Хөгжилд хөтлөгч

Телевизийн суваг солин суугаа найман настай охин “Оюутолгой, Оюутолгой гээд байх юм. Энэ юу юм бэ” хэмээн аав, ээжээсээ сониучирхан асуух. Түүний хувьд Оюутолгой нэг талаар олны танил “од” шиг санагдсан биз. Монголчууд төдийгүй дэлхий нийт ийн онцлон ярьж буй нь учиртай.

Ойрын өдрүүдэд олны чихийг хангинуулж, зүрхийг дэлсээж буй Оюуòолгойн төсөл ирээдүйд өмнийн говьд гэлтгүй Монгол Улсын хөгжилд одоогийн бүтээснээсээ илүү өгөөжийг хүртээх учиртай. Өмнөговийн “үүдэн” хэсэгт байрлах Тус уурхай өнгөрсөн хугацаанд улсын хөгжлийн түшээ болсоор ирлээ.

Олон улсын вальютын сан Оюутолгойн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед Монгол Улсын эдийн засаг гуравны нэгээр өсөх боломжтой гэжээ. Уг уурхай 2013 оны долдугаар сард зэсийн анхны баяжмалаа экспортод гаргаж байсан бол өнгөрсөн онд нэг сая дахь тонн зэсийн баяжмалаа экспортоллоо. Тэгвэл одоо гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын эхлэл тавигдаад буй. Нэг үгээр, Олон улсын валютын сангийн дээрх тооцоолол биеллээ олох үе айсуй. “Оюу Толгой” компани энэ онд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Нийслэлээс урагш 550 орчим км, БНХАУ-ын хилээс хойш 80 гаруй км-ын зайд орших Оюу толгойн уурхайн үйлдвэрлэл 2013 онд эхэлснээс хойш улсын эдийн засаг, Говь нутгийн хөгжилд багагүй хувь нэмэр оруулжээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд “Оюу толгой” ХХК нийт 1.3 тэрбум ам.долларыг татвар, роялти болон бусад төлбөрийн хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлсөн аж. Улсын төсөвт төлж буй татвар, хураамж нь цаашид тогтвортой өсөх төлөвтэй байгааг компанийн зүгээс хэлэв.

Энэ төсөлд манай улсын болон олон улсын мэргэжилтнүүд мөр зэрэгцэн зүтгэж байна. “Оюу Толгой” компанийн зүгээс ажиллах хүчээ монгол ажилтнуудаар түлхүү бүрдүүлж, ирээдүйн уурхайчдыг бэлтгэхэд анхаарч буй гэнэ. 2013 оны эцэст тус компанийн нийт ажиллах хүчний 90-ээс дээш хувийг монголчууд эзэлж байсан бол өнөөдөр эл үзүүлэлт 95 хувьд хүрчээ. Тэдний 21.7 хувийг Өмнөговь аймгийн иргэд эзэлж байна.

Өнгөрсөн хугацаанд бий болсон бүтээн байгуулалтуудаас онцолвол, Оюутолгойн уурхайгаас Ханбогд сумын хооронд 7.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 40 км урттай, 35 кВт-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулан Ханбогд сумыг байнгын эрчим хүчтэй холбосон. “Оюу Толгой” компани Өмнөговь аймагт 40 орчим сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн бол Ханбогд суманд уурхайн дэд бүтцийг орон нутгийн иргэдтэй хамтарч хийж байгаа. Энэ нь сумын ажилгүй иргэдийн хувьд ажил, орлоготой болох том боломж. Уурхайгаас урд хөршийн хил рүү хатуу хучилттай зам барьсан төдийгүй сумын төвд ч мөн засмал зам тавьжээ. Түүнчлэн нийт 3.25 км урт, 45 метр өргөнтэй “Ханбумбат” нисэх онгоцны буудал барьсныг онцлох нь зүйтэй. Тус нисэх буудал ашиглалтад орсноор ханбогдчууд, уурхайн ажилчид сумынхаа хаяанаас агаарын хөлгөөр Улаанбаатарыг зорих болсон.

Өмнийн говийн Галбын элсэнд буурилсан ханбогдчууд уурхай дагасан хөгжлийг мэдэрч яваа улс. Одоогоос гурван жилийн өмнө эдийн засагч Д.Жаргалсайхан “Өмнөд бүсэд дэд бүтэц болоод хүн амын шинэ соёл, иргэншил бий болно. Тиймээс бидний хандах чигээс хамаарч уул уурхайг дагасан тогтвортой хөгжил бий болох боломжтой” гэж байсан. Тэгвэл өнөөдөр эл бүсэд хүн амын шинэ иргэншил хэдийн бүрдэж эхэлж. Үүнийг нотлох баримтуудаас нэгийг дурьдахад, энэ оны эхний улирлын байдлаар Ханбогд сумын өрхийн тоо 1700 орчимд хүрсэн бол оршин суугчдын тоо 4000 дөхөж явна. Энэ нь арав гаруй жилийн өмнөхөөс 10 дахин өссөн дүн юм. “Оюу толгой” компанид өнөөдөр 4700 гаруй монгол хүн ажиллаж байна.

Оюутолгойн төслийн тогтвортой бас аюулгүй байх хамгийн чухал хүчин зүйл бол орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаа. Энэ ч үүднээс иргэдтэй хамтран орон нутгийн хөгжилд тодорхой дэм үзүүлж явна. Компанийн удирдлагуудаас Оюутолгой төсөл орон нутагт хэчнээн төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн талаар тодруулахад “Бид хийсэн бүтээснээ мөнгөн дүнгээр үнэлж хэлэх дургүй” хэмээсэн юм. Тэдний хувьд алив хийж буй бүтээн байгуулалтаа орон нутгийн болон Оюутолгойн тогтвортой хөгжлийн галд тос болохуйц гэж үзэн холч ухаанаар ханддаг гэнэ. Учир нь Оюутолгой бол өнөөдөр, маргаашийн тухай биш урт хугацаанд хэрэгжих төсөл. Тиймээс тэд төслийн өгөөжөөр босч буй бүтээн байгуулалтуудыг зоосны нүхээр харж хийдэггүй аж. Товчхондоо, бидний харж буй боломжийн цаана орших бүтээн байгуулалтууд хөгжлийн хэтийн зорилго агуулдаг байна.

“Оюу Толгой” компанийнхны хувьд хамгийн чухал бүтээн байгуулалтын ажил нь тэд орон нутгийн иргэдтэй урт хугацааны тогтвортой хөгжлийн Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан явдал. Уг компанийн удирдлагууд Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдын дарга нартай уг гэрээг үзэглэсэн. Гэрээний хүрээнд “Оюу Толгой” ХХК “Хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан орон нутагт жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 30 жилийн хугацаанд хийх үүрэг хүлээгээд байна.

Уг гэрээ нь орон нутгийн эдийн засгийн хөгжил, нийгмийн дэд бүтэц, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах зэрэг асуудалд голчлон чиглэж байгаа аж. “Оюу Толгой” ХХК 2015 оны нэгдүгээр улиралд гэхэд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, орон нутгийн дэд бүтэц, бэлчээрийн менежмент болон хуучин худгийг сэргээх зэрэг ажилд 280 мянга орчим ам.доллар зарцуулжээ. Ойрын ажлаас нь дурьдвал өнгөрсөн сарын 25-нд тэд Ханбогд суманд иргэдийн хөгжлийн төв барьж байгуулснаа хүлээлгэн өглөө.

Оюутолгойн уурхайн төслийн өгөөжөөс Монгол Улсад оруулсан хамгийн том бүтээн байгуулалт боловсролын салбарт чиглэсэн. Энэ нь Мэргэжлийн боловсон хүчнийг дэмжих 126 сая ам.долларын өртөг бүхий төсөл юм.

Уг төслийн хүрээнд Ханбогд сум болон Нийслэлийн Налайх дүүрэгт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг шинээр байгуулжээ. Мөн Даланзадгад, Эрдэнэт, Улаанбаатар, Дархан, Чойр хотууд дахь мэргэжлийн боловсролын сургуулиудын сургалтын тоног төхөөрөмж, хичээлийн хөтөлбөрийг сайжруулахад зориулан хөрөнгө оруулсан байх жишээтэй.

Тус компани мэргэжлийн боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, олон улсад өрсөлдөхүйц, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийг чухалчилж буйн илрэл энэ юм. Тэд энэхүү төслийн үр дүнг энэ онд тайлагнах аж.
Энэ мэт онцлом бүтээн байгуулалтыг Оюутолгой төсөл бидэнд хүлээлгэн өгөөд байна. Уг төслийн цаашдын өгөөж Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд тодорхой жин үзүүлэх нь дамжиггүй.


"Mongolian Economy" сэтгүүл 2015 оны 06 сар, №092 дугаараас