Хүүг хэлэлцэн, криптог сонжив

Бизнес, банк, санхүүгийн салбарт нэлээд идэвхтэй долоон хоног байлаа. Учир нь Монголбанкнаас өргөн бариад буй Банкны болон Төвбанкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн УИХ-аар хэлэлцэхийг дэмжив. Мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Банкны зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсэг томилоод буйгаа мэдэгдсэн нь олон нийтэд нааштай хандлага үүсгэлээ. Түүнчлэн олон улсын байгуулагуудтай зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлаар хамтран ажиллахаар ярилцаж байгаа гэсэн. Гэхдээ Төвбанкнаас өргөн бариад буй хуулийн төсөлд хүүг буулгах заалт ороогүйг Н.Баяртсайхан хэлсэн. Мөн тэрбээр Монголбанк цаашид Засгийн газарт зээл олгох санхүүгийн зуучийн үүргээ гүйцэтгэнэ. Уул уурхайн төсөл санхүүжүүлэх гэх мэт арилжааны банкуудын дотоод үйл ажиллагаанд Төвбанк оролцохгүйг цохон тэмдэглэлээ.

Бид онцлов

Хэвлэл мэдээллийн салбарт гэлтгүй нийгэм даяар энэ долоо хоногийн онцлох сэдэв зээлийн хүү байлаа. Ер нь энэ сэдэв хэдэн 10долоо хоног улирах нь дамжиггүй. Манай вэбсайт мөн эл сэдвийн хүрээнд багийн сурвалжлага, ярилцлага бэлтгэн хүргэлээ. Редакцийн сэтгүүлчид баг болон нийслэлийн томоохон хүнсний захууд дахь мөнгө хүүлэлтийг эрэн сурвалжилж, иргэд хоорондын зээл хэрхэн явагддаг хийгээд өдрийн болон сарын хүү зээлдүүлэгч, зээлдэгч талд хэрхэн тусаж буйг бодит жишээгээр хүргэхийг зорив.

Бидний уулзсан хүмүүсийн нэг болох БЗД-ийн 13 дугаар хорооны иргэн Ц хуучин /комиссын/барааг нэг захаас худалдан авч нөгөө зах дээр борлуулахын тулд сарын 10 хувийн хүүтэй зээл авч байна. Найман жилийн турш ийн амьжиргаагаа залгуулж буй энэ эмэгтэй өдөр бүр орлогоосоо 75 мянган төгрөгийг зээлдүүлэгчдээ төлж, мөнгө үлдвэл гэртээ хүлээж суугаа зургаан хүүхдээ хооллохын төлөө явна. Нөгөө талд зээлдүүлэгч буюу бидний хэлдгээр хүүлэгч гэх хүмүүсийн зарим нь зээлийн эргэлтэд анх оруулсан мөнгөө хэд нугалсан ашиг олж байхад, бүр “шатчихсан” шүүхийн үүд онголзуулж яваа нь ч байна. Дэлгэрэнгүйг “Төрөөс хүчтэй мөнгө хүүлэлт” сурвалжлагаас уншаарай.

Манай улс энэ оны аравдугаар сарын байдлаар 5190 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортлоод байна. Үүний өчүүхэн хэсгийг магад уншигч таны төсөөлж байгаагүй нэгэн амьтан эзэлдэг болсон талаарх “Малчны хотноос экспортод” цуврал нийтлэлийг онцолж байна. Угтаа 98 улсад экспортолж болох монгол банхрыг сүүлийн хоёр жилд 13 орон руу худалдаалаад байгаа аж. Уг нийтлэлийн хоёр дахь хэсэг “Би ч бас үндэсний брэнд” цувралаас хэн хүний санаанд үл ором экспортын эл бүтээгдэхүүний зах зээл манайд хэрхэн өргөжиж буйг мэдэх боломжтой. Нэгэн үе малчны хот сахин хэвтдэг байсан энэ амьтан үнэд хүрэхээс гадна олимпод оролцон, салоноор үйлчлүүлж, өөрийн гэсэн тэжээллэг хүнс хэрэглэдэг болжээ.

Анхаарлын төвд

Мөн улирч буй долоо хоногт Монголчуудын гаргахаар зэхэж буй “Эгэрэг” цахим мөнгө, “Топ-20”-ийн индексийн талаарх мэдээлэл олон нийтийн сонирхлыг нэлээд татлаа. Монголын хөрөнгийн биржид Топ-20 индекс сүүлийн таван жилийн дээд цэгтээ хүрч, энэ оны нэгдүгээр сараас хойш 90 орчим хувиар өсч, өнөөдрийн байдлаар /2017.12.01/ 23724 нэгж даваад байна. Үүнд нэгдүгээр ангилалд бүртгэлтэй, үйлдвэрлэгч компаниудын хувьцаа хамгийн их нөлөөлжээ.

Криптовалютын тухайд Монголчууд дотоодын зах зээлд “Эгэрэг” хэмээх цахим мөнгийг ирэх онд гаргах гэж буйгаа мэдэгдсэн нь олны анхаарал татсан явдал байлаа. Уг цахим мөнгөний давуу тал нь блокчэйн технологи дээр суурилсан, төвлөрсөн удирдлагатай буюу хэзээ ч унтрааж устгах боломжгүйгээр бичигдсэн аж. Эгэрэгээр гүйлгээ хийхэд гадаад дотоодын гүйлгээний шимтгэл маш бага болох, цаасан мөнгөний хэрэглээний зардал багасах зэрэг давуу талтайг зохион бүтээгчид онцолсон.

Өнөөдөр дэлхий дээр нийт 1300 гаруй криптовалют бий. Криптовалют гэдэг нь блокчэйн технологи дээр суурилсан нууцлал өндөртэй алгоритм юм. Биткойныг криптовалютын үндсэн том төлөөлөл, блокчэйнийг олон нийтэд таниулсан “цахим эцэг мөнгө” гэгддэг. Харин биткойны ханш өнгөрсөн лхагва гарагт 20 хувиар унаад байгаа нь амралтын өдрөөр болох “Crypto Nation” Монгол дахь криптовалютад хөрөнгө оруулагчид, сонирхогчдын чуулга уулзалтыг улам сонирхолтой болгох нь.

Эцэст нь чуулган олон нийтэд нээлттэй болохыг тэмдэглэе.