Хүртээмжтэй өсөлтөөр эдийн засгаа төгөлдөршүүлнэ

Эдийн засгийн ханш нээгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн чуулган” энэ сарын 5-6 нд Төрийн ордноо боллоо. Улс орны эдийн засгийн хөгжил, хэтийн ирээдүйг тунгаан хэлэлцэх, шинэ гарц, үүд хаалгыг нээсэн форум харьж яваа цагийн жаврыг үргээн, ирж яваа цагийн урин ханшийг нээв. Өнөө жилийн форумд төрийн гурван өндөрлөг оролцож, эдийн засгийн нээлттэй, ил тод индэрээс үгээ хэллээ. Тэд ч ил тод, нээлттэй, тунгалаг засаглалтай эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэх, хүртээмжтэй өсөлтийг иргэдэд хүргэхэд анхаарч ажиллахаа энэ үеэр мэдэгдсэн юм.

Улс төр, урлаг, спорт, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан эдийн засагт суурилсан суурь салбараа хөгжүүлэх асуудлаар хоёр өдрийн турш уулзацгаалаа. Хүртээмжтэй өсөлтөөр эдийн засгийн хөгжлийг дэмжих, Нийгмийн бодлогоор тэнцвэртэй өсөлтийг бүрдүүлэх, Өрсөлдөх чадвартай инноваци ба ногоон өсөлт гэсэн үндсэн сэдвийн хүрээнд чуулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Эдийн засгийн ханш нээгдлээ. Эдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт, Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт, Өрсөлдөх чадвар: Инноваци ба Ногоон өсөлт сэдвийн хүрээнд 11 салбар хуралдаан, хоёр тусгай хэлэлцүүлгийг өрнүүлэх гэж байна. Мөн засгийн газар дунд хугацааны тэргүүлэх чиглэлийн хөгжлийн бодлогын төслийг бэлтгэж, хөгжлийн бодлогыг хуулиар баталдаг системтэй болох гэж байна. Засаглалыг сайжруулах хүрээнд иргэний цахим үнэмлэхийг бэлтгэх, хүн амын тооллого, бүртгэлийг сайжруулах, сонгуульд иргэд саналаа цахим технологиор өгдөг тогтолцоонд шилжих бодлогыг баримталж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд V цахилгаан станцын төслийг бэлтгэж, Могойн голын станцын ажлыг эхлүүллээ. Өмнийн говийн бүс нутагт 300 км засмал замыг тавьсан нь дээрх түншлэлийн үр дүн болсон томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг юм. Инновацийн хуулийн төслийг Их Хурал хэлэлцээд батлахад бэлэн боллоо” хэмээн эдийн засгийн урьд жилүүдийн чуулганаас гарсан санал санаачлага ажил хэрэг болсныг онцолж байв.

Баялаг бүтээгчид

“Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үе буюу 1990-ээд онд манай улсын хүн амын бүтцэд хөдөлмөрийн насны хүн ам цөөн буюу дийлэнх нь өсвөр насныхан байсан. Харин өнөөдөр залуу насны бүтэцээс идэрших бүтэц рүү шилжлээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны хүн ам 2005-2008 онд жилд дунджаар 22.8 мянгаар нэмэгдэж байсан бол 2010 онд даруй 159 мянгаар нэмэгдсэн. Энэ нь хүн амын өсөлтөөс түрүүлж, хөдөлмөрийн насны хүн амын эрчимтэй өсөлт сүүлийн 50 гаруй жилд хамгийн өндөр түвшинд хүрээд байна гэсэн үг юм” хэмээн Ерөнхий сайд эдийн засгийн чуулганы нээлтийн үеэр тэмдэглэсэн. Нэг үгээр хэлбэл баялаг бүтээгчид гэдэг уул уурхайн баялгаас давсан хөрөнгө оруулалт юм. Чуулганы “Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт-Тэтгэвэрийн тогтолцоо: Нийгмийн хамгаалалын хэрэгсэл болох нь” салбар хуралдааны үеэр залуучуудын тэтгэвэрийн асуудал, баталгаат тэтгэвэрийн тогтолцоог бий болгох тухай асуудлыг голдуу хөндөж байлаа. УИХ-ын гишүүн асан судлаач Х.Хулан “Манайд тэтгэвэрийн тогтолцооны өөрчлөлт огт хийгдээгүй” хэмээн дүгнэсэн юм. Харин хувийн тэтгэвэрийн сангийн тогтолцоог зарим томоохон аж ахуйн нэгж дотроо нэвтрүүлж байгаа боловч хууль эрх зүйн зохицуулалтын орчин дардан биш байгааг НХХЯ-ны сайд хэлж байв. Голомт банкны тэргүүн дэд захирал Ганболд “ Хувийн тэтгэвэрийн санг хуульчлах нь зөв” гэсэн байр суурьтай байсан. Манай улсын хувьд 27 удаа тэтгэвэрийн хэмжээг нэмжээ. Харин энэ хугацаанд таван удаа л үндэслэл бүхий индекстэй шүтлэлцүүлж нэмсэн. Эцэст тэтгэвэрийн зөрүү хэзээ ч арилахгүй” хэмээн хэлсэн юм. Тэгвэл одоогийнх шиг тэтгэвэрийн тэнгэр газар шиг зөрүү тогтолцоо байсаар байх уу?

Эрүүл гэдэгтээ илтгэлгүй байна


Эдийн засаг эрчимтэй өсөхийн хэрээр ажлын байр нэмэгдсээр байгаа боловч ажилгүйдэл, ядуурал өндөр хувьтай байсаар байна. Ядуурал, ажилгүйдэл өндөр байхын хэрээр иргэдийн эрүүл мэнддээ тавих анхаарал суларсаар. Ийм асуудлыг салбарын сайдтай нь, хувийн эмнэлэгийн төлөөлөлтэй нь, бодлого тодорхойлогчтой нь нүүр тулсан халуухан мэтгэлцээн “Тэнцвэртэй өсөлт-Эрүүл мэндийн салбар: Асуудал ба шийдэл” салбар хуралдааны үеэр өрнөлөө. Манай эрүүл мэндийн салбарт сэтгэлгээний өөрчлөлт, үйлчилгээний соёл, хөрөнгө оруулалт ус агаар мэт дутагдалтай байгааг оролцогчид хэлж байлаа. Харин Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Ламбаа “Хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд дорвитой нэмэгдсэн болохыг 2012 оны улсын төсвөөс харж болно. Манайхны эрүүл мэндийн талаарх нийгмийн сэтгэхүйд л хөрөнгө оруулалт шаардлагатай” гэв. Товчхондоо хувийн эмнэлэг нь үйлчлүүлэгчээ хүндэлдэг, гэтэл улсын эмнэлэг нь ачаалалдаа дарагдаж юун үйлчлүүлэгчээ хүндлэх байтугай өөрсдөө ч цалин мөнгөөр зутруухан, шинэ тоног төхөөрөмжөөр ядруухан байдаг болохыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар хэлсэн юм. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадвар тамирдаж, хэт монополь байдал газар авсныг хуралд оролцогчид хэлж байлаа. Цаашид эрүүл мэндийн салбар зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг хүлээгээд суух бус бүс нутагтаа тэргүүлэх, эдийн засгийн хөшүүрэгтэй болоход бодлогын өөрчлөлтөөс үйлчилгээний соёлд суралцах шаардлага байгааг оролцогчид учирласан юм. Харин эмч нарын хувьд хангамж халамж тааруухан боловчиг засаглал, бодлогын түвшинд шинэ уур амьсгалыг нэвтрүүлэх, эмчилгээгээ чанаржуулах, эмч нараа ч боловсорч, мэргэшүүлэхэд салбар яам нь гар сунгадаг байх санал дээр хуралдааны төгсгөлд нэгдсэн юм.

Шигтгээ: Ерөнхий сайдын хэлсэн үгэнд...


