Хүнсний ногооны стандарттай болно

Хүнсний ногооны үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал, өнөөгийн түвшин, сортын бодлогыг хэрхэн зохицуулах болон стандарттай болох талаарх хэлэлцүүлгийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчид болон яамны төлөөлөл мэргэжилтнүүд, салбарын судлаачид оролцож буй юм. Тухайлбал, Хүнсний ногооны үр, үйлдвэрлэлийн өнөөгийн түвшин, сортын бодлогын талаар “Монгол төмс” хөтөлбөрийг зохицуулагч Т.Төрмандах илтгэл тавих бол Хүнсний ногооны аж ахуйд бордоо хэрхэн хэрэглэх талаар Ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Агрохимийн лабораторийн секторын эрхлэгч Д.Туул мэдээлэл өгөх юм. Мөн ургамал болон талбайгаа хэрхэн хамгаалах талаарх сонирхолтой илтгэлийг салбарын эрдэмтэн, судлаачид сонирхуулах аж. Үүнд, Ургамал хамгааллын хүрээлэнгийн Өвчин судлал биотехнологийн секторын эрхлэгч Б.Дондов “Хамгаалагдсан болон ил талбайн өвчин, хортон түүнээс хэрхэн сэргийлэх” талаар танилцуулж байна. Мөн хүнсний ногооны стандартай болох хэрэгцээ шаардлагын талаар МХЕГ-аас санал, зөвлөмж гарган хэлэлцүүлж буйгаараа онцлог аж. Хэлэлцүүлэгт оролцогчид хүнсний ногоо, тэр дундаа нарийн ногооны үйлдвэрлэлээ өргөжүүлж, өөрсдийн хэрэгцээгээ хангадаг болох нь чухал гэдгийг онцолж байв. Мөн энэ үеэр ургац хураалтын талаар мэдээлэл хийв.

Төмс, хүнсний ногоогоо дотооддоо хангана
Энэ жил урьдчилсан тооцоогоор 481.0 мянган тонн үр тариа, үүнээс 468.8 мянган тонн буудай, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн тосны ургамал, 30.8 мянган тонн малын тэжээлийн ургамал авахаар болжээ. Энэ жилийн хувьд эрт хүйтэрч буй учир ургац хураалтад багагүй хүндрэл учирч буй. Тухайлбал, 13.8 мянган га талбайн ургац хяруунд цохигдож, 22.0 мянган тонноор буурчээ.


Мөн Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамны зүгээс тариалагчид, гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй зөвлөлдөж, санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр гурилын үйлдвэрүүд стандартын шаардлага хангасан тонн улаанбуудайг тариаланчдаас 280.0 мянган төгрөгөөс бууруулахгүйгээр худалдан авч, нэгдүгээр зэргийн гурилын бөөнийн үнийг 550 төгрөгөөс хэтрүүлэхгүй байлган, урт хугацааны туршид үнийг тогтвортой барихаар тогтжээ. Мөн гурилын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа тул буудай худалдан авах аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж үнийн дүнгийн 30 хувийг үйлдвэрүүд өөрсдийн эх үүсвэрээр, үлдэх 70 хувийн хөрөнгийн эх үүсвэрийг төрөөс зохицуулалт хийх замаар шийдвэрлүүлэхээр Монгол банктай хамтран ажиллаж дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар шинэ ургацаас нийтдээ 165.8 мянган тонн буудай Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүдэд борлуулаад байгаа аж. Ирэх жил манай улс төмсний хэрэгцээгээ 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны 52 хувийг дотооддоо хангах юм байна.