Хөдөө, аж ахуйн салбарынхан нэг дор чууллаа

Амтай бүхэн уул уурхай, ашигт малтмалаасаа хувь хүртэхийг хүсч, ярьж буй энэ үед бид ирээдүйгээ харсан бодлого явуулж, хүнс, хөдөө ахуйн салбараа хөгжүүлэх нь чухал гэдгийг энгийн иргэн, эдийн засагч, бизнес эрхлэгч, улстөрч гээд хэн хүнгүй сануулах болсон. Тэгвэл өнөөдөр 80 мянга орчим хүнийг ам бүлдээ багтаасан хамгийн олон ажлын байр бий болгодог хөдөө, аж ахуйн салбарынхан Сүхбаатарын талбайд цуглаж, өнгөрсөн дөрвөн жилийн алдаа оноо, амжилт бүтээлээ олон нийтэд танилцуулж, хямдралтай үзэсгэлэн худалдаа явууллаа. ХХААХҮЯ болон ЖДҮГ, бусад мэргэжлийн холбоодын төлөөлөл ч энэ үеэр өнгөрсөн хугацаанд хийсэн хууль эрх зүйн шинэчлэл, салбарын тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн зорилтын талаар танилцуулсан юм. Газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, жижиг дундынхны төлөөлөл болгон шинэ бүтээл, шинэ санааг ажил хэрэг болгон хэрэгжүүлж буй аж, ахуйн нэгж байгууллагуудыг үзэсгэлэнд урьж оролцуулж буй гэдгийг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баярмагнай онцолсон. Түүнчлэн “Сүү”, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг томоохон компаниуд ч бүтээгдэхүүнээ танилцуулж, үйлдвэрийн үнээр иргэдэд худалдаалж байсан. Халуун нар шарж буйг үл ажран, хүүхэд залуучууд, настай хүмүүс Сүхбаатарын талбайг зорин ирж сүү, тараг, талхнаас эхлээд эм, эмийн бүтээгдэхүүн, арьс ширэн эдлэл, хувцас, модон тавилгыг хямдралтай үнээр худалдан авч байлаа. Түүнчлэн хурлын нээлтэд Ерөнхий сайд С.Батболд салбарын яам, агентлагийн төлөөлөл оролцон үг хэлсэн. Мөн үдээс хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнтэй танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонссон. Үзэсгэлэнгийн үеэр иргэд арьс, ширэн бүтээгдэхүүн тэр дундаа савхи, хувцас эдлэл, цүнх, бүсийг ихээхэн сонирхож байсан. Мөн “Марс трейд” компанийн хөлний массаж хийх модон хавтанг олон хүн сонирхож байсан. Энэ үеэр зарим үйлдвэрлэгч болон мэргэжлийн холбоодын төлөөллөөс холбогдох үзэсгэлэн болон үйлдвэрлэлийнх нь талаар сонирхсон юм.

Т.Энхтөр / Монголын арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий менежер/
- Өнөөдөр ХХААХҮЯ дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байна. Салбарын зүгээс тодорхой хэмжээний бодлого явуулсан. Гэхдээ салбарын мэргэжлийн холбоод, үйлдвэр компаниудын төлөөллийн дуу хоолойг энэ хугацаанд хангалттай сонсоогүй. Уг нь мэргэжлийн холбоодын төлөөлөл салбартаа ямар асуудал бугшиж бий болоод буйг сайн мэддэг хүмүүс. Бид саяхан холбооныхоо зүгээс судалгаа хийж үзсэн. Тэгэхэд жилдээ бид 165 сая долларын түүхий эд Аргентин, Бразил, Итали зэрэг орноос Хятадаар дамжуулж импортолж авч байна. Гэтэл манайх жилд дотооддоо 10 сая малын арьс, шир бэлтгэдэг. Үүний ихэнхийг нь түүхийгээр нь гаргаж байгаа юм. Гэтэл хүн ам ихтэй, ядуу буурай зарим улс нэмүү өртөг шингээж, олон ажлын байрыг бий болгодог хөдөө, аж ахуй, тэр дундаа арьс ширний салбараа аль болох дэмжих бодлого явуулж байна. Жишээ нь, Энэтхэг, Пакистан, Хятадад гүн боловсруулалт хийсэн арьсаа экспортлохыг төрийн бодлогоороо хориглож, эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлд явж байна. Тэгэхээр манайх энэ салбарынхаа нөөц бололцоог зөв ашиглах хэрэгтэй юм.

Д.Энхтуяа /“Марс трейд” компанийн үйлдвэр эрхэлсэн дэд захирал/

-Манайх бүх төрлийн ширээ сандал, номын тавиур гэх мэт бүх төрлийн модон эдлэл хийдэг компани. Өнөөдрийн үзэсгэлэнд оролцож, иргэдэд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж байгаадаа баяртай байна. Ялангуяа хөлний массаж хийдэг “Пирамид” нэртэй модон гишгүүрийг иргэд их сонирхож байна. Өглөөнөөс хойш 10 орчмыг зараад байна. Энэ гишгүүр нь өтгөх хатах, ходоодны шархлаа, гэдэс дүүрэх, толгой өвдөх, хоолойн мах, нойргүйдэлт, астмаас урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой. ХХААХҮЯ-ны жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлд хамрагдсан байгаа. Гэхдээ ажлын байр нэмэгдүүлэх болон борлуулалтаа сайжруулж, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд зайлшгүй санхүүгийн асуудал тулгарч байна. Тиймээс бага хүүтэй, хугацаа урттай зээл авах боломжийг бүрдүүлж өгвөл бид үйлдвэрлэлээ илүү өргөжүүлнэ.

Ц. Оюунбилэг /“Мөнгөн унага” өрхийн үйлдвэрлэлийн тэргүүн/

-Би нөхөр, хоёр хүүхдийн хамт 2006 оноос хойш арьс, ширэн бүтээгдэхүүний өрхийн үйлдвэрлэлийг явуулж байна. Эхлээд бор зүрхээрээ зүтгэж байсан ч таван жилийн өмнөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих жилийн долоон хувийн хүүтэй, таван жил хүртэл хугацаатай зээлд хамрагдаж 20 сая төгрөгийг зээлсэн. Одоо зээлээ төлөөд дуусч байна. Бид зээлээрээ тоног төхөөрөмжөө худалдаж авсан. Манай бүтээгдэхүүний хувьд зах зээлийн эрэлт хэрэгцээ байгаа боловч бид мөнгө муутайгаас хүссэн хэмжээндээ үйлдвэрлэж чадахгүй байна. Манайх Улаан-Үүд, Эрээн, Шиньжян, Уйгарт үзэсгэлэн худалдаанд оролцож, өөрсдийн арьс, ширэн бүтээгдэхүүн ялангуяа арьсан дашмагаа танилцуулсан. Тэндэхийн иргэд манай бүтээгдэхүүний худалдаж авах хүсэл сонирхол их байгаа нь харагдсан. Дотооддоо ч гэсэн манай арьсан дашмаг болон бусад бүтээгдэхүүнийг иргэд худалдаж авах хүсэл их бий. Энэ мэтчилэн уг нь эрэлт, хэрэгцээ нь бүрэн байгаа ч бид хүрч чадахгүй байна. Тиймээс үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, ажлын байраа томосгож, өөрсдийн гэсэн лангуутай болчихвол бусдыг ажлын байраар хангахын зэрэгцээ бидэнд ч үр өгөөжтэй байна. Энэ тал дээр нь төр засгийн зүгээс зөв бодлого явуулж, жижиг дунд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлээд өгвөл олон хүний амьдралд үр өгөөжөө өгнө гэж би боддог.