Хүнсний хямралын айдас, байгалийн баялгийн амт

Дэлхийн эдийн засаг 2008 оноос яагаад хямарч эхэлсэн бэ?

Ертөнцийн хүмүүс улам бүр завгүй болохын хэрээр гэр бүлийнхэндээ тавих анхаарал халамж хомс болж, бие биенээ гэх сэтгэл дутаж, үр хүүхдүүдтэйгээ тоглож наадахаас өгсүүлээд хүмүүсийн хоорондын үнэт харилцаа алдагдсанаас болсон гэсэн сонирхолтой дүгнэлтийг Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд оролцогчид хийсэн. Түүнчлэн хямрал айлчилсан бас нэгэн шалтаг нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэдгийг мөн эл уулзалтаар тодорхойлсон. Тиймээс ч сүүлийн жилүүдэд дэлхий нийт хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих чиглэлд явж байгаа бол дээрх уулзалтаар цэнхэр эдийн засгийн тухай асуудал шинээр гарч ирсэн билээ. Тиймээс 2011 оноос дэлхийн улсууд цэнхэр, ногоон эдийн засгийн хөгжилд оюун бодлоо уралдуулж, түлхүү анхаарахаар тохиролцов.

Дэлхийн банкнаас гаргасан 2011 оны дэлхийн эдийн засгийн төлөвд дурдсанаар дэлхийн эдийн засаг хямралын дараах байдлаас сэргэлтийн үеийн өсөлтийн шатанд аажмаар хийгээд тууштай шилжиж байгаа аж. Түүнчлэн тус төлөвд дэлхийн эдийн засгийн өсөлтийн бараг тэн хагас нь хөгжиж байгаа орнуудад ногдож байгаа хийгээд эдийн засгийн чадамж өмнөд бүс рүү шилжиж байна хэмээн тэмдэглэсэн нь ч бий. Тиймээс Европын холбоо, АНУ зэрэг дэлхийн эдийн засгийг тодорхойлогч орнууд сүүлийн үед эдийн засгаа өсгөх биш, яаж энэ хэмжээнд нь тогтоон барих вэ гэж толгойгоо гашилгах болжээ.

Дэлхийн эдийн засагт хямрал цаашилсан хэдий ч хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт харанга дэлдэж магадгүй байна. Тухайлбал, тунистууд Ерөнхийлөгчөө огцруулж, хүнсний өндөр үнийг тэвчиж чадаагүй Египетэд эмх замбараагүй байдал хэдийнэ бий болсон. Тэрбайтугай, баян цатгалан байдлаараа дэлхийд дээгүүр жагсдаг Саудын Арабад өргөн хэрэглээний барааны үнэ энэ онд есөн хувь хүрч өсөх төлөвтэй байгааг эдийн засагчид тооцоолжээ. Улаан буудайн тариалалт арвинтай ОХУ өнгөрсөн зун их хэмжээний ургац алдсан бол Авсртали орон үер ус, далайн шуурганд ч мөн л ургацаа алдчихаад уруу царайлж сууна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар махнаас бусад хүнсний таваарын ханш, ялангуяа элсэн чихэр, улаан буудайн үнэ хэт өссөн тухай таагүй мэдээ дуулдав. Индонезид орсон ширүүн бороо тутаргын талбайг нь сүйтгэж, Засгийн газар нь цагаан будааны эрэлд морджээ. 2011 онд иймэрхүү хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой бараан мэдээлэл дэлхийн өнцөг булан бүрт дуулдахаар байна БНХАУ-д гэхэд л сүүлийн дөрвөн сарын турш банкны зээлийн хүү нэмэгдсэн нь орон сууц, үл хөдлөх хөрөнгө болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн хэмээн ажиглагчид дүгнэжээ. Хятадын Засгийн газар үнийн өсөлтөд анхаарах болно гэдгийг албаны хүмүүс онцолсон байна.

Хүнсний үнэтэй холбоотой иймэрхүү бараан мэдээлэл дэлхийн өнцөг булан бүрт гэнэт дуулдаж байгаа ч биш юм. Давосын уулзалтыг угтаж, 580 гаруй нэртэй улстөрч, эдийн засагч, эрдэмтэд оролцож бэлтгэсэн “Даяаршлын эрсдэл-2011” илтгэлд хамгийн их эрсдэл дагуулах нь цаг уурын өөрчлөлт гээд дэлхийн эдийн засагт нэг их наяд орчим ам.долларын хохирол учруулна гэжээ. 37 төрлийн эрсдэлд дүгнэлт өгснөөс хамгийн томоохон нь цаг уурын өөрчлөлт орж байгаа бөгөөд санхүүгийн хямрал, геополитикийн үл ойлголцол зэргийн дагуулах эдийн засгийн хохирол нь тус бүр нэг их наяд ам.доллар байхаар жагсаажээ. Хамгийн хэцүү нь өнөөдөр нэгэнт үүссэн цаг уурын өөрчлөлтийн дээрх эрсдэлийг багасгах ямар ч арга байхгүй гэдгийг Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцогчид онцолсон байна. Тиймээс дэлхий нийтээр зөвхөн ногоон биш, цэнхэр эдийн засагт анхаарах хэрэгтэйг ч зөвлөсөн аж. Эдийн засгийн чадамж өмнөд бүс рүү шилжиж байна гэсэн Дэлхийн банкны дүгнэлтийг хятадын ДНБ-ий огцом өсөлт улам бүр баталгаажуулсаар. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 9.6-9.8 хувьтай гарчээ. Уг нь бол шинжээчид урд хөршийн эдийн засгийн өсөлтийг буурна хэмээн таамаглаж байсан ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 5.1 хувьд хүрч, сүүлийн 28 сард байгаагүй дээд амжилт тогтоосон удаатай.

Мөн түүнчлэн 2011 онд дэлхийн эдийн засгийн гол хүчин зүйл нь байгалийн баялаг болж хувирч байна. Өндөр технологидоо дулдуйдан бусдаас түүхий эд авч боловсруулаад буцаан зардаг одоогийн хэв маяг үгүй болсноор байгалийн баялаггүй орнуудын эдийн засаг уналтад орж эхэлжээ. Өнөөдөр Энэтхэг, Вьетнам зэрэг урьд нь төдийлөн анхаарал татаж байгаагүй орнуудын эдийн засаг жилд 10 орчим хувиар өсч байгаа бол газрын тосны асар их нөөцтэй Бразил, нүүрс, үнэт металлын нөөц ихтэй Чили, Канад, Перу зэрэг орнууд хөрөнгийн биржийн гол тоглогчид болж, дэлхий нийтийн хэрэгцээний дийлэнхийг хангах аж. Манай улс ч эдгээр орны тоонд багтаж эхэлсэн байгаа.

Тэгэхээр туулай жилийн дэлхийн эдийн засгийн өнгийг шинжвээс Давосын уулзалтаар уриалсан цэнхэр,ногоон өнгийг чухалчилсан хүнсний бүтээгдэхүүний үнийн айдас, байгалийн баялгийн амтыг мэдэрсэн жил байх бололтой.