​Хүний суурь хэрэгцээ ба түүний ангилал

Д. Жаргалсайхан Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, Системчлэх үйлчилгээний "ТУС Солюшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Бидний үеийнхний хамгийн том алдаа нь магадгүй бид өөрсдийгөө, түүний дотор өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн таньж мэдээгүй явдал. Үүний хор уршгийн цар хүрээг үгээр илэрхийлэхийн аргагүй бөгөөд үүний улмаас бид маш олон асуудалтай тулгараад буй. Цаашид ч биднийг ихээхэн төөрөгдүүлж, хүнд сорилтууд тулгасаар байх болно. Хуучин социализмын үед хувь хүний хэрэгцээ шаардлагыг үл ойшоон хүн бүрийг “улсын“ , “нийгмийн” хэмээх хэрэгцээ шаардлаганд үг дуугүй захирагдахыг шаарддаг байлаа. Уг нь нийгмийн хэрэгцээ шаардлага нь иргэдийн нийтлэг хэрэгцээ шаардлагаас бүрэлдэж байх нь зүй ёсны боловч хуучин нийгэмд улсын ба нийгмийн хэрэгцээ шаардлагыг иргэдийнхээ хэрэгцээ шаардлагатай сөргүүлэн, өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг илэрхийлсэн аливаа үйлдэл, иргэнг нухчин дардаг байсныг бидний үеийнхэн санаж байгаа л байх. Ийм сэтгэлгээ бидний үеийнхний төдийгүй биднээр дамжин бидний үр хүүхдэд халдаж, одоо болтол бидний бодол санааг удирдсаар байгаа төдийгүй бидэнд олон олон асуудлыг үүсгэсээр байна.

Нийгмийн тогтолцоог өөрчилсөн ч бид өөрсдийгөө, өөрсдийнхөө хэрэгцээг таньж мэдээгүй будилсан хэвээрээ, бие биеийнхээ үйлдэл, үгийг хуучин нийгмээс өвлөн авсан ойлголтоороо шүүж шүүмжилсээр байна. Бидний дийлэнх нь нийгмийн аль нэг гишүүний хийж байгаа үйлдлийг тухайн хүний хөрөнгө мөнгө олох, түүнийгээ нэмэгдүүлэх хүсэл, эрмэлзлэлээр тайлбарлаж бас буруутгаж байна. Зарим маань мөнгө хөрөнгөтэй л байвал амьдралынх нь зорилго биелж байна гэж үзнэ. Сэтгэлгээний ийм хандлагаас болж “орондоо орох завгүй, хөнжилдөө орох завгүй” хөрөнгө мөнгө булаалдан тэмцэлдэж байна. Түүгээр ч барахгүй тэгж булаалдан тэмцэлдэхдээ бусдыг татан оролцуулж нийгмийг хагаралдуулж, нийгмийнхээ хамаг нөөц боломжийг тамирдуулж байгаа нь нууц биш. Компани байгуулаад ажил төрөл нь урагштай байвал энэ муу их шуналтайяа гэх, төрд эсвэл нийгэмд хэрэгтэй санаачилга гаргаж хэрэгжүүлээд эхэлбэл энэ нөхөр нэр төр, эрх мэдэлд шунаж байна гэх. Ингэж хэлдэг хүмүүсийн дийлэнх нь итгэл үнэмшлээрээ ийн дүгнэж, асуудалд хандаж байгааг бас өнөөдөр нийгэмд өрнөж байгаа олон мэтгэлцээн, маргаанаас олж харж болно. Тэгвэл бид юу хийх хэрэгтэй вэ?
Хүний аливаа үйлдлийн цаана тухайн хүний хэрэгцээ шаардлага байдаг. Үүнийг сэдэл ч гэдэг. Тэрхүү үйлдэл хийхэд хүргэж байгаа хэрэгцээ шаардлагуудыг ангилж, сайтар танин мэдэх нь бид ямар нэг зорилго тавьж түүнийгээ хэрэгжүүлэх цорын ганц арга зам юм.
Хувь хүн, гэр бүл, байгууллага, нийгэм нь тодорхой хэрэгцээгээ хангахын тулд л оршин тогтнодог. Тэдгээр хэрэгцээ нь маш олон янз боловч бүгд хүний хэрэгцээнээс үүдэлтэй. Хүний хэрэгцээг жагсаавал мөн л маш олон төрөл бөгөөд ерөнхийд нь хоёр ангилж болно: 1) Суурь хэрэгцээ, 2) Дагалдах хэрэгцээ.

Суурь хэрэгцээнүүдийг судалж ангилах цэгцлэх талаар олон эрдэмтэд судалгаа хийж онол дэвшүүлсний дотроо нэлээд өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн нь Маслоу гэдэг зохиогчийнхоо нэрээр танигдсан онол юм. Гэвч сүүлийн үед энэхүү онол нь дараах хоёр шалтгааны улмаас хэрэглээ нь хумигдаж байна. Үүнд:

  • Уг онолд тодорхойлоогүй олон хэрэгцээ хүнд байдаг нь бодит амьдралаар нотлогдож байгаа
  • Маслоугийн онолоор тодорхойлсон хэрэгцээ нь ангилал гэхээсээ илүү эрэмбэлэл гэж үздэг болсон.
Сүүлийн үед бодит амьдралд илүү нийцсэн хүний хэрэгцээний суурь ангиллыг бий болгох талаар олон тооны судалгаа хийгдэж байгаагаас Макс Нееф гэдэг эрдэмтний гаргасан ангилал /МНА/ ихээхэн анхаарал татаж, бас олон судалгаанд хэрэглэгдэж байгаа юм.

Хүний суурь хэрэгцээнүүд

МНА нь хүний суурь хэрэгцээг ес ангилан хувааж үздэг бөгөөд уг ангилалд ороогүй бусад бүх хэрэгцээг эдгээр суурь хэрэгцээг дагалдах хэрэгцээ гэж үздэг.

Мөн эдгээр хэрэгцээ нь аливаа соёл иргэншил , цаг хугацаанаас үл хамааран тогтвортой байдаг бөгөөд харин эдгээр хэрэгцээг хэрхэн хангах арга, хэлбэрээрээ ялгардаг гэж үздэг. Эдгээр хэрэгцээ нь хоорондоо харилцан хамааралтай төдийгүй бүгд нийлээд аль нэг нь байхгүй бол оршин тогтнох боломжгүй бүхэл тогтолцооны хэлбэрээр оршдог ажээ. Мөн түүнчлэн Маслоугийн онолд санал болгодог шиг аль нэг хэрэгцээ нь заавал эхэлж хангагдах тухай эрэмбэ байхгүй гэж үздэг.

Энэхүү ангиллын нэг томоохон давуу тал нь ангилалд багтаасан хэрэгцээнүүдэд үндэслэн нэгдмэл зорилготой бүлэг хүмүүсийг багтаасан бүтэц, тухайлбал, гэр бүл, байгууллага, нийгмийн нийтлэг хэрэгцээг уг бүлэгт багтаж байгаа хувь хүмүүсийн хэрэгцээг хооронд нь сөргөлдүүлэхгүйгээр загварчлах боломж олгож байгаад оршино.

Залуу судлаачдыг дэмжих сан, ТУС Солюшн ХХК-аас хамтран МНА дээр үндэслэн хүний нөөц, эрсдэлийн удирдлага, байгууллагын засаглалыг сайжруулахад тулгарч байгаа асуудлуудын шинэлэг шийдлүүдийг тодорхойлж байгаа нь эерэг үр дүнд хүргэсэн төдийгүй цаашид МНА-ын хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэх төлөвтэй байна.