Хөгжлийн гацаа гарц болох цаг айсуй

Хөрөнгийн зах зээлийн хөрсийг шинэчилж, хөгжих гарцыг тавьж өгөх зорилгоор Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран цогц мастер гэрээг үзэглэсэн. Тус гэрээний хүрээнд эхний ээлжинд олон улсын жишиг технологи Миллениум IT системийг суурилуулж өдөр тутмын арилжааг тус системээр явуулах болсон. Өнгөрсөн сард МХБ-ийн нэг өдрийн арилжааны дундаж дүн 50 сая байсан бол шинэ оны дараах найм хоногт ойролцоогоор хоёр дахин нэмэгдэж дунджаар 100 сая болоод байна.

Түүнчлэн салбарын мэргэжилтнүүдээ чадавхжуулах ажлын хүрээнд өнгөрсөн онд 60 гаруй холбогдох хүмүүсийг Лондон хотноо сургалтанд хамруулсан билээ. Тэгвэл энэ сарын сүүлээр Лондонгийн хөрөнгийн биржийн хөрсөнд дүн шинжилгээ хийж, онол практикийн хосолмол сургалтанд хамрагдахаар 20 гаруй санхүүгийн салбарын мэргэжилтэн Англи улсыг зорих гэж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ сарын долоонд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барисан нь тус зах зээлийн хөгжлийн гацаа гарц болох цаг хугацаа ойртож буй гэх сайхан мэдээлэл байна. Тус хуулинд “Үнэт цаасыг нийтэд санал болгоход тавигдах шаардлага, танилцуулгад тусгах мэдээлэл, уг ажиллагаанаас үүсэх эрсдлийг бууруулахад чиглэсэн хариуцлага, мэдээлэх үүрэг, суурь үнэт цаасыг үндэслэн хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон харилцааг нарийн тодорхойлсон” хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэллээ.

Манай компаниуд хувьцаагаа давхар бүртгэлийн хүрээнд дотоод болон гаднын зах зээлд гаргах хэрэгцээ нэмэгдэж байгаа ч үнэт цаасны давхар бүртгэлийн асуудал одоогийн хууль тогтоомжинд байхгүй байгаа билээ. Түүнчлэн Монгол улсын эдийн засгийн хөгжил хурдацтай өсөж буй энэ үед хөрөнгийн зах зээлээ чадавхжуулж, хөрөнгө татах эх үүсвэрээ төрөлжүүлэх нь улсын ирээдүйг тодорхойлох томоохон сорилт гэдэг үүднээс тус хуулийг батлах шаардлага хаянд тулаад байгаа юм.

Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ чиг хандлагаас үүдэн зах зээлийн оролцогчдод тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээний хэм хэмжээ, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байгаа. Тухайлбал, 2006 онд 25 дилерийн компани үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тоо 2011 оны эцэс гэхэд 88 болтлоо эрс өсчээ.

Энэ нь хөрөнгийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй холбоотой хэдий ч одоогийн хуульд дээрх төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага төдийлөн өндөр биш байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Одоогийн жижиг зах зээлийн хувьд олон брокер дилерийн компани бий болсон нь ашиггүй ажиллах бас нэгэн үндэслэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.