​Хөдөөг анхаар

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай тоо дүнгээ нэгтгэсний эцэст удтал хүлээлгэсэн “Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын тооцооны үр дүнг өнгөрсөн сард зарлав. Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа тухай мэдээ олон нийтийг сэртхийлгэсэнгүй. Угтаа бол муу, маш муу мэдээ билээ.

Улсын хэмжээнд 907.5 мянган хүн (2016 оны байдлаар) ядуу амьдарч байгаа нь хоёр жилийн өмнөхөөс 270 орчим мянгаар өссөн дүн. Ядуурлын шугам буурчихаад байхад шүү дээ.
Mongolian Economy сэтгүүл ядуурал ямар хэмжээнд байгааг харуулах зорилгоор бодит сурвалжлагуудыг тогтмол хийж ирсэн. Нэг удаагийн сурвалжлагаар хэд хэдэн өрхийн амьдрал ахуйтай танилцдаг билээ. Өвчин зовлон, боловсрол, тухайн иргэний унхиагүй байдал гээд ядуу амьдралын шалтгаан олон. Гэхдээ нэг нийтлэг зүйл байдаг нь тэд бараг бүгд хөдөө орон нутгаас нүүж ирсэн байдаг.
Мал дагавал ам тостоно гэдэг атал тэд яагаад Улаанбаатарыг зорьж энэ зүдрүү амьдрал руу тэмүүлнэ вэ? Энэ удаад хариултыг хэн нэгний гэрээс хийсэн сурвалжлага бус тоо баримт илүү тодорхой өгүүлж байна.
Статистик баримтаас харахад Улаанбаатар дахь ядуурлын түвшин улсын дунджаас харьцангуй бага ч хөдөө орон нутагт ядуурал илүү хурцадмал болох нь. Товчхондоо, тэд амьжиргаагаа сайжруулахаар Улаанбаатарыг зорьдог. (Яг үнэндээ би ч сайн сайхан амьдралын төлөө Улаанбаатарт аж төрж байгаа ч хөдөө орон нутгийн харьяат нэгэн).
Гудамжинд хаягдал сав түүж яваа нэгнийг хөдөө гарч, мал маллаж болдоггүй юм байх даа гэх бодол төрж байсан биз. Гэтэл Улаанбаатарт амьдарч буй дөрвөн хүн тутмын нэг нь ядуу байгаа бол бэлчээр хөдөөд энэ тоо таван хүн тумын хоёр болж өснө. Тэгэхээр хотод ядуу амьдрах магадлал хөдөөгийнхөөс бага байгаа энэ нөхцөлд нийслэлд хүн амын өсөлт, гэр хорооллын тэлэлт, агаарын бохирдол яагаад ийм хурдацтай өсч байгаа нь тодорхой.
Өнгөрсөн сарын 17-нд статистик мэдээг танилцуулахдаа албаныхан хотын иргэдийн хэрэглээний түвшин хөдөөгийнхнөөс илүү буурсаныг онцолж байв. Буурсан хэмжээг тооцвол энэ үнэн. Гэвч хөдөөгийн иргэдийн хэрэглээ ямагт хотынхноос бага байж ирсэн нь мөн л үнэн. Хоёр жилийн өмнө нийслэлд нэг хүнд ногдох сарын хэрэглээ дунджаар 290 мянган төгрөг байсан бол 2016 онд 41 мянган төгрөгөөр буурсан. Тэгвэл хөдөө орон нутгийн статистикаас үзвэл хэрэглээ 20 мянган төгрөгөөр буурч 209 мянган төрөг болжээ. Хот хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгдсэн байна. Тайланд дурьдахдаа “Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын түвшин 10.1 нэгж хувиар өссөн байна. Тодруулбал, хөдөөд ядуурлын түвшин 2014 онд 2012 оныхоос 11.7 пунктээр буурчээ. Харин 2016 онд эргээд 10.1 пунктээр өссөн нь ядуурлын шугамын дөнгөж дээр байсан өрхүүд эдийн засаг, нийгэм, байгаль, цаг уурын багахан хүндрэлд өртөж, буцаад ядуурлын шугамын доор орсныг харуулж байна” гэжээ.
НҮБ-д бүртгэлтэй дэлхийн улс орнууд 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг санал нэгтэйгээр баталсан. Нийт 17 зорилтын нэгдүгээрт “Орон бүрт ядуурлын бүх төрлийг арилгах” гэж бичээтэй. Энэ зорилго 2030 он гэхэд бүрэн биелсэн байх ёстой. Гэвч ганцхан жилийн дараах статистик Монгол Улс энэ зорилтод хүрч чадна гэх итгэлийг мохоож байна.
Нөгөөтэйгүүр ядуурлыг устгах зорилт хамгийн эхэнд буй нь ч учиртай. Хэрэв ядуурал үгүй бол өлсгөлөн үгүй, цаашлаад эрүүл мэнд, чанартай боловсрол, тэгш бус байдал, эдийн засгийн өсөлт ба зохистой хөдөлмөр зэрэг бусад зорилтод хүрэхэд амар байх нь ойлгомжтой. Ялангуяа Монголд хөдөөгийн ядуурлыг бууруулснаар, бүр тэглэснээр маш олон асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох боломж харагдаж байна.