Хөдөө аж, ахуйн гаралтай бараа түүхий эдийн бирж байгуулна

Хөдөө аж, ахуйн орон гэж нэрлэгддэг манай улс жилдээ 1.1 их наяд төгрөгийн мал аж ахуйн гаралтай түүхий эд зах зээлд нийлүүлдэг. Энэ нь малчдын амьжиргааг залгуулдаг малынх нь ноос, ноолуур,арьс шир билээ. Ялангуяа хаврын цагт ноолуураа аль болох өндөр үнээр авч буй түүхий эдийн цэг эсвэл ченжид өгч, хэдэн төгрөг ахиу олохыг хүсдэг. Гэхдээ манайд өдийг хүртэл малын түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлэн авдаг тогтсон, үр дүнтэй тогтолцоо одоо болтол бий болоогүй байна. Тиймээс үүнийг өөрчилж улсын хэмжээнд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржтэй болох талаар сүүлийн жилүүдэд багагүй яригдаж өнгөрсөн оны зургадугаар сард Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль батлагдсан. Үүнтэй холбоотойгоор манай улс хөдөө, аж ахуйн нэгдсэн биржтэй болохоор салбарын яам, холбогдох байгууллагууд хамтран ажиллаж эхлэсэн талаар өчигдөр сэтгүүлчдэд хийсэн сургалтын үеэр мэдээлсэн юм

Энэ үеэр “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж” төслийн нэгжийн захирал Л.Мөнхбатаас бирж байгуулах хэрэгцээ шаардлага, төслийн ажлын явцын талаар товч тодрууллаа.
-Манай улсад хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах ямар хэрэгцээ шаардлага байна вэ?
-Дэлхийн ихэнх оронд сүүлийн 20 жилийн хугацаанд дотооддоо болон гадаадад үйл ажиллагаа явуулдаг түүхий эдийн бирж олноор байгуулах болсон. Манай улсад малчдад малын гаралтай түүхий эдээ худалдаалах, үйлдвэрлэгчид түүнийг худалдаж авах хэрэгцээ ихээхэн байсаар байгаа ч тэр бүр нэгдсэн хангалттай системтэй байж чадахгүй байна. Тиймээс малчдын амьжиргааны түвшин тогтворгүй байх, үндэсний үйлдвэрүүд түүхий эдээр дутагдах, бэлтгэлийн нийт зардал харьцангүй өндөр байна. Энэ байдлаасаа бид гарах арга хэмжээ яаралтай авахгүй бол гадаад улсын түүхий эдийн бааз болох эрсдэл ч бий.
- Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг хэрхэн зохион байгуулах вэ. Ямар хэлбэрээр үйл ажиллагааг нь явуулах вэ?
- Төрөлжсөн нэг хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг байгуулна. Бирж нь нэг ёсондоо малчин, үйлдвэрлэгч хоёрыг холбож өгөх гүүр болно гэсэн үг. Ингэхдээ малчин салбарын яамнаас гаргасан жагсаалтад багтсан түүхий эд, бүтээгдэхүүнээ сумандаа байгуулагдсан хоршоогоороо дамжуулж бирж дээр гаргаж худалдаалах юм. Харин үйлдвэрлэгчид, худалдан авагчид нь мөн биржээрээ дамжуулж хэчнээн хэмжээний ямар түүхий эд авахаа захиална гэсэн үг. Нэг ёсондоо бирж нь зориулалтын байртай байх бөгөөд арилжааг зохион байгуулах программ хангамж, цахим сүлжээтэй байх юм. Түүгээр дамжуулж орон нутгийн малчин иргэд арилжаанд орно гэсэн үг. Харин биржийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж ажиллана.
- Бирж байгуулагдсанаар ямар ач холбогдолтой вэ?
- Малчид, үйлдвэрлэгчид цаашлаад улс орны эдийн засагт ихээхэн үр дүнгээ өгнө. Юун түрүүнд түүхий эд бэлтгэлийн тогтсон тогтцолцоотой болно. Ингэснээр оролцогчдыг зах зээлд нэвтрэх боломжийг нээж өгч тэдний хариуцлагыг өндөржүүлж, тэгш байдлыг хангана. Мөн бараа түүхий эдийн чанар сайжирч, агуулах, тээврийн үйлчилгээ нэмэгдэн, түүхий эдийн зах зээлийн ил тод байдал сайжирна. Дунджаар 500-1000 ажлын байр шинээр бий болно. Брокер, банк санхүү, даатгал, мэдээллийн технологийн салбарт ч сайн нөлөө үзүүлнэ.
- Түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ ханш одоогийнхоос буурна гэж ойлгож болох уу?
- Бид түүхий эд бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үнэд хяналт тавина гэсэн ойлголт байхгүй. Үнэ зах зээлийн харилцаагаараа л зохицуулагдана гэсэн үг.