Хүлээлт эерэг байна, гэхдээ

Эдийн засаг байсхийгээд л хямарчих гээд байна. Тогтворжиж ханадаггүй ханш, тогтоон барьж болдоггүй үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Тэр тусмаа импортын задгай хэрэглээтэй монголчуудын хувьд валют хомсдох нь “гуниг” юм. Гэхдээ эдийн засгийн хүлээлт энэ оны хувьд эерэг байна. Энэ нь дунд хугацаанд нөхцөл байдал сэргэнэ гэсэн үг. Одоогийн хүндрэлээс гарна гэдгийг зөгнөж буй хэрэг. Харин урт хугацаанд бол тайтгарч болохгүй нь.

Хэдий энэ онд эдийн засаг бага зэрэг агшиж, ДНБ-ий өсөлт саарах ч бүс нутагтаа төдийгүй дэлхийд өндөрт тооцогдох өсөлтөө хадгалах бололтой. Мэдээж өмнөх онуудынх шиг өсөлт энэ оноос харалтгүй. Найдаж болох зүйл гэвэл хөрөнгө оруулалт сэргэж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх. Түүнээс эдийн засагт гялтайх үзүүлэлт үгүй. Тавантолгой,Оюутолгойн аль нь ч гэгээтэй мэдээ авчирсангүй. Энэ тохиолдолд тамирдаж буй эдийн засгийн зураглал таагүй байхаас ч аргагүй. Гэтэл олон улсын байгууллагуудын гаргасан таамаг тэс өөр зүйлийг энэ онд хэлжээ. Харин ирэх жилүүдийн хувьд гэвэл авах юм алга. Хэрэв гадаадын шууд оруулалт нэмэгдэж, эдийн засагт ам.доллараар "бороо" орохгүй л бол дээрх хүлээлт эргэж мэдэх юм.

Дэлхийн банкны Монголын эдийн засгийн талаарх төсөөлөл урьд оныхоос сэргэсэн. Оны өмнө 2014 оны эдийн засгийг өсөлтийг 10.3 хувиар төсөөлж байсан тэд энэ оны дөрөвдүгээр сард өмнөх төсөөллөө 1.1 хувиар ахиулжээ. Харин ирэх онд ДНБ-ий хэмжээ 9.2 хувь болтлоо саарах урьдчилсан таамгийг дэвшүүлсэн байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас энэ оны өсөлтийг өмнөх оныхоос бага зэрэг бууруулж 9.5 хувиар тогтоож. Тэгвэл Олон Улсын Валютын сангаас энэ оны дөрөвдүгээр сард гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал“ тайланд манай улсын бодит ДНБ-ий өсөлтийг 12.9 хувиар төсөөлсөн бол ирэх оных 7.7 хувь байх аж. Тэдний төсөөлөл зөвхөн энэ оныг харуулахын сацуу ирэх оныг ч “дуранджээ”. Гэхдээ энэ оны төрхөөс ирэх оны эдийн засгийн өнгө шалтгаалах нь дамжиггүй.

Харин дотоодын мөнгөний бодлогыг удирдаж буй Монголбанк энэ оны өсөлтийг хамгийн багадаа 6-7 хувиар тооцоолсон. Гэхдээ хараахан 2014 он “хаалгаа барих” болоогүй. Тиймээс энэ оны эдийн засгийн таамгууд цаашдаа хувьсан өөрчлөгдөх эсэхийг үгүйсгэх аргагүй. Олон улсын “донор” байгууллагуудын хүлээлт энэ онд эерэг байгаа нь “Оюутолгой” төсөлтэй холбоотой болов уу. Гэхдээ эдийн засаг сэргэнэ гээд зөнд нь орхиж болохгүй. Түүнд “асаргаа” хэрэгтэй байгааг эндээс харж болохоор.

Зөвхөн уул уурхай, гадаадын шууд хөрөнгө оруулалтад найдаад хийж бүтээхээ алгуурлаж үл болно. Энэ онд ДНБ-ий өсөлт огцом буурахгүй ч худалдан авах чадвар танагдсаар байх нь. Таамаг эргэтэл, эдийн засаг сэргэтэл монголчууд бүтээж, баялаг үйлдвэрлэж болно. Нэг талаараа бидний бүтээмж эдийн засгийн сайжрах хугацааг тодорхойлно. Өөрөөр хэлбэл, бүтээж буй баялгийн гарцаас хямралын “нас” хамаарна. Харин ч урьдынхаас илүү ажиллаж, хөдөлмөрлөх, бүтээх шаардлага урган гарч байна. Ингэж хямрал хийгээд хүнд үеийг давж хөгжиж чадсан орнуудын бахдам түүх цөөнгүй.

Хэрвээ төгрөгийн ханш 20 хүртэлх хувиар унаагүй бол үйлдвэржих талаар санаж сэрэх байсан уу. Хэчнээн муу зүйл ч гэсэн сайн талтай байдаг. Тэгвэл эдийн засаг доройтож, ДНБ-ий өсөлт удаашрах нь биднийг зүгээр сууж болохгүйг сануулж буй хэрэг. Шинжээч Л.Бямбаа “Эдийн засаг хямралтай үед шинэ компаниуд судалгаа, бэлтгэл ажлаа хийж авбал хэмнэлттэй байдаг тул бизнес эхлүүлэх тохиромжтой цаг” хэмээсэн. Дахиад хэлье. Хүлээлт энэ оны хувьд эерэг байна. Гэхдээ энэ оныхоос илүү бэрхшээл ирэх жилүүдэд угтаж байгааг сануулъя. Тиймээс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлж чадах юм бол эдийн засаг энэ онд алзахгүй нь.