Хүнд суртлыг арилгахгүй бол гадаад худалдаа “ хол явахгүй”

Эдийн засаг өсөхийн хэрээр гадаад худалдааны өсөлт эрс нэмэгдэж буй. Манай улс өнгөрсөн онд дэлхийн 130 оронтой 10 тэрбум ам.долларын худалдаа хийсэн бол энэ жил 12 тэрбум ам.долларт хүрэх үзүүлэлтэй байгаа аж. Эдийн засгийн өндөр өсөлттэй энэ үед гадаад худалдааны салбарт шинэчлэл хийх хэрэгтэйг салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Ялангуяа экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж гаргах,нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь чухал гэдгийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Н.Энхтайван онцолсон удаатай. Тиймээс гадаад худалдааны салбараа өнгөлж, өөд нь татах хэрэгтэйг мэргэжилт нүүд хэлдэг. Худалдаа хийхэд тээвэр, логистикийн асуудал ялангуяа хил, гаалийн олон шат дамжлага, хүнд суртал олон хүнийг туйлдуулж, салбарын хөгжлийг хойш татаж байна. Цаг нартай уралддаг бизнесийн салбарыг гадаад худалдааны хайнга, болхи мэлхийн хурд үнэхээр хойш татаж байна. Жишээ нь, өндөр хөгжилтэй орнууд гадаад худалдаагаа явуулахдаа гааль болон бусад холбогдох газруудаас нийт 2-3 төрлийн бичиг баримт цуглуулж, 3-4 хүнээр гарын үсэг зуруулдаг байхад манайд бичиг баримын хувьд 8-10 төрөл, гарын үсэг нь 20-28 шат дамжлага давдаг байна. Энэ нь хүнд суртлыг нэмэгдүүлж, цаг хугацаа болон зардал, чирэгдэл их гаргадаг болохыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Оюунчимэг хэлж байсан.

Манай улсын тулгын чулууг түшилцэж, багагүй хувь нэмэр оруулж буй гадаад худалдааны салбар 20 гаруй жил буюу үүсч эхэлсэнээсээ өдийг хүртэл тусгайлсан хуульгүй явж буйг олон хүн шүүмжилдэг. Эдийн засаг өсч, гадаад худалдаа өргөжихийн хэрээр хууль эрхзүйн зохицуулалт үгүйлэгдэж буйн нэг илрэл нь дээрх цаг хугацаа алддаг, чирэгдэл учирдаг байдал харуулж байна. Гэхдээ манайд гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор Засгийн газраас “Цахим нэг цонх” мастер төлөвлөгөөг баталсан чихэнд чимэгтэй мэдээ байна. Цахим нэг цонхны систем нь олон улсад туршигдсан бөгөөд худалдааг хөнгөвчлөх систем буюу худалдаа эрхлэгчдэд шаардлагатай бүх бичиг баримтыг төвлөрсөн нэг байгууллага гаргаж өгдөгөөрөө онцлогтой юм байна. “Цахим нэг цонх” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд ГОУХАН-ээс гурван жилийн хугацаатай таван сая еврогийн хөрөнгө гаргаж, хөтөлбөрийг хөл дээр нь босгож, үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр ажиллаж буй аж. ГОУХАН-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Сабинэ Мюллер хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг , гадаад худалдаа эрчимтэй өсөж буй энэ үед гадаад худалдааны салбараа зайлшгүй шинэчилж, цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Тиймээс бид хөтөлбөрийн хүрээнд олон улсын шинжээчдийн дүгнэлт гаргах, сургалт, сурталчилгааг явуулах, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр түлхүү ажиллана” гэв. Ийнхүү цахим нэг цонхны системийг нэвтрүүлсэнээр хил дамнах худалдаанд гарч буй үргүй цагийг багасган, хөрш улсууд болон бүс нутгийн худалдааг хөгжүүлэх томоохон гарц нээгдэж буйн сайн хэрэг гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. Хонгилын үзүүрт гэрэл байгаа ч эдийн засгийн хөгжлийн хурдыг гүйцэхгүй чирэгдэж буй унтаа байдалтай гадаад худалдааны салбарт эрхзүйн шинэчлэлт хийж, өөд нь татах цаг болжээ.