Хүнээ “зүлгэж” байж хөгжинө

Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн хөгжлийг аргамжсан олон асуудал байдаг. Эдгээр асуудлын талаар холбогдох мэргэжилтнүүд ярьдагч тодорхой үр дүн гардаггүй. Тэдний эрхэлж буй үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн зөвлөх, Бизнес, менежментийн ухааны доктор, профессор Ц.Долгорсүрэнтэй ярилцлаа.

-Монголын өнөөгийн зах зээлд жижиг, дунд үйлдвэрлэлийн эзлэх байр суурь ямар түвшинд байна вэ?

-Монгол улсын ДНБ-ий 90 орчим хувийг хувийн сектор бүрдүүлдэг. Хувийн сектор нь үндсэндээ жижиг, дунд үйлдвэр юм. 90 хувийн бүтээлч баялгийг бүрдүүлж байгаа хүмүүсийг авч үзэхэд 80 орчмыг нь эмэгтэйчүүд эзэлж байна. Тэгэхээр Монгол улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар бол үнэхээр ДНБ-ий зонхилох хувийг бүрдүүлдэг салбар юм. Тиймээс хувийн секторыг хөгжүүлэх, тэр тусмаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага зайлшгүй гарч байгаа юм.

-Жижиг, дунд үйлдвэрүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Жижиг, дунд үйлдвэрүүдэд нэгдүгээрт санхүүжилтын асуудал байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх олон арга бий. Тухайлбал, олон улсын худалдааны банкны зээлгүйгээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, гадны тоног төхөөрөмжийг оруулж ирж, бүтээгдэхүүнээ экспортлох гэх мэт. Эдгээрийг тэдэнд ойлгуулж, гадаад худалдааны өндөр, мэдлэг олгохын тулд зайлшгүй системтэй сургалт хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн экспортын санхүүжилтыг Монголд хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ нь экспортын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрт бүтээгдэхүүнээ экспортлоход нь зориулж, экспортын зориулалттай зээл өгдөг арга юм. Экспортын санхүүжилт гэдэг нь бүтээгдэхүүнээ экспортлож эргэн бүтээгдэхүүнийхээ орлогыг авахад нь зээлийнхээ төлбөрийг төлдөг. Одоогийн жижиг, дунд үйлдвэрүүдэд ихэвчлэн арилжааны банкуудаар дамжуулж, худалдаа наймааны зориулалттай зээл олгогдож байгаа. Иймээс жижиг, дунд үйлдвэрлэлд авсан зээлийн төлбөр үйлдвэрлэл, гүйлгээний эргэлтийг дааж чадалгүй, үйлдвэрлэлээ эхлээгүй байхад нь нэхэгддэг. Ингээд зээл авсан эзэд өрөнд ордог. Тэгэхээр урт хугацааны, бага хүүтэй, жижиг, дунд үйлдвэрлэлийн эргэлтийг даах чадвартай, хөнгөлөлтэй зээл хэрэгтэй. Энэ зээлийг хөрөнгө оруулалтын банкаар дамжуулж хэрэгжүүлэх боломжтой. Урт хугацааны, бага хүүтэй зээлийг хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан жижиг бизнес эрхлэх гэж буй хүмүүст барьцаагүйгээр өгөх хэрэгтэй байна. Энэ онд Засгийн газраас таван тэрбум төгрөгийн зээл барьцаагүй олгох шийдвэр гаргасан. Энэ нь яг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд очих эсэх нь тодорхойгүй байна. Азийн орнуудын туршлагаас харахад Японд тав, зургаан жижиг үйдвэрийг нэгтгэн төрөөс газар өгөх байдлаар үйлдэрлэлийг нь дэмждэг. Мөн тэдэнд зээл өгөхдөө нэгд нь зээл хэрэгтэй бол бусад үйлдвэрийн барьцааг барьцаалж зээл өгдөг. Ийм маягаар төрөөс зохицуулалт хийж жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүдэг. Энэ нь үр дүнгээ өгсөн туршлага гэж Японы жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ярьж байсан.

-Манайд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнес эрхлэх орчин нь хэр бүрдсэн бэ? Төрөөс олгож буй зээл эзнээ олж байна уу?

-Жижиг, дунд үйлдвэрт төрөөс 30-37 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байна. Гэсэн ч энэ зээл эзэндээ хүрэхгүй байна. Шат шатандаа замарсаар эцсийн хэрэглэгч буюу жижиг, дунд үйлдвэртээ очдоггүй. Үүнд төрийн бодлого үгүйлэгдэж байгаа юм. Жишээлбэл, Монгол улсад өнөөдөр экспортын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр байхгүй. Улсын хэмжээнд 20 гаруй жижиг, дунд үйлдвэр байгаа ч экспортын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Жишээлбэл, одоо 37 тэрбум төгрөгийн жижиг, дунд үйлдвэрт зарцуулаад, байгаа зээлээ зүгээр нэг сумын гутлын цех, талхны цехт өгөөд яах юм. Тэд өмнө нь хийж л байсан ш дээ. Тэд өөрсдийнхөө жижиг эргэлтийн мөнгөөрөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Үнэхээр Монгол улсын брэнд бүтээгдэхүүн болж, олон улсын зах зээлд гарч чадах бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрлэлд олон улсын үзэсгэлэн яармагаас олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг төрийн бодлогын зохицуулалтаар оруулж ирэх хэрэгтэй. Тухайн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, төрийн зүгээс экспортын санхүүжилтын хөнгөлөлттэй зээл олговол манай жижиг, дунд үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүн экспортын зориулалттай болж чадна. Өмнөд Солонгосын жижиг, дунд үйлдэвлэлийн 44-48 хувийг экспортын зориулалттай бүтээгдэхүүн эзэлдэг. Бид үүнийг хийж чадна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг экпортлоход хамгийн гол нь манай бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцдэггүй. Тиймээс төрийн бодлого болгож, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг тэр 37 тэрбум төгрөгийн төслөөр оруулж ирээд дотооддоо менежментийн баг бүрдүүлж үйлдвэрлэл явуулах боломжтой.