Хүүхдэд зориулсан робот эмч


Хятадад тусгай зориулалтын робот сурагчдад өдөр тутмын эмчийн үзлэг хийдэг боллоо.

Walklake-ийн өмнө зогсоод шинжилгээ өгөөрэй! Эл робот эмч нь ердөө гурван секундын дотор нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, хөл, гар, амны халдвар зэрэг маш олон өвчнийг оношилдог. Одоогоор Хятадын 2000 гаруй цэцэрлэгийн 2-6 насны хүүхдүүд өглөө бүр Walklake-ийн үзлэгт хамрагдаж хэвшжээ. Уг робот нь давхарласан цаасан хайрцаг шиг биетэй бөгөөд инээмсэглэсэн, хөгжилтэй царайтай учир хүүхдүүдийн сонирхлыг татдаг байна. Хүүхдүүд өглөө ангидаа орохоос өмнө робот эмч дээр очоод, нүд, гар, хоолой зэргээ харуулахад л хангалттай. Walklake нь духандаа хэт улаан туяаны хэмжигчтэй, харин нүд, ам, цээжиндээ камертай юм. Түүний оношлогооны систем нь бүх төрлийн халдвар илрүүлэх, биеийн дулаан хэмжих, арьсны тууралт үүссэн эсэхийг тогтоох, хоолойны үрэвсэл, нүдний улайлт зэргийг маш түргэн оношлох зориулалттай бүтээгджээ. Хэрэв хэвийн бус шинж тэмдэг илэрвэл робот тэр даруй тухайн сурагчийн анги удирдсан багш болон сургуулийн эмч нарт мэдээлэл дамжуулж, нэмэлт үзлэгт оруулах санамж илгээдэг аж. Энэхүү арга хэмжээг цэцэрлэгийн хүүхдүүд дунд халдварт өвчин тархахаас сэргийлэх зорилгоор 2016 онд Хятадын Засгийн газар анх санаачилж байжээ. Хэдийгээр эмчийн үзлэгийг хүн хийх боломжтой ч роботуудын тусламжтайгаар тэрхүү үйл явцыг хэд дахин хялбар, хурдан болгосон байна.


Энэ талаар Массачусетс дахь Тафтс их сургуулийн судлаач Карен Панетта “Оношлогооны зориулалттай ийм төрлийн роботууд хүн ам ихтэй улсад илүү тохиромжтой. Гэвч анагаахын салбарын мэргэжилтнүүдийн хувьд эдгээр робот нь хангалтгүй санагдсан хэвээр байгаа” гэсэн юм.

Хэрэв ийм роботуудыг илүү өргөн цар хүрээтэйгээр хэрэглээнд нэвтрүүлж эхэлвэл тэдгээрт цугларсан мэдээллийг эрүүл мэндийн салбарын ажилтнууд ашиглаад аливаа өвчний тархалтын шалтгааныг олж тогтоож, улмаар яаралтай арга хэмжээ авч чадна гэж тэрбээр дурдав.

Харин Шеффильдийн их сургуулийн судлаач Аманда Шаркей “Хүүхдүүд өглөө бүр роботоор үзлэг хийлгүүлж өдрийг эхлүүлэх нь тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлэх болно. Харин оронд нь багш болон сургуулийн сувилагч нар хүүхдүүдийг найрсгаар угтаж авсан нь илүү дээр” гэжээ.


Хүүхдэд зориулсан робот эмч бүтээх нь Хятадад ихээхэн түгээмэл болж байгаа бөгөөд Kidata зэрэг компани эл салбарт тэргүүлж буй. Зарим робот нь өндөр, жин хэмжих, хүүхэд эмээ уух цаг болсныг багшид сануулах зэрэг нэмэлт үйлдэлтэй байдаг.

Их Британийн Бат их сургуулийн судлаач Жоанна Брайсон “Робот нь хүүхдүүдэд маш сонирхолтой санагдаж, тэднийг өдөр бүр үзлэг хийлгэх сонирхлыг өдөөж болох хэдий ч системд цугларсан хүүхдүүдийн талаарх асар том мэдээллийн сан алдагдах, хакердуулах эрсдлээс сэргийлэх талаар давхар бодолцох хэрэгтэй” гэж анхааруулсан байна.