Хөгжлийн хэмжүүр: Амьдралын чанар

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, “Британийн Монголчуудын холбоо” хамтран “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг өнгөрсөн онд Лондон хотноо зохион байгуулсан билээ. 2005 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй чуулганаар Орос, Швед, Герман, Голланд, Ирланд, Люксенбург, Польш, Португали зэрэг дэлхийн олон улсад амьдарч, суралцаж буй монгол оюутан, залуус эх орныхоо хөгжил цэцэглэлт, түүнд оруулах хувь нэмрийн талаар илтгэл хэлэлцүүлдэг уламжлалтай юм. Өнгөрсөн жил болсон чуулганаар хэлэлцсэн илтгэлүүдээс түүвэрлэн, цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа бид ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Мельбурнийн их сургуулийн Хөгжил судлалийн оюутан, магистр Б.Чинүүхэйн илтгэлийг хүргэж байна.

Хөгжлийн хэмжүүр: Амьдралын чанар

Хөгжлийг шинжлэх ухааны үндэстэйгээр судлах болсноос хойш буюу өнгөрсөн оны дунд үеэс “Дотоодын нийт бүтээгдэхүүн” гэсэн ерөнхий хэмжүүрээр хөгжлийг тодорхойлж ирсэн. 1980-аад оны сүүлээс дэлхий дахинаа өрнөж буй даяарчлалтай холбоотойгоор энэхүү хэмжүүр явцуу, өрөөсгөл болсон нь олон шалтгаантай ч, үндсэн шалтгаан нь хүнийг хөгжлийн төвд тавих болсонтой холбоотой.

Хүнийг бүх талаар хөгжүүлж, тав тухтай, хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шинэ агуулгаар хөгжлийн ухагдахуун баяжигдаж, энэ нь эдүгээ дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн нарийвчилсан үзүүлэлтүүдээр бүрдсэн “Хүний хөгжлийн индекс”-ийг улс орнууд хөгжлөө тодорхойлоход өргөнөөр ашиглаж байна. Үүний зэрэгцээ “Амьдралын чанар” хэмээх хэмжүүр хөгжлийг тодорхойлох гол хэмжүүр болж байгааг улс орнууд хүлээн зөвшөөрч эхэлж байна. Энэ талаар Франц, Британи гэх мэт Өрнөдийн төр, засгийн тэргүүн нараас дэвшүүлж буй санал санаачилга болоод “Үндэсний нийт аз жаргал” гэсэн хэмжүүрээр БНХАУ хөгжлөө тодорхойлох болсон зэрэг нь үүний тодорхой жишээ болно.

Монгол Улсад уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж, эдийн засаг огцом хөгжиж, ард түмэнд хүртээх ашиг шим үлэмж хэмжээгээр нэмэгдэх энэ түүхэн зурвас үед хөгжлийн талаарх шинэ сэтгэлгээ юунаас илүү ач холбогдолтой байна. Монголын улс төрийн намуудаас дэвшүүлж буй шинэ санал, санаачилга амьдралд хэрэгжиж, улс орны хөгжлийг орчин цагийн ухагдахуунаар ойлгож хандах явдал нь хөгжлийн шинэ хэмжүүр болох амьдралын чанарыг хэр зохистойгоор хэрэглэхээс хамаарна. Хэрвээ уламжлалт эдийн засгийн хэмжүүрүүдээ шүтэж, хөгжлийг материаллаг болон объектив талаас нь үргэлжүүлэн хандвал баян хоосны ялгаа улам ихэсч, цөөн элитээр удирдуулсан улс болон хувирч, иргэдийн төрөөс хэт хамааралтай байдал улам даамжирч, нийгмийн дийлэнх нь идэвхгүй халамж хүртэгчид болох ирээдүй Монгол Улсыг угтаж, хүсэн хүлээсэн сайн сайхан амьдрал мөрөөдөл болон замхрах нь илэрхий юм.