Хүүхдүүдэд мэргэжлийн багш яаралтай бэлтгэх хэрэгтэй байна


“Амьдрал гэдэг тоос хөдөлгөн амьд явахын нэр биш, амьдрал гэдэг өөрийн болон бусдын төлөө зүтгэхийн нэр юм” хэмээн төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамба гуай нэгэнтээ хэлсэнчлэн хүнээ анхаардаг, хайрладаг, хамгаалдаг төрийн үйлчилгээ дутмаг, хангалтгүй байна гээд эцэг эхчүүд санал бодлоо хэлсэн юм. Тэд “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн аж байдлыг сайжруулах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх зэрэг олон бодлого хөтөлбөр цаасан дээр тунхагийн шинж чанартай хэрэгжиж байгааг” энэ үеэр мэдэгдлээ. “Хэвлэлийн хүрээлэн”-гийн Мэдээллийн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч, боловсрох эрх”-ийн асуудлаар эцэг эхчүүд ийн нэгдэн, өөрсдийн дуу хоолойг олон нийтэд хүргэхийг зорьжээ.

Өнгөрсөн оны хүн амын тооллогын дүнгээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй /ХБХ/ 108741 хүн байгаа аж. Манай улсын суурин хүн амын 4.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хэмээн гарсан боловч ийм төрлийн хүүхдийн албан тоон мэдээ одоогоор тодорхойгүй байгаад ХБХ-тэй эцэг эхийн холбооныхон эмзэглэж явдгаа илэрхийллээ.

Харин тус холбооноос хийсэн 2008 оны судалгаагаар улсын хэмжээнд 32513 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн тойм тоог гаргасан байна. Одоогоор Улаанбаатар хотод тусгай сургалттай зургаан сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас дөрөв нь /25, 55, 63, 70/ оюун ухаан, сэтгэцийн бэрхшээлтэй, 29 дүгээр сургууль нь сонсголын бэрхшээлтэй, 116 дугаар сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай сургалтын хөтөлбөрөөр хичээл орж байгаа ажээ.

ХБХ-тэй эцэг эхийн холбооноос Засгийн газар, БСШУЯ-д хандаж дараах шаардлагыг тавилаа.

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг сайжруулах.

2. Сурч боловсрох эрхийг хангахад чиглэсэн зорилт, үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлэхэд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх.
3. Орон нутаг, нэгжийн түвшин дэх хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарах хэрэгтэй байна.
4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн хүүхдийн нэгэн адил арга зүйгээр үнэлж буй үнэлгээний өнөөгийн арга хэлбэрийг өөрчилж, тэдний онцлог, ялгаатай байдлыг харгалзан хөгжлийн ахицаар нь үнэлэх, үнэлгээний оновчтой системийг нэн даруй бүрдүүлэх хэрэгтэй байна.
5. Тусгай хэрэгцээт сургуулийн сурах бичгийн хүрэлцээ, хангамжийн асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байна.
6. Хөдөө орон нутагт бүсчилэн тусгай хэрэгцээт сургуулийг байгуулах шаардлагатай байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зургаан тусгай сургуулийн хүрэлцээ тааруу тул нэмж сургууль байгуулах .
7. Тусгай хэрэгцээт боловсролын сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлэх. Гадаад орны ижил төстэй сургуулийн хөтөлбөрийг судлахад анхаарч, өмчийн бүх хэлбэрээр багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт түүнийг заавал судлах хичээлээр тусгаж хэрэгжүүлэх.
8. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудал нэн тэргүүний шаардлагатай байна гэлээ.
Б.Баяртогтох