Хүний нөөцийн удирдлагууд чууллаа

Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн МҮХАҮТ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг “Global HR” форум өнөөдөр боллоо.

Захирлуудын захирал хэмээн өргөмжлөгддөг хүний нөөцийн удирдлагуудын өнөөгийн байдал хийгээд цаашид хийх ёстой санал санаачилгыг илэн далангуй ярьж, хэлэлцдэг энэхүү форумыг УИХ гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нээсэн юм. Тэрбээр “Монголын салбар бүр өдгөө уул уурхай дагасан эдийн засгийн хөшүүрэгтэйгээр хөгжиж байна. Үүнийг дагаад хүний нөөцийн асуудал урган гарч ирж байна. Байгууллага бүрт хүний нөөц бүрдүүлэлт хийгээд төлөвшүүлэлт толгойны өвчин болж байна. Залуус нүүдлийн шувуу шиг л байгууллагаас байгууллагын хооронд явж байна. Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэжлээ мэргэшил болгоход анхаарах хүн тун цөөхөн байна. Тиймээс байгууллагууд хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэх, боловсон хүчнээ тогтоох, хөгжүүлэх, чадваржуулахад маш сайн анхаарах хэрэгтэй. Ажилтнуудаа мэдэрдэг, яаж юм хийлгэх вэ гэдгийг олж харж чаддаг, хийж байгаа ажил бүрээ судалгааны үндсэн дээр зохион байгуулах нь байгууллагынхаа ирээдүйг бататгах чухал зүйл юм. Тав дахь жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээ жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаад баяртай байна” гэв. Түүнчлэн тэрбээр форумд оролцогчдыг байгууллага дээрээ “Ногоон орчин” хөдөлгөөн өрнүүлэхээс ажлаа эхлэхийг уриалсан юм.

Форумд ШУА-ын дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, MCS группын дэд захирал Л.Гантөмөр, “СТС consulting”-ийн зөвлөх Рольф Верле, Голомт банкны дэд захирал Г.Ганболд тэргүүтэй 20 гаруй хүн хүний нөөцийг хэрхэн бэлдэх, бидэнд ямар туршлага байна, хэрхэн ажиллавал үр дүнд хурдан хүрэх вэ, өөрсдийн байгууллагын болоод гаднын орны туршлагаас танилцуулж, сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн юм. Энэхүү форумаас гарсан санал санаачилгыг Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн нэгтгэн удирдах түвшнийхөнд хүргэх юм. Түүнчлэн жил бүрийн аравдугаар сарын 15-ныг “Хүний нөөцийн удирдлагын өдөр” болгох саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, батлуулахаар хэлэлцэж буй аж.

“Хүний нөөцийн удирдлагын манлайлах үүрэг, роль” уриатайгаар зохион байгуулсан энэ жилийн форумд 400 гаруй хувийн хэвшлийн хүний нөөцийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаач оролцож, цар хүрээ нь өргөжсөнөөрөө онцлог юм. Харин дараа дараагийн уулзалт, хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн хүний нөөцийн удирдлагуудыг хамруулах аж.