буй ганц зүйл бол хөдөлмөрлөх хүч.

Бас энэ салбарын сайд дарга нар байнга солигддог ажлыг хүндрүүлж байна. Миний хувьд П.Сэргэлэн сайдыг өөрөө газар тариалан эрхэлдэг, салбараа сайн мэддэг хүн гэж бодож байсан ч Засгийн газар солигдчихлоо. Шинэ хүн томилогдоод асуудлаа ойлгож байтал хугацаа орно. Монгол Улс 470 мянган тонн буудай хураачихаад байхад Оросоос 100 мянган тонн буудай оруулж ирээд биднийг шатаасан сайд хүртэл байлаа. Ийм байдлаар хямдхан будаа оруулж ирж шахдаг сүлжээ Монголд бий болсон. Үүнийг бид биеэрээ амсдаг учраас ингэж ярьж байгаа юм”.