“...Энэ нь манай улсын нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн ам хамгийн өндөр түвшиндээ хүрээд байгаатай бас холбоотой юм. Гэвч бид эдийн засгийн өсөлтдөө тулгуурлан ядуурлыг арилгах, ажлын байраар хангах бодлого зорилтоо хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ хүнийг хөгжүүлэх, эрүүл байлгах, амьдрах аюулгүй орчинг бий болгоход ч онцгойлон анхаарна. Улс орны хувьд төдийгүй иргэн болгон хуримтлалтай болох нь нэн чухал болж байгаа юм. Түүнийг бий болгодог даатгал, хуримтлалын тогтолцоог боловсронгуй болгож, хүний хөгжилтэй холбоход, гадаадын тэргүүн туршлага хэрэгтэй. Тухайлбал, Сингапур улсад иргэн болгон өөрийн нийгмийн даатгалын дансанд зайлшгүй хуримтлал үүсгэдэг. Энэхүү хуримтлалд зах зээлийн үнээс доогуургүй хүү авч, хэрэгцээтэй үедээ боловсрол, эрүүл мэнд, орон сууц худалдаж авах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Энэ тогтолцооны зарим зарчим, ололттой талуудыг манайд нэвтрүүлэх нь иргэдийн өөрсдийн санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хуримтлалыг үүсгэж, цаашид уул уурхайн орлоготой холбоход чухал гэж үзэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангууд, ер нь энэ салбар бүхэлдээ хөгжихөд засаглалыг сайжруулах, ил тод байдал, итгэлийг эрхэмлэн ажиллах хэрэгтэй. Засаглалын хувьд улс орны хөгжлийн үндсэн нөхцөл нь сайн засаглал мөн. Иймээс чуулганы үеэр засаглалыг үндэсний хэмжээнд сайжруулах, боловсронгүй болгох талаар хэлэлцүүлгийг зохион байгуулах болно. Үүнд засаглалыг сайжруулах, шийдвэр гаргах механизмыг шинжлэх ухаанч, стратегид тулгуурласан, ил тод тунгалаг, авилгаас ангид байлгах нь манай цаашдын хөгжлийн суурь гэж үзэж байна. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж экспортын хэмжээ нэмэгдсээр байгаа хэдий ч экспортын бүтээгдэхүүний дийлэнх нь өндөр технологийг шингээсэн бүтээгдэхүүн биш байна.

Орлогын зохистой менежмент байна уу...


Эдийн засгийн чуулганы эхний өдрийн салбар хуралдаан “Хүртээмжтэй өсөлт-Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт”. Ярих сэдэв ч далайцтай, хэлэлцэх асуудал ч цаг хугацаандаа багтамгүй өрнүүн байв. Гарц нь ч тов тодорхой байх шиг. Уул уурхайд дангаар итгэж найдсан эдийн засгаа УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн хэлсэн шиг солонгоруулах. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /MҮХАҮТ/-ын С.Дэмбэрэл даргын сануулснаар хүртээмжтэй өсөлтөд оролцоотой байдлыг эрхэмлэх. Эдийн засагч Г.Рагжаасүрэнгийн тайлбарласнаар бол үйлдвэрлэлээ хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн тохиолдолд одоогийн ганцхан өнгө төрөлжиж магадгүй нь. Одоогийн байдлаар манай эдийн засаг үйлчилгээний салбарт суурилсан байгаа нь эдийн засагт тогтворгүй байдал авчирах сул талтай болохыг Г.Рагчаасүрэн хэлж байлаа.

Олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхийн тулд аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх. Эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ зөвхөн уул уурхайгаар тодорхойлохгүй байхыг Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал онцлов. Тэгвэл “Уламжлалт хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа түлхүү хөгжүүлэх, Монголын брэнд болох ноос, ноолуурын салбартаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний гарцыг олон улсын зах зээлд нээж өгөх нь ногоон эдийн засгийг хөгжүүлэх үндсэн боломж бидэнд байгааг ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун хөгжүүлэх салбарыг хэллээ. Гэхдээ засаглалын тухайд “Тэгш хуваарилалт, тэгш боломжийг иргэдэд олгох”-ыг MҮХАҮТ-ын тэргүүн С.Дэмбэрэл онцлоод засаглалын технологи манайд алдагдсан нь одоогийн баялгийн орлогын хуваарилалт гэв.

Шигтгээ: Орлогыг хүний хөгжилд зориулах

/ Ерөнхий сайдын хэлсэн үгнээс иш татав/

Стратегийн гол бүтээгдэхүүн болох хүнсний зарим бүтээгдэхүүний тодорхой хувийг, газрын тосны дийлэнхийг гадаад улс орноос импортлон улсынхаа хэрэгцээг хангаж буй эрсдэлт байдлаас бид гарахын төлөө ажиллах ёстой. Тиймээс эдийн засгийнхаа аюулгүй байдлыг хангахын тулд нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрийг барьж байгуулахыг нийтээрээ дэмжиж ажил болгоцгооё. Мөн эрдэс баялгийг байгаль орчинд халгүй, хариуцлагатай уул уурхайн зарчмаар ашиглах, орлогын хувиарлалт удирдлагыг зохистой болгох асуудалд анхаарч, эдийн засгийг олон тулгуурт болгох нь бидний гол зорилт байх болно. Энэ талаар ч манай Засгийн газар анхааран ажиллаж байна. Байгалийн баялаг, түүхий эдийн нөөцөд суурилан орчин үеийн дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлсэн дотоодын эрэлт хэрэгцээг хангаж чадах, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлдвэрлэл бий болгох, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь манай тулгамдсан асуудал мөн. Энэ зорилгоор “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газар өнгөрсөн онд баталсан. Эрдэс баялгийн орлогыг хүний хөгжилд зориулах асуудлыг эдийн засаг, нийгмийн салбарын бүхий л хүрээний харилцан уялдаа холбоог нь ойлгож, судалгаа, төлөвлөлт дүн шинжилгээнд тулгуурлан шийдвэрлэх ёстой. Учир нь одоогоор манай улсын хүн амын бүтцэд залуучууд дийлэнхийг эзэлж байгаа. Харин нэлээд хугацааны дараа ахмадууд дийлэнх хувийг эзлэх магадлал өндөр байгаа учир одооноос тэтгэврийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлагыг бидэнд бий болгож байна. Энэ мэт урт хугацааны төлөвлөлтийн асуудлыг ч өнөөдрөөс ярьж, суурийг нь зөв тавих учиртай.

Сонгодог эгшигтэй шигтээ лекц

Өнөө жилийн эдийн засгийн чуулганы сонирхолтой агаад сонсголонтой аялгуу нь Хөгжмийн нэрт удирдаач Итай Талгамын шигтгээ лекц байсан юм. Сонгодог эгшигтэй, оролцогчдын сонорыг мялаасан “Удирдан залахуйн увдис” лекц оюуны чилээг амраасан болов уу. Эдийн засгийн ээдрээтэй хүнд асуудал, нарийн учир ухааныг ч хөгжмийн хөг хэмнэл зөөллөж байлаа.

Монголын эдийн засгийн чуулган ямар болов?

Амьдрах чадвартай байгаагийн илрэл

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн ахлах зөвлөх П.Цагаан/

-Улс орны эдийн засгийн асуудлаа хэлэлцэж байгаа нь сэргэн мандахын шинж тэмдэг. Нэг үгээр хэлбэл ардчилалтай, амьдрах чадвартай байгаагийн илрэл юм. Өнөө жилийн чуулган төр, хувийн хэвшил, иргэний уулзах цэг, нээлттэй индэр нь боллоо. Ардчилсан зарчмаар алдаа, оноогоо хэлэлцэж, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгаа бэхжүүлэхэд чуулган үр дүнгээ өгсөн гэж бодож байна.

Үр дүнг нэхэх шаардлагатай

/УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Даваасамбуу/


-Нэгдүгээрт, Уул уурхайн баялгаар дамжуулан эдийн засгийн хөгжлийн яаж хурдасгах уу. Ямар хүндрэл байна. Цаашид яаж ажиллах нь зүйтэй вэ гэдэгт хүмүүсийн санал бодлыг сонсож, нэгдсэн ойлголтод хүрч, нийгэмээрээ энэ чиглэлд явахад тустай. Хоёрдугаарт, гарсан санал, шүүмжээ нэгтгэн дүгнээд зөвлөмж байдлаар холбогдох мэргэжлийн байгууллагад нь хүргүүлээд тодорхой ажлын гүйцэтгэл, үр дүнг нэхэх шаардлагатай. Өмнө нь тодорхой санал зөвлөмж аваад ажил хэрэг болдоггүй.