Хүүхдэд зориулсан шилдэг бүтээл шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн улсын зургаадугаар уралдааныг зарлалаа.

Хүүхэд, багачуудын зөв хүмүүжил, төлөвшилд нөлөөлөхүйц, оюунлаг хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын урын санг баяжуулахад чухал үүрэгтэй энэхүү уралдааныг энэ удаад төсөл хэлбэрээр шалгаруулахаар болжээ.

Шалгаруулалт хэн бүхэнд нээлттэй бөгөөд хүүхдэд зориулсан драмын(60-90 минутад багтсан) болон хүүхэлдэйн жүжиг(10-20 минутад багтах), шилдэг дууны цомог (20-оос дээш дуутай) болон чөлөөт сэдвээр төсөл бичиж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хорооны 103 тоотод өгөх юм. Уралдаанд оролцогчид хамгийн гол нь хүүхдийн насны ангилал, сэтгэхүй, онцлогт тохируулсан сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх, авъяасыг нээх бүтээл санаачлах ёстой аж. Шалгарсан бүтээлийг төрөөс санхүүжүүлж, хүүхэд, багачуудын авъяасыг хөгжүүлэх улсын урын алтан санд бүртгэн авах юм. Түүнчлэн шалгаруулалтын дараа тус газраас улс даяар “Хүүхдийн дууны наадам” зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Шалгаруулалт өнөөдрөөс ирэх тавдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм.