Хүлээлт буюу “Хэлсэндээ шүү”

Уул уурхайгүйгээр Монголын маргаашийг төсөөлөөд үзэх үү. Хамгийн түрүүнд төсвийн орлого ганхаж, төрийн сан хоосрох болов уу. Цаашилбал, уул уурхайг бараадсан дагалдах салбарууд уналтад орж ажилгүйдэл нэмэгдэх нь мэдээж. Боловсрол, эрүүл мэнд зэрэг үйлчилгээний салбар хөрөнгө оруулалтаар гачигдаж, цалингаа ч тавьж чадахгүйд тулах вий. Юун эдийн засгийн өсөлт, өсөх бус буурах үзэгдэл эрчимжих нь дамжиггүй. Бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хий хоосон цаас болон шарлана. Уул уурхайг “саалийн үнээ” болгосон аж ахуйн нэгж, зөвхөн уул уурхайгаас 90 гаруй хувь нь хамаарсан Монголын эдийн засаг хад мөргөнө. Тэгвэл Монгол Улс уул уурхайг үл тоолоо гэхэд юу болж болох вэ.

“Уул уурхайн салбараа авръя” хөдөлгөөний тэргүүн Б.Агваандондов “Улстөрчид нам хоорондоо улс төр хийдэг байсан бол одоо улс орны тэргүүлэх салбараар улс төр хийдэг болжээ” гэв. Үгүйсгэж, баллуурдсан ч уул уурхайн салбарын хувь нэмэр манай улсын эдийн засагт даанч их болох нь маргашгүй үнэн. Гэтэл сүүлийн үед уул уурхайн салбарт улстөржилт хэт явагдах хандлага бий болсонд салбарын мэргэжилтнүүд нэлээд болгоомжилж байна.
Өнгөрсөн хугацаанд зөвхөн уул уурхайгаар овоглосон цөөнгүй томоохон чуулга уулзалт Монголд болов. Эдгээр чуулга уулзалтаас ихэнх хөрөнгө оруулагчид улс төрийн эрсдэл, түүнээс хамаарсан хууль, дүрэм, журамд хавчигдаж байгаагаа нуусангүй. Учир нь, Монголын төр гаргасан хуульдаа хариуцлагатай, судалгаа тооцоотой хандаж гэмээнэ манай улсад тогтвортой хөрөнгө оруулалт, урт удаан хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжих боломжтой болохыг онцолж байлаа.

Өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон “Металс Монголиа-2011” чуулга уулзалтын үеэр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Монгол Улсын Засгийн газар экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн салбарыг тус орны эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсон. Тиймээс хөрөнгө оруулагчдад байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхийг чухалчилж байна” хэмээн чуулганыг нээж байсан. Гэтэл уул уурхайн салбарын хөгжилд чөдөр болсон “Урт нэртэй хууль”-иас улбаатай таагүй уур амьсгал бүрдсэн нь хөрөнгө оруулагчдын сэтгэлийг хөргөж байгааг “Гложекс” группын ерөнхий захирал Л.Наранбаатар хэллээ. Энэ оны эхэнд болсон “Коал Монголиа-2012” чуулга уулзалтын оролцогчдын хувьд ч тэр Монголыг хууль эрх зүйн болоод бизнесийн орчноо тогтвортой байлгаасай гэцгээж байсан.

Улс төргүй уул уурхай

Уул уурхайн салбар улс төргүй, улс төр нь уул уурхайгаар бага амьсгалах учиртайг судлаач Б.Оюунбилэгт хэлсэн юм. Харин ирэх сонгуулийн өмнө уул уурхайн салбарт “сонин юм” болох вий гэхээс уул уурхайн салбарынхан эмээж сууна. Хөрөнгө оруулалтын зах зээлийг сэдрээсэн, уул уурхайн салбарын хөгжлийн хэмнэлийг алдагдуулсан шийдвэрийг гаргах вий гэдгээс л санаа зовниж байгаагаа Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс онцолсон. Түвшинтөгс багшийн хэлснээр судалгаа тооцоогүй, зөвхөн хувийн эрх ашгийг нэгд тавьсан улс төрийн дайралт уул уурхайн салбарын хөгжилд гар дүрж, хутган үймүүлэх нь манайд ашиггүй. Харин ч ихээхэн хохиролтой болохыг тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, Монголын төрд үүссэн нөхцөл байдал, хэт улстөржилт, гаргасан хууль дүрэм, гэрээ, журмаа зөрчих нь хэзээ ч сайн зүйлд хүргэхгүйг эдийн засагчид хэлж байна. Тэгвэл бидний ярих дуртай тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхай хаанаас эхлэх вэ гэсэн асуудлыг нухацтайхан бодоод үзье. Баталсан хууль, гаргасан журмаа үл тоомсорлох нь манай төрийн “олон ааш” хэдий ч зах зээлийн тоглоомын дүрэм биш аж. Нэг үгээр хэлбэл, хариуцлагатай уул уурхай хариуцлагатай төрөөс эхэлдэг байна.

Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын газарт бүртгэлтэй 1200 гаруй ашиглалтын лицензийн 400 гаруйг нь одоо ашиглаж байгаа ажээ. Мөн уул уурхайн боловсруулах үйлдвэрийн салбарт 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай цаашид Тогтвортой байдлын гэрээ байгуулах хуулийн төслийг боловсруулсныг Зоригт сайд хэлсэн удаатай. Мөн хүнд аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортлоход гаалийн татвараас чөлөөлөхөөр болсон байна. Гэтэл сонгуулийн өмнөхөн ийнхүү хэлсэн ярьсан зүйлээ мартах вий гэдгээс л уул уурхайн салбарынхан болгоомжилж байгаагаа хэллээ. Хэрвээ энэ нь сонгууль угтсан хоосон шоу яриа төдий өнгөрвөл монголчууд яах вэ, ертөнцийн анхаарлын төвд Монголыг аваачсан уул уурхайн салбарын хөгжил чөдөрлөгдөнө гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, Монголын улс төрчдийн ямар шийдвэр гаргах, гаргасан шийдвэр, амласан зүйлээ хэрхэн хэрэгжүүлэхийг нүдээ бүлтийлгэн, чихээ дэлдийлгэн харж суугаа гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь тун чухал. Хэрвээ сонгуульд хөтлөгдөөд манай төр, засгийнхан уул уурхайтай холбоотой хөнгөн хуймгай шийдвэр гаргавал магадгүй дэлхий Монголоос татгалзаж мэдэхийг санах хэрэгтэй. Энэ салбарын Монголын эдийн засагт оруулж буй үр өгөөжийн зах зухаас дурдвал, зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 8700 ажлын байр уул уурхайн салбарт шинээр бий болж, нийт 50 гаруй мянган хүн ажиллаж байгаа аж.

Энэ салбарт “За л бол ёогүй”

Хэн нэгэнд “За” гээд хэлчихсэн бол түүнийгээ биелүүлэх гэж, амласандаа хүрэх гэж зүтгэдэг нь хүний ёсон. Үүнтэй адил төр, засаг ч тэр “За” л гэсэн бол ёогүй занд суралцахын төлөө, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ажилладаг байх учиртай. Гэтэл Мон­голын төрийн хариуцлагагүй байдал хүрээгээ тэлж, гаргасан хуулиндаа хүртэл засвар хийдэг тухай улстөрчид өөрсдөө ярьдаг. Ийм ёс зүйгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалтыг бөөн бөөнөөр нь хуйлруулж, Монголын эдийн засгийг сөгийтөл нь дээш татаж гаргаж ирсэн уул уурхайн салбарт ихээхэн муу уршигтай зүйл юм. Түүнээс биш, монголчууд дотроо хууль тогтоогчид хуулиа засдаг, засдаггүй тухай яриад өнгөрөх өөр хэрэг.

“Төр нэгдүгээрт үйлчлэх, туслах л ёстой. Хоёрдугаарт, төр хуулиа хэрэгжүүлэх учиртай. Өөр олон юм руу орж, ард түмэн, улс орныхоо амьдралд хүндрэл учруулж болохгүй” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн удаатай.

Манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ дэлхийн 169 орноос 100 дугаар байранд, өрсөлдөх чадвараараа 143 орноос 96-д багтаж байгаа гэх. Үүнийг ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун “Энэхүү өсөлт нь уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотой боловч дэд бүтцийн салбарын хөгжил сул байна” хэмээн дүгнэсэн. Уул уурхай хэрэв хөгжөөгүй бол Монголын эдийн засагт өнөөдрийнх шиг өсөлт гарахгүй нь лавтай.

ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү “Хүн болгон уул уурхайг шүүмжилдэг болчихсон. Мэддэг болсон. Харин одоо газар тариалангийн салбар шиг уул уурхайн салбараа дэмжих л үлдлээ. Хүний нүдэнд бол муу муухай салбар болж харагдаад байдаг. Энэ чинь Монгол Улсыг тэжээж яваа салбар” гэв. Тэрбээр уул уурхайн салбараа харааж зүхмээргүй байна. Ерөөж сууя гэсэн юм. Харин ерөөж суухад хөрөнгө оруулагчдын зүгээс “хэлсэндээ шүү” гэсэн ам тангараг, өчгийг төрөөс нэхэж байгааг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа учирлав.

“Behre Dolbear” группын ерөнхийлөгч Бернард Гуарнерра “Уул уурхайг хөгжүүлье гэвэл төрийн оролцоогоо багасгах хэрэгтэй. Намайг 2005 онд ирэхэд Монголын хууль эрх зүйн орчин тогтвортой байсан. Гэтэл 2006 оноос тогтворгүй болж эхэлсэн. Одоо ч ялгаагүй” гэж ярьсан нь бий. Татварын хэмжээ, лиценз олголт, хууль дүрэм тогтворгүй, барьц муутай байгааг тэрбээр өнгөрсөн жилийн “Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр тайлбарласан юм.

Түүнээс хойш ямар шинэчлэлт өрнөсөн бол. “Танай хууль хатуу чанга байх нь хамаагүй. Энэ бол танай мэдэх асуудал. Хамгийн гол нь хууль дүрмээ тогтвортой байлгаж өгөөч” гэдэг санал Ашигт малтмалын газарт хамгийн их ирдэг байна. Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинд ямар таатай, баярлууштай өөрчлөлт гарсан талаар Та дуулсан уу. Уул уурхайн нэгдсэн хуультай болох тухай сонсогдсон боловч таг чиг.