Хөгжлийн банкны бондод хөл ургаад, хилийн дээс алхаасай

Монголын өрх бүрт “Таван толгойн” хувьцааны тухай халуун яриа өрнөж байхад Төрийн ордонд бондын талаарх мэтгэлцээн үргэлжилсээр... Харин бондын үр дүн богино хугацаандаа бүрхэг байсаар. Цаашид ч харанхуй таамаг хөвөрсөөр байна. Түүхэндээ Засгийн газар тэнэг ч гэмээр магадгүй тэмдэглүүштэй ч гэмээр шийдвэр гаргасан нь Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн бонд гэлцэх боллоо. ДНБ-ийхээ бараг 10 гаруй хувьтай тэнцэх хөрөнгийг зээлээр аваад, дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулах зоримог алхмыг төр хийсэн нь үнэн ч, амжилттай арилжаалах нь “худал” болж хувирлаа гэх болов. Хөгжлийн банкны бондын төлбөр нь жилийн 4.75-7.0 хүртэл хувийн хүүтэй байхаар төлөвлөж байгаа ажээ. Ийм өндөр хүүтэй бондыг лавтай арилжааны банк болоод аж ахуйн нэгж сонирхохгүй л болов уу гэдэгт эдийн засагчид эргэлзээд эхэлчихэж.

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун “Засгийн газрын баталгаат бондыг олон улсын бондын зах зээлд гаргаж болно. Амжилттай хөрөнгө босгосон жишээ цөөнгүй. Худалдаа хөгжлийн банк гэхэд л хоёр удаа гадаадын зах зээлд бонд гаргасан. Манай улс дэлхий нийтийн сонирхлын цэг болоод байна. Тиймээс Засгийн газраар баталгаажсан бондыг гадаадад арилжаалбал богино хугацаанд мөнгө босгож болно” гэв. Тэрбээр бараг хагас жилийн өмнө үүдээ нээсэн Хөгжлийн банкны үйл ажиллагаа удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандсан. “Энэ банкны улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, хувь нэмэр маш их. Манайх шиг шилжиж буй сул хөгжилтэй оронд Хөгжлийн банк эдийн засагт чухал бодлогын үүрэг гүйцэтгэдэг. Ийм жишгээр олон орон хөл дээрээ боссон. БНСУ-ын Хөгжлийн банк зөв бодлого явуулсан учраас улсынхаа хөгжлийг түргэсгэж чадсан. Хятадад гэхэд гурван том Хөгжлийн банк байна. Бодлогын банк ч гэж нэрлэдэг. Манайхөн эрчимтэй л ажилламаар байна” гэсэн юм.

Бондын зах зээлд Монгол Улс 1996 онд анх хөл тавьсан. Бонд гэдэг нэгэн төрлийн өрийн бичиг. Банкны зээлээс ялгаатай нь өөр хүнд худалдах боломж нээлттэй. Өөрөөр хэлбэл, мөнгө зээлж буй хэрэг л дээ. Манай улс 1996 оноос эхлэн Засгийн газраас төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор хямдруулсан бонд арилжаалж эхэлсэн хэдий ч туршлагажих хэмжээний дорвитой зүйл болж чадаагүй. 1996-2008 онд нийтдээ 170.2 тэрбум төгрөгийн л бонд гаргасан байдаг. Тиймээс ч өнөөдрийг хүртэл иргэдийн дунд бондын талаарх ойлголт тун ядмаг байсаар. 12 жилийн хугацаанд дээрх хэмжээний бонд гаргаж байсан Монгол Улс 800 тэрбум төгрөгийн бонд арилжаална гэхээр гадаадынханд нэг талаараа чамлалтай ч нөгөө талаараа дэндүү гэнэн санагдах биз.

Санхүүгийн зах зээлд банкны систем дангаар ноёрхож буй энэ үед арилжааны банкууд бондын зах зээлд төвийн тоглогч хэвээр байх нь ойлгомжтой. Тэд л хөдлөхгүй бол манайд бонд борлохгүй тийш хандана. Гол нь төрөөрөө дэнчин тавьсан бондын арилжааг сохроор шүтэх байдал сүүлийн үед гаарлаа. Бондоор хөрөнгө босгох хялбар санагдсан нь гацаанд орж, зарим төрийн түшээг гансрахад хүргэсэн. Магадгүй, манайд 800 тэрбум төгрөгийн бонд ахадсан тоо байж мэдэх юм. Дотоодын хөрөнгийн биржээр арилжаалж буй Сангийн яамны 300 тэрбум төгрөгийн бондоо арилжааны хэдэн банкиндаа шахаад ч болов хөрөнгө босгохоор мэрийж байна. Харин 800 тэрбум төгрөгийн бондоо одоо яах вэ? Дотоодын зах зээлд шингэхгүй, нэр төдий 800 тэрбум төгрөгийн бонд хэзээ хилийн дээс алхах бол. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Ч.Хашчулуун “Хөгжлийн банкны санхүүжилтийн асуудлыг хүмүүс яагаад удаагаад байгаа юм бэ гэж багагүй шүүмжилдэг. Гэтэл Хөгжлийн банк маань саяхан байгуулагдсан. Нэг үгээр хэлбэл, зургаан сартай хүүхдээс 600 сая ам.доллар нэхээд байгаатай адил зүйл болох гээд байна. Гэхдээ асуудлыг хурдан шийдэхийн төлөө ажиллаж байгаа. Ер нь зах зээлд дээр санхүүжилт, мөнгө босгох ажилд наанадаж 2-3 сарын хугацаа орж байна” хэмээн ярьжээ. Хөлд орно, удахгүй хэлд орно гэж Хөгжлийн банкаа дээр доргүй эрхлүүллээ шүү дээ. Яасан эрхэлж ханадаггүй, байгуулагдаж чаддаггүй Хөгжлийн банк вэ.

Бонд тойрсон асуудал ихээхэн төвөгтэй болж хувирлаа. Муйхар зан мухардалд хүргэдэг гэдэг. “Хөгжлийн банк бонд гаргах гэж байгааг тэнэглэл гэж л ойлгож байна даа” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Амаржаргал Ерөнхий сайд С.Батболдод хандан Хөгжлийн банкны асуудлаар асуулга тавьжээ. Асуулгадаа “Монгол Улс нь биш Хөгжлийн банк нь бонд гаргаад байгааг ойлгохгүй байна. Уг нь Засгийн газар нь гаргаж байж олон улсын зах зээл дээр Монголын үнэ цэнэ тогтож чадна” хэмээн тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр “Засгийн газрын үнэт цаасны суурь хүү олон улсын зах зээлд тогтож амжаагүй энэ үед дөнгөж байгуулагдсан Хөгжлийн банкнаас хаалттай хэлбэрээр бонд гаргах нь хэр зохистой вэ. Дэлхий дээр Засгийн газрын бондоос өмнө үнэт цаас гаргаж жишиг хүү тогтоож байсан хөгжлийн байгууллагуудын туршлага бий юү” гэдэгт хариулт авахыг хүсчээ.
Манай улсын Засгийн газар түүхэндээ 263 тэрбум төгрөгийн бондыг зөвхөн дотоодын зах зээлд гаргасан туршлагатай. Бонд гаргах чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин ч дутмаг байна. Өөрөөр хэлбэл, шахаанд орсон Хөгжлийн банкинд 800 тэрбум төгрөгийн бонд нь шантааж болж байх шиг ээ.

Хөгжлийн банкны бондыг анх хаалттай хэлбэрээр арилжаалахаар төлөвлөснөө сүүлдээ “хаалттай болон нээлттэй” хэлбэрээр болгон өөрчилжээ. Ер нь энэхүү байгуулагдаж дуусдаггүй сайхан нэртэй банкны маань үйл ажиллагаа, бонд арил­жаалах байдал нь ч учир битүүлэг байгаа талаар мэргэжлийн хүмүүс ярьж байна. Энэ байдлаараа дэлхийн санхүүгийн зах зээл дээр Монголоор овоглосон Хөгжлийн банкны бонд мөддөө гарахгүй нь бололтой. Хоног сар алдах тусам шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд хойш суух нь. Хөгжил ч биднээс алсрах нь мэдээж. Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Рожер ван дэн Бринк “Хөгжлийн банкны бондын тооцоо ч алга” хэмээн халаглан ярьсан удаатай. Бонд гарахад наад зах нь нэг жил шаарддагийг Дэлхийн банкныхан хэлж байна. Тухайн төслийн техник, эдийн засгийн үндэслэл, ашиг гээд олон зүйлийг тооцох учиртайг ч бидэнд санууллаа. “Бонд гаргагч төлбөрийн чадваргүй болох, дампуурах эрсдэл бий. Барьцаанд тавьсан хөрөнгийг худалдан борлуулж, бондын төлбөрийг барагдуулахаар хуулинд тусгасан нь эрсдэлээс хамгаалж буй нэг арга юм” гэж Монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч компани болох “Би Ди Сек”-ийн Хөрөнгө оруулалтын албаны менежер Ц.Цог ярьсан юм.

Иргэд, бусад хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэл болох Засгийн газрын хямдруулсан бондыг илүү сонирхдог хэмээн хөрөнгийн захын мэргэжилтэн тайлбарлаж байв. Одоогоор хөрөнгийн биржид 120 гаруй тэрбум төгрөгийн бонд арилжаалаад байна. Бондын захын гол худалдан авагч нь арилжааны банкууд. Тэднийг бодлогын хүүгээр дэмжигч нь Монголбанк. Хэрвээ банкууд бондын арилжаанд оролцохгүй тохиолдолд тухайн өдрийн арилжаа саатах эрсдэлтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид 300 тэрбум төгрөгийн бондын арилжаанд олонх бус цөөнхийн байр сууриар оролцож байна. Манайхан бондын зах зээлдээ хэр дүн шинжилгээ хийсэн юм бол. Бонд худалдан авах эрэлт манайд байсан ч юм уу, үгүй ч юм уу.

Эдийн засагч Д.Жаргалсайхан “Аль нэг улсын Засгийн газар 10-30 жилийн хугацаатай өрийн бичгээ гадаадын зах зээлд гаргахыг бие даасан улсын өр гэдэг. Хувь хүн биш, хувийн компани биш, өөрөө татвар цуглуулж чаддаг Засгийн газар нь бонд гаргадаг учир хөрөнгө оруулагчид өрийн бичгийг нь худалдан авч хугацааны эцэст гаргасан хөрөнгөө хүүгийн хамт эргүүлэн авдаг. Энэ хөрөнгө оруулагчид болон хувь хүмүүс, компаниуд, хөрөнгийн сангууд, өөр улсын Засгийн газар зэрэг санхүүгийн зах зээлийн гол тоглогчид. Засгийн газар нь иймд бонд гаргаж, олон улсын санхүүгийн далайд гарч чадвал тухайн орны хувийн компаниуд ч дагаад гарах боломж нээгддэг” хэмээн “Бонд-далайн гарц” нийтлэлдээ өгүүлжээ.

Бондоо хэрхэн арилжаалах талаар ур ухаанаа уралдуулах зуур саяхан Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргыг сольж, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалыг томиллоо. ТУЗ-ийн даргын томилгоог бонд арилжаалах үйл явцтай холбоотой болов уу гэж таамаглаж байхад нэг хэсэг нь үүнийг улстөржүүлэх болов. “Уг нь Хөгжлийн банкны 150 тэрбум төгрөгийн бондыг дотоодод гаргахаар энэ оны зургадугаар сард ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэсэн боловч Сангийн яамны 300 тэрбум төгрөгийн бондыг зах зээлд гаргаж, хүүг нь 7-11 хувиар тогтоосон нь Хөгжлийн банкны бондыг дотоодод арилжаалах боломжийг үлэмж багасгасан” хэмээн ҮХШХ-ны дарга Ч. Хашчулуун учирлалаа. Хуулиараа Хөгжлийн банкны бондыг гаргахад зээлийн хүү нь зах зээлийн хүүгээс доогуур байх ёстой ажээ. Гэтэл Хөгжлийн банкны бондын хүүнээс Сангийн яамны бонд, Төв банкны үнэт цаасны хүү өндөр байгаагаагаас болж хуультай харшлах болж. Иймээс гадаадын зах зээлээс санхүүжилтийн хөрөнгө татах шаардлагатай болсон хэмээн тэрбээр тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, дотоодын зах зээлд байгаа илүүдэл хөрөнгийн үнэ нь Хөгжлийн банкны бондын хүүгээс илүү өндөр байгаа учраас хөрөнгө дайчлахын тулд олон улсын зах зээлд илүү хямд өртгөөр үйл ажиллагаагаа явуулах нь оновчтой аж.

Сангийн яамны 300 тэрбум төгрөгийн бонд, Хөгжлийн банкны гаргах 800 тэрбум бонд нийлээд манай дотоодын зах зээлийн санхүүгийн “тогооноос” халих учраас Засгийн газраас гадаадаас хөрөнгө босгох зөвшөөрлийг Хөгжлийн банкинд олгосон юм байна. Харамсалтай нь Хөгжлийн банк гадаадаас хөрөнгө босгох асуудалд алгуурласаар...
Хэрэв бондоо гадаад зах зээлд энэ ондоо амжаад гаргалаа гэж бодоход хүүг бууруулах боломжийг олгодог гол хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийдэг “private placement” аргыг сонгохоор тохиролцсон байна. Энэхүү хүү бууруулах хэлэлцээр хийдэг арга нь илүү хямд эх үүсвэрийг бий болгодог аж. Гэхдээ цаг хугацааны хувь 1-2 жил зарцуулах төлөвтэй байдаг хэмээн эдийн засагчид тайлбарлажээ. Энэ мэт хөрөнгийн зах зээлд бондоор тоглож болдоггүйн горыг манайхан эхнээсээ мэдэрч эхлэв. Хөгжлийн банкны бондод хөл ургаад дэлхийн зах зээлийг зориосой.

Монголбанкны Ерөнхийлөгч Д.Пүрэвдорж “Хөгжлийн банк бол сайн, муу хоёр талтай. Сайн аваад явбал тус болдог. Муу авч явбал эдийн засагт тогтворгүй байдал үүсгэдэг. Юу ч болсон Хөгжлийн банкийг байгуулаад үзье” хэмээн өөрийн болоод Төвбанкны байр сууриа илэрхийлж байсан юм.