Хүхэрт натрийн химийн үйлдвэр ашиглалтад орно

Манай улсын анхны Хүхэрт натрийн химийн үйлдвэр энэ оны тавдугаар сарын 1-нд үйлдвэрлэлээ эхлэх гэж байна. Төв аймгийн Цээл суманд байрлах “Нэйшнл Химикал” ХХК-ийн тус үйлдвэр жилд 105 мянган тонн хүхэрт натри үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тус ажлын хүрээнд өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, тус яамны Үйлдвэрийн зохицуулах газрын мэргэжилтэн М.Баянмөнх нар хүхрийн хүчил болон натрийн үйлдвэрийн төсөлтэй өнөөдөр /2013.03.07/ танилцлаа.
Манай улсын хүхрийн хүчлийн хэрэглээ 100 хувь импортоос хараат байдагт мэргэжилтнүүд ам нийлж буй. Түүнчлэн хүхрийн хүчлийн үйлдвэр барих зайлшгүй шаардлагатайг “Ашигт малтмалын судалгаа, сурталчилгаа, мэдээллийн төв” ТББ-ын тэргүүн Б.Мягмаржав онцлов. Нэйшнл Химикал ХХК-ийн эдийн засагчдын тооцоолсноор тус үйлдвэр улсад жилд гурван тэрбум төгрөгийн татвар төлж, үйлдвэрээс 250 гаруй хүний ажлын байр бий болох аж.
Монгол Улс хүхрийн хүчлийн хэрэглээнд жилд 10 сая орчим ам.долларыг зарцуулдаг байна. Энэ үеэр “Нэйшнэл Химикал” ХХК-ын ТУЗ-ийн дарга Д.Энхбаатар “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хүхэрт натрийн үйлдвэрийн туршилт хийгээд 300-гаад тонн хүхэрт хүчлийн натри гарган авч шинжлэхэд 98 хувийн агуулгатай буюу хүхэрт натри үйлдвэрлэхэд бүрэн хангалттай бүтээгдэхүүн гарсан. Бид сард 1250 тонныг үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Манай улсын хүхэрт натрийн жилийн хэрэглээ 18 мянган тонн байдаг. Үүнийг 100 хувь хангана. Мөн экспортлох боломжтой. Тухайлбал, ОХУ-ын Сибирийн орнуудад хүхэрт натрийн эрэлт их байна” гэлээ. Тус үйлдвэрийг ашигласнаар цаашид угаалгын нунтаг, будаг, шаазан үйлдвэрлэх боломжтой болох аж.