Хөдөө аж ахуйн биржийн ТУЗ-ийг томилж, журмыг танилцуулав

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн туршилтын анхны арилжаа ноолуурын гарц ихтэй гэдгээр нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт гуравдугаар сарын 18-нд болох бөгөөд үүнтэй холбогдох бэлтгэлийн ажлуудыг хийж буй. Энэ хүрээнд өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд биржтэй холбогдох дүрэм журам, зохицуулалтын талаар биржийн зохицуулах зөвлөл болон ажлын хэсгийнхэн ярилцаж байна. Энэ үеэр Засгийн газрын тогтоолын дагуу “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүдийг томилогдсон талаар мэдээллээ. Түүнчлэн биржээр арилжаалах барааны хадгалалт, тээвэрлэлтийн журмыг боловсруулсан байна.

Тээвэрлэлтийн журмын тухайд барааг тээвэрлэх байгууллага нь битүүмжлэлтэй /шороо, тоос, ус, салхи нэвтрэхгүй, тусгай нөхцөлд хөргүүртэй/, тохирсон даацтай, хөдөө орон нутгийн зам туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл, мэргэшсэн жолоочтой байх, барааг агуулахаас авто тээврийн хэрэгсэлд ачиж хүлээн авснаас хүлээлгэн өгөх хүртэлх үеийн барааны чанар, бүрэн бүтэн байдлыг тээврийн байгууллага бүрэн хариуцаж эрсдлийг хүлээх зэргээр тусгажээ.

Барааг түүхий эд бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авагч хүртэл барааны хадгалалтын асуудлыг хадгалалтын журманд биржийн барааг агуулахад хүлээн авахдаа зориулалтын цахим программд бүртгэх, хаяг, кодыг баглаа боодлын аль нэг тал дээр үсэг, тоог тод харагдахаар гадны нөлөөнд арилахгүй будаг, бэхээр бичих, савлаж багласан барааг шалнаас дээш 15-20 см өндөрлөсөн тавиур дээр, хананаас 0.5 м-ийн дотогш зайд хурааж хадгалах зэргээр эрүүл ахуй, хадгалалтын шаардлагыг хангасан байхаар заасан байна.

Ийнхүү улсдаа анх удаа хөдөө аж ахуйн биржтэй болсоноор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нөөц, үнийг тогтвортой байлгах, худалдааны салбарыг цэгцтэй болгох, түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн хийж дотоодын хэрэглээгээ хангах, цаашдаа экспортлох боломж бий болох юм.