Хүлэмжийн хийн эсрэг хамтран ажиллахаар боллоо

Монгол Улс, Япон улсын Засгийн газартай эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болжээ. Түншлэлийн хүрээнд Японы тал манай улсад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хүлэмжийн хийн хэмжээг бууруулж, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, дэлхийн дулаарлыг сааруулахад тодорхой хувь нэмэр оруулсан төсөлд урамшуулал олгох гэнэ.

Талууд одоогоор эрчим хүчний хангамжын салбарт хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад шаардлагатай технологийн судалгаа хийж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд “Байгальд ээлтэй эрчим хүчний технологи, арга хэмжээ, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх боломжууд” сэдэвт хурлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Японы Байгаль орчны яамны дэргэдэх Байгаль орчны гадаад хамтын ажиллагааны төвтэй / БОГХАТ / хамтран өнөөдөр зохион байгууллаа.

Хурлын үеэр дулааны цахилгаан станцын байгальд ээлтэй технологи, үр ашгийг сайжруулах боломжын талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцсан юм. Японы талаас манайд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний хүрээнд нэвтрүүлж болох технологиудыг танилцууллаа. Тухайлбал, Цахилгаан станцаас гарч буй үнсний хаягдлыг цементийн үйлдвэрлэлд ашиглах, Байгаль орчинд ээлтэй модулийн технологи зэргийг санал болгосон. ШУА-ын нарийн бичгийн дарга Э.Пүрэвдорж “Шинжлэх ухаан гэдэг бол хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг амьдралд хэрэгжүүлэх арга ухаан. Япончууд энэ тал дээр дэлхийд тэргүүлэгч. Тиймээс тэдэнтэй хамтран ажиллах нь чухал. Гэхдээ дотоодын шинжлэх ухааны салбараа дэмжих хэрэгтэй. Үнсийг барилгын материалд ашиглах талаар манайханд ч хийсэн судалгаа бий” гэсэн юм. Талууд Монгол болон Японы компаниудыг технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах боломжыг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн.

БОГХАТ-ийн ахлах Макото Като “Хоёр орны энэ талын үйл ажиллагааг нь богино болон урт хугацааны гэж хоёр хэсэгт ангилж болно. Богино хугацааны төлөвлөгөө ер нь бол амархан гарахаар байна. Танай орны ихэнх цахилгаан дулааны станцид технологийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай талаар холбогдох хүмүүс хэлж байсан. Тиймээс технологийн шинэчлэлийг хийхдээ л байгальд ээлтэйг нь сонгох хэрэгтэй” гэсэн юм. Үнэхээр манай цахилгаан станциудын дийлэнх нь 60,70 оноос хойш шинэчлэгдээгүй. Энэ талаар холбогдох яамны хүмүүс хурлын үеэр онцолж байсан. Эрчим хүчний яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж “Японы талын танилцуулж байгаа хүлэмжийн хийг дүйцүүлэн тооцох аргыг бид нэврүүлэх хэрэгтэй. Манай эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудал бол эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг хангах болоод байна. Тиймээс технологийн шинэчлэлийг хийхдээ Японы дэвшилтэт технологийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ энэ нь шууд авчраад хэрэглэнэ гэсэн үг биш. Аль болох өөрийн орны онцлогт тааруулан нутагшуулах учиртай” гэлээ. Мөн хурлын үеэр одоогоор улсын хэмжээнд 500 мВт-ын хэрэгцээ байгааг онцолсон. Уг хэрэгцээг хангахын тулд ТЭЦ V цахилгаан станц баригдах болсон талаар Эрчим хүчний яамныхан хэлж байсан юм. Мөн ТЭЦ V-ийг эдийн засгийн үр ашигтай, байгальд ээлтэй технологид суурилсан маш том бүтээн байгуулалт гэдгээр нь танилцуулсан. БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Д.Дагвадорж “ТЭЦV-ыг бид Монголын эрчим хүчний салбарт хийгдэж буй үлгэр жишээ ажил болно гэж бодож байна. Цаашдаа энэ мэт олон бүтээн байгуулалтад Японтой хамтран ажиллах хэрэгтэй байх. Эрчим хүч, зам тээвэр, барилга, сэргээгдэх эрчим хүчний салбарт тус улсын өндөр технологийг нэвтрүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасган, эдийн засгийн хэмнэлт хийх боломжтой гэж талууд үзэж байна” гэсэн юм.

Ямартай ч эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах бүх төрлийн арга хэмжээг тодорхойлох зорилгоор судалгаа, шинжилгээ хийнэ гэдгийг талууд онцолсон.