Хөгжихгүй байгаа шалтгааныг хэлэлцэж байна

Монгол Улсын эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой “Energy Mongolia-2013” олон улсын хурал, үзэсгэлэн болж байна.
Тус хуралд найман орны 50 гаруй төлөөлөгч оролцож, эрчим хүчний салбарын төсөл хөтөлбөр, бодлого, эрх зүйн орчны талаар үзэл бодлоо хуваалцаж байгаа аж. Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв “Эрчим хүчний салбар эдийн засгийн өсөлтийг хангах чадамжтай байх учиртай. Гэтэл манай эрчим хүчний салбар хямралтай байна. Улсын урдаа байдаг салбар болохын тулд бидэнд хууль эрх зүйн болоод технологийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Тиймээс энд цугларсан та бүхэн өөрсдийн саналаа харамгүй хэлээрэй” гэсэн юм.
Манай улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд томоохон эх үүсвэр барьж, ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага байна. Тиймээс тус салбарт гаднын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Харин уг хурал хөрөнгө оруулагчдыг татахад өндөр ач холбогдолтой аж. Гэхдээ хөрөнгө оруулагчид эрчим хүчний салбарыг сонирхдоггүй гэдгийг талууд хэлсэн. Учир нь, тус салбар төрийн хараат, эрчим хүчний үнэ зах зээлийн жамаар бус байдаг нь хөрөнгө оруулагчдыг үргээдэг байна. Гэхдээ эрчим хүчний салбар төрийн мэдэлд байснаар өдий зэрэгтэй байгаа гэх хүн ч байлаа. Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар “Төр байгаа болохоор эрчим хүчний салбар өдий хүрсэн. Уг салбарт ажиллагсад төр амьдралынх нь баталгаа болдог учраас итгээд ажиллаж байна.Түүнээс биш алдагдалтай салбарт ажиллах хүн олдохгүй шүү дээ. Зарим станцыг хувьчилсан. Гэхдээ нийгмийн зориулалттай байгууллага хувьчлагдахаар ашгийн хойноос хөөцөлдөөд байдаг. Тиймээс хувьчлах асуудлыг нарийн тооцох хэрэгтэй” гэсэн юм.
Эдийн засаг өсөөд байгаа боловч эрчим хүчний салбар дээшлэхгүй байна гэдгийг шүүмжлэх олон хүн байв. Түүнчлэн эрчим хүчний салбар өнгөрсөн онд 66 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ нь өмнөх оныхоос бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Ер нь сүүлийн жилүүдэд алдагдал буурахгүй, улам өсч байгааг салбарын мэргэжилтэн ярьсан. Үүний гол шалтгаан нь нөгөө л эрчим хүчний үнийг чөлөөлөхгүй байгаатай холбоотой аж. Олон улсын судлаачид дэлхийн 117 оронд эрчим хүчний үнийн судалгааг хийж, цахилгааны үнийг хамгийн багадаа найман цент байна гэж тогтоосон байдаг аж. Энэ нь монгол мөнгөөр 112 төгрөг юм. Гэтэл Монголд зургаан цент байна. Гэхдээ хамгийн доод алдагдалгүй байх үнийг найман цент гээд тогтоочихсон. Найман цент байвал эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллаж эхлэх аж. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулаанбат “Манай эдийн засаг хурдацтай өсаж байна. Харин тус өсөлтийг хөгжил болгох чухал салбарын нэг бол эрчим хүчний салбар. Эрчим хүчгүй бол эдийн засаг хөгжихгүй. Мөн эдийн засгийн хөгжил байхгүй бол тус салбар хөгжихгүй. Тиймээс салбаруудын харилцан хамаарлыг анхаарах хэрэгтэй. Эрчим хүч, эдийн засгийн аль ч салбарт хөрөнгө оруулагчид чухал. Тиймээс тэдэнд хууль эрх зүйн тогтвортой байдал хэрэгтэй байна” гэв.
Гэхдээ эрчим хүчний салбарыг хөгжүүлэх асуудлыг үе үеийн засгийн газар яриад олигтой үр дүнд хүрсэн нь үгүй. Тиймээс тус салбарт сайн менежмент хэрэгтэй гэж шүүмжлэх хэсэг байлаа. Адаглаад нөөц, эрэлт нь байлаа гээд тус салбар хөгжихгүй гэдгийг хэлэх хүн олон байв. Тухайлбал, Монголд нүүрс, салхи, нар, ус гээд эрчим хүчний нөөц арвин бий. Гэтэл яагаад энэ салбар хөгжихгүй байна вэ. Эрэлт нь байхад гаднын хөрөнгө оруулагчдыг татаж яагаад чадахгүй байна вэ зэрэг асуултын хариултыг олох цаг болсон. Хариултыг нь олчихвол эрчим хүчний салбар хөгжиж чадна гэдгийг хуралд оролцогчид онцолсон юм.
Гурав хоног үргэлжлэх “Energy Mongolia-2013” олон улсын хурал, үзэсгэлэнгийн үеэр “Эрчим хүчний салбарт ойрын хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд”, “Дулааны эрчим хүчний зохистой хэрэглээ”, “Үнийн бодлого, зохицуулалт” гээд олон сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм байна. Тиймээс эрчим хүчний салбарыг сонирхож буй компани, хувь хүмүүс тус хуралд өргөнөөр оролцохыг Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжав уриаллаа